МАН-ын даргад өрсөлдөх “шанс”-тай таван залуутай танилц
2013/08/01
Монгол Ардын намыг ирэх намраас эхлэн хэн удирдах вэ. Энэ сарын 5-нд Бага хурлаас тов нь тодорч, ирэх намраас хуралдах тус намын Их хурал уг асуултад хариулт өгнө. Өнөөдөртөө бол намын дарга болохыг санаархагч хийгээд болгохыг хүсэгчдийн хүсэл хэрхэн нийцэхийг таашгүй. Гэсэн ч нам дотроо, тэр дундаа 1970-аад оныхон дундаасаа нэр бүхий таван залуу тодрох болов. Тэд хэн бэ. Нэрийг нь жагсаавал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар нар. Энэ нэрсийг хараад уншигч та ямар дүгнэлт хийхийг мэдэхгүй ч Ардын намын дарга болох магадлалтай тэдний ерөнхий фигурыг танилцуулахыг чухалчлав. Мэдээж өндөр нам, өргөн зузааныг нь бус улстөрчийнхөө хувьд хэн бэ гэдгийг хүргэх нь тодорхой.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 2000 оныг хүртэл бизнесийн салбарт ажиллаж ирсэн Ж.Энхбаяр гишүүнийг улс төрд орж ирэхэд нь хамгийн том нөмөр нөөлөг болсон хүн нь түүний аав. Учир нь байлдагчаас дэслэгч генерал болтлоо Монголын армийн түүхийг бичилцсэн Ш.Жадамбаа генералын найзууд хүүгийнх нь өмнөх замыг нээж өгсөн гэдэг. Тиймээс ч “Газар” ХХК-ийн захирлын албаас шууд богино хугацаанд Онцгой албан татварын гаалийн газрын дарга, Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар дэвшсэн гэж болно. Мэдээж дараагийн нүүдэл нь УИХ-ын гишүүн. Цаашлаад Батлан хамгаалахын сайд. Ингэж дэвшихэд улс төр талаас нь түшиж ирсэн гол түшиц нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэргүүтэй аавынх нь найзууд. Нэг ёсны ахмад үеийнхэн түүнийг МАН-ын даргад өрсөлдлөө гэхэд гараа өргөхгүй байна гэж байхгүй. Мөн тус нам дахь бизнесийн хүрээнийхэн нь ахмадуудтай хүч хавсрах боломжтой. Залуучуудын холбооных нь нөхөд хүч үзнэ гэвэл нь “Хэрэггүй” гэж хэлэхгүй л болов уу. Гэхдээ нам дунд нь Ж.Энхбаярт халгаатай ганц том төлөөлөл байгаа нь хотын фракц буюу М.Энхболдын багийнхан. Түүнчлэн улс төрд орсон цагаасаа хойш Ардчилсан намын залуустай ойртож нөхөрлөсний зэрэгцээ гэнэ гэнэхэн хувийн тоглолт хийж, өөрийгөө онцгойлох гээд байдаг зан нь дээд үеийнхнийх нь сэтгэлийг сэвтээсэн гэх юм билээ. Гэсэн ч Ж.Энхбаяр гэдэг хувь улстөрчийн шийдэмгий, зоригтой зан МАН-д дутагдаж буй гэдэгтэй маргаж мэтгэлцэхгүй зөвшөөрөх хүн захаас аваад олон.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Улс төр гэхээс илүүтэй бизнесийн намтраараа олонд танигдсан түүний нэр ч мөн л МАН-ын даргад яригдаж буй. Наад зах нь, долоодугаар сарын нэгний үймээний дараах мэдээлэл дунд МАН-ын шатсан байртай хамт С.Бямбацогт гишүүний уг байранд байсан татваргүй барааны дэлгүүрийн нөхөн төлбөрийн асуудал сөхөгдөж байв. Магадгүй тэдний компани тухайн үед “Манайх хохирол нэхэмжлэхгүй” хэмээн мэдэгдээгүй бол энэ яриа өнөөдрийг хүртэл үргэлжлэх байсныг үгүйсгэх аргагүй. Харин улстөрчийнх нь намтрыг сонирхвол 2008 оныг хүртэл “Нью прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албыг хашиж байгаад шууд л УИХ-ын гишүүн болчихсон нэгэн. Азтай гэмээр түүнийг 2000 оны дунд үеэс УИХ-ын дэд дарга М.Энхболдын тэргүүлдэг хотын фракцийнхан улс төрд оруулж ирсэн түүхтэй. Төрд болоод намдаа тодорхой үүрэг гүйцэтгэж алба хашиж үзээгүй тэрбээр намынхаа Удирдах зөвлөлд орсон цагаас эхлэн чамгүй том дуугарах болсон. Гадагшаа чиглэсэн шүүмжлэлээ дотоод руугаа чиглүүлж, Удирдах зөвлөлийнхөө хурал дээр үг хэлээд ч хэлсэн үгийг нь сонсох хүн байхгүй байна гэдгийг зарлаж орхисон удаатай. Үүгээрээ тэрбээр намынхаа одоогийн удирдлагын бухимдлыг төрүүлж, өөрийнхөө төлөө гар өргөх намынхаа нөхдөөс ирц хороосон гэж болно. Түүнчлэн нам дотор нь түүний талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зүгээр нэг нутгарахдаггүй гэх яриа гардаг бөгөөд тэдний байнгын уулзалт, ойрын харилцаа нь намынхныг нь түлхэж эхэлсэн гэх юм билээ. Мөн хамтдаа өсч дэвжсэн бизнесийн салбарынхантайгаа ч түнжин тааруу байдаг гэх бөгөөд Ж.Энхбаяр гишүүний нэгэн адил “хувийн тоглолт ихтэй” гэдэг сөрөг дүгнэлтийг өөртөө нааж орхисон гэмтэй. Түүний тухай энэ мэт дүгнэлтийг хийж болохын зэрэгцээ ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргынхаа хувиар сүүлийн үед олонд танигдах болсонтой нь маргах аргагүй.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Я.Содбаатар гишүүний тухайд 1990 оны дунд үеэс МАН-д элсч, МАСЗХ-г байгуулж, анхны даргаар нь ажиллаж байсан нэгэн. Сүүлд МАН-ын нарийн бичгийн даргын албыг хашсан. Төрийн албаны туршлагын тухайд ШУА-ын харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаас гараагаа эхлүүлэн Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга зэрэг албыг хашсан. Үеийнхэнтэй нь харьцуулахад намын бүх шатны ажлыг хийж үзсэн туршлага нь бусдаасаа илүүрхэх үндэслэл болох магадлалтай. Дээр нь дээд үеийнхэнтэйгээ эв зүйгээ ололцож чаддаг чадвар нь түүнд нэмэх оноо авчрах дараагийн нэг үндэслэл болж мэдэх юм. Гэхдээ У.Хүрэлсүхийн найз гэдэг тодотгол нь зарим нэгний дургүйг хүргэх талтай болов уу. Анхнаасаа хамт байж МАН-ын дэргэдэх МАСЗХ-ыг байгуулж, өнөөдрийг хүртэл нэг баг болж яваагаас нь харахад У.Хүрэлсүхийг эсэргүүцэгчид түүний эсрэг гараа өргөвөл гайхаад байх зүйлгүй гэсэн үг. Түүнчлэн өнөөдрийг хүртэл хувийн тоглолт гэхээс илүүтэй багийн тоглолтыг чухалчилж, ганцаарчилсан үзүүлбэр үзүүлэхээс татгалзаж ирсэн түүнийг Азийн бусад орны улстөрчидтэй хэлхээ холбоо сайтай гэх яриа байдаг юм билээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Тэрбээр 2000 оны үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед зөвлөхөөр нь ажилласнаар төрийн албаны туршлага хуримтлуулж эхэлсэн. МУИС-ийн багшаас Ерөнхий сайдын зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш, эрчим хүчний сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан түүнийг өдгөө Н.Энхбаярын гэхээс илүүтэй Ерөнхий сайд асан С.Батболд хийгээд “ЭМ-Си-Эс”-ийн хүн хэмээдэг. Яг намын дарга болохын тухайд гишүүд, дэмжигчид гэхээс илүүтэй хувь улстөрчийнх нь сонирхол илүү их түлхэц болж буй гэдгийг учир мэдэх хүмүүс ярилцаж буй. Өөрөө ч энэ сонирхлоо нуухгүй байгаа бололтой юм билээ. Гэхдээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа УИХ дахь МАН-ын гишүүдэд томроод зогсохгүй намынхаа гишүүдэд халгаатай шийдвэр олонтаа гаргаж байсан нь түүний эсрэг зогсох хангалттай их хүчийг зузаатгах үндсэн шалтгаан болсон гэж болно. Мөн хувь хүнийхээ хувьд шийдэмгий, чигээрээ байж чадах ч хувиа хичээх үзэл нь намын жолоо атгахад нь саад болох талтай гэх яриа намынхан дунд нь гараад удаж буй.
Д.Цогтбаатар: Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан түүнийг дэмжигчид цөөнгүй. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр нарт зөвлөж, Монголыг гадаад ертөнцтэй холбох үүргийг чадварлаг гүйцэтгэсэн болохоор арга ч үгүй. Гэхдээ өнөөдөртөө МАН-ын дарга гэхээс илүүтэй Ерөнхий нарийн бичгийн даргад яригдах магадлал өндөр. Учир нь 2000 оноос МАН-д элсч, үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож ирсэн ч хувь хүнийх нь дипломат чанар зарим нэгэн шийдвэртэй алхам хийхэд нь саад болдог гэнэ. Гэхдээ л тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан богинохон хугацаандаа Зайсангийн бүсэд дахин газар олгохыг хориглосон шийдвэрийг гаргаж чадсан нь олон нийтэд бага ч атугай таниулж өгсөн юм. Харин харьяалагддаг улс төрийн бүлэглэлийнх нь тухайд Ерөнхий сайд С.Батболдын хүн гэгддэг. Мөн боловсролтой, хашир, ухаалаг гэх мэтээр олон сайн чанараараа үнэлэгдэж чадсан түүнд бизнесийн салбарынхан гараа өргөх магадлал тун өндөр гэж байгаа.
МАН-ын даргад нэр нь яригдаж буй 1970-аад оныхноос гол таван төлөөлөгчийг нь онцолж танилцуулахад нэг ийм. Харин дараагийн дугаарт МАН-ын даргад нэр дэвших магадлалтай бусад хувилбаруудын талаар үргэлжлүүлэн хүргэе.
Г.Отгонжаргал
Зочин · 2013/08/04
hen anch avaad yavj chadna
Зочин · 2013/08/03
ene 5 iin hen ni ch abaad yabj chadnaa. zaluu***a itgeh l heregtei. enhbayar ner 1996 ond ednees zaluudaa garsan shu de. bayambatsogt businessiin tursh****tai. zogtbaatar hurelbaatar nar turiin ajliin tursh****tai. sodbaatar enhbayar nar namiin ajliin tursh****tai
Зочин · 2013/08/03
ene 5 iin hen ni ch abaad yabj chadnaa. zaluu***a itgeh l heregtei. enhbayar ner 1996 ond ednees zaluudaa garsan shu de. bayambatsogt businessiin tursh****tai. zogtbaatar hurelbaatar nar turiin ajliin tursh****tai. sodbaatar enhbayar nar namiin ajliin tursh****tai
Зочин · 2013/08/02
Tsogtbaatar l mundag zaluu shig sanagdsan daa.