“Засгийн газар амрах эрхгүй” хэмээн нэлээд зоригтой хэлж байсан Н.Алтанхуягийн Засгийн газар амарсаар л байна. Уг нь Засгийн газрын сайдууд уржигдар ажилдаа орно хэмээн мэдээлж байсан ч ороогүй. Харин өчигдөр ажилдаа орох болов уу гэж байтал бас л  орсонгүй. Сайдуудын амралт  энэ сарын 16-наас албан ёсоор эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 16 хоног амраад байгаа юм. Амралтынх нь хугацаа дууссан. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах намрын улирал хаяанд ирчихээд байхад Засгийн газрын гишүүд санаа амар амарч байгаад олон хүн шүүмжлэлтэй хандахаас гадна ирэх бямба гараг болох Засгийн газрын хуралдаан болохгүй байж магадгүй хэмээн хэвлэлүүд онцолж байна.

Засгийн газрын тэргүүн ч яах вэ амрах зуураа энэ онд багтааж ашиглалтад оруулах автозамын шинэчлэл завсарын ажилд санаа зовнин ажлын явц болоод чанарыг нь шалгасан. Харин Засгийн газрын гишүүд тайван гэгч нь амарсан. Нэгэнт л Хөдөлмөрийн хуулиа даган амарсан юм чинь цаг хугацаандаа ажилдаа орж, хийж, хэрэгжүүлэх ажилдаа санаа тавьсан нь дээр юм шиг. Зуны сар зургаа, намрын сар найм биш учир мөдхөн өвөл боллоо.

Сайд нарыг амрах хооронд дэд сайдууд болон Төрийн нарийн бичгийн дарга нар арын албанд үлдсэн. Энэ хооронд Шадар сайд Д.Тэрбишдагваар удирдуулсан Улсын онцгой комиссын хоёрдугаар хурал болсон. Тус хуралд арын албыг хариуцан үлдсэн, дэд сайдууд болон төрийн нарийнууд оролцсон бөгөөд тэдэнд Шадар сайдын зүгээс хийж хэрэгжүүлэх хэд хэдэн үүрэг даалгаварыг өгсөн билээ. Тодруубал Баян-Өлгий аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэхэд шаардагдах багаж, хувцас хэрэглэл, ариутгал, халдаргүйжүүлэлтийн бодисоор орон нутгийг тасралтгүй хангаж ажиллах, мөн шаардлагатай  хөрөнгийн асуудлыг  ирэх Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж, шийдвэрлүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад, Засгийн газрын тогтоолын төсөл, үүссэн нөхцөл байдлын талаарх танилцуулга, шаардагдах зардлын тооцоог мэргэжлийн байгууллагуудаас  авч нэгтгэн холбогдох яамдын саналыг авахыг Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга Онцгой  байдлын хурандаа М.Энх-Амарт гээд олон хүнд үүрэг даалгавар өгсөн юм. Одоогоор Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Улаанхус сумын зургаадугаар багийн нутагт зэрэг зургаан газар шүлхий өвчин идэвхтэй гарч байгаа бөгөөд голомтод 567 малчин өрхийн 28 мянга 506 хүн, 114 мянга 182 толгой мал байгаа юм. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн  болон бусад холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд байдал бүрийг мэдээлж байгаа аж. Тус аймгийн Бугат, Толбо, Сагсай, Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумын чиглэлийн автозамд байнгын ажиллагаатай 10 хяналтын цэг байгуулж, өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд 11 байгууллагын 420 хүн, 65 тээврийн хэрэгсэл дайчлагдан ажиллаж вакцинжуулалтыг хийж байгаа юм. Энэ мэт ажлын үр дүн,  Шадар сайдын өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг Засгийн газрын хуралдаанаар ярилцах ёстой. Гэвч энэ долоо хоногт хуралдах хуралдаан болох эсэх тодорхойгүй байгаа юм.

Мөн “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ыг байгуулах ажлын хүрээнд энэ онд хэд хэдэн ажил гүйцэтгүүлэхээр тендер зарлаад байгаа. Төслийн ерөнхий зөвлөх, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад дэлхийд танигдсан туршлагатай хуулийн болон ерөнхий зөвлөхүүд оролцож байгаа бөгөөд тендерийн явц гэрээ байгуулах шатанд явж  байгаа ч хаанахын ямар компани юу хийхээр болсон нь тодорхойгүй байгаа.

Жил бүрийн өвөл нийслэлчүүдэд тулгардаг асуудал бол цахилгааны хэт ачаалал. Үүнээс болж цахилгааны доголдол үүсэх, цаашлаад хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж чадахгүйд хүрдэг. Хэрвээ өнгөрсөн жилийн байдлаараа энэ өвлийг угтвал өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийг хангаж чадахгүйд хүрнэ хэмээн мэргэжилтнүүд олон удаа давтаж хэлсний хүчинд сая нэг дэд станц нэмж барихаар болсон. Гэвч нөгөө тавдугаар цахилгаан станц барих газар одоо ч шийдэгдээгүй байна.

Өнөөдөр долоодугаар сарын 31-ний өдөр. Маргаашнаас намрын сар эхэлж, ургац хураалт, хадлан гээд их ажил айсуй. Гэвч Засгийн газрынхан маань ажилдаа ч ороогүй байдаг. Засгийн газарт ч хийх ажил их байна даа.

 

Ж.Баттуул