Автотээврийн үндэсний төвийн захирал Т.Болдбаатарын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баталсан удирдамжийн дагуу “Оюутан тээвэр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, тээвэрлэгч жолооч, иргэдийн үйл ажиллагаанд үйлчилгээний сахилга соёл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зохистой ажлыг хэрэгжүүлэх, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Автотээврийн тухай” хууль болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм журам, стандартын хэрэгжилт хэрхэн хангаж буй байдалд шугам замын шалгалтыг хийж, тээвэрлэлтэнд гарч буй зөрчлийг арилгуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2013 оны 8 дугаар сарын 12-ноос 9 дүгээр сарын 10-ныг дуустал хугацаанд Төв аймгийн Лүн сум, Баянчандмань сум, Эрдэнэ сум, Өндөр дов, Багануур, Хэрлэнгийн гүүр гэсэн хэсэгчилсэн цэгүүдэд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнүүд, Замын цагдаагийн газрын Орон нутгийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн алба хаагч нар, Автотээврийн хяналтын улсын байцаагчид, тээвэр зохицуулагч нар, Төв, Говьсүмбэр аймгийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нарын 50 орчим хүний бүрэлдхүүнтэйгээр хөдөлгөөнт болон суурин хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтанд давхардсан тоогоор нийт 18,115 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 3,751 зөрчил илрүүлж, 2,018 зөрчлийг газар дээр нь арилгуулан, 1,733 зөрчилд холбогдох хууль тогтоомж, тушаал шийдвэрийн дагуу 23,657,600 төгрөгийн торгууль шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг авч үзвэл:

  1. Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж байсан 56 тээврийн хэрэгслийн жолоочид Автотээврийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн заалтыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний торгууль ногдуулах арга хэмжээ авсан байна.
  2. Зорчин явагчдын урсгал хавар намрын улиралд эрс нэмэгддэг энэ хугацаанд орон нутгаас хууль бус тээвэрлэлт буюу гэрээгүй тээвэрлэлт гүйцэтгэж буй иргэдийн тээврийн хэрэгсэл дийлэнх хувийг эзэлж байгаа нь зорчигчдын аюул осолгүй, тав тухтай тээвэрлэх нөхцөл шаардлага зөрчигдөж байна.
  3. Алслагдсан аймгууд буюу 500 км-ээс дээш зайтай чиглэлд ээлжийн жолоочгүй тээвэрлэлт гүйцэтгэх, ачаа зорчигч хольж тээвэрлэх,  зорчигчдод зорчих тасалбар олгохгүй байгаа нь тээвэрлэлтийн нөхцөл шаардлагыг хангахгүй, Автотээврийн тухай хуулийг зөрчсөн зөрчлүүд гарч байлаа.
  4. Зорчигч иргэдийн хувьд хот хооронд зорчин явахдаа хүчин төгөлдөр биеийн байцаалтаа авч явах тухай Автотээврийн тухай хуулинд заасан байдаг бөгөөд энэ талаар мэдээлэлгүй байгаа нь иргэд зорчигчдод мөн энэ хуулийн талаар таниулга хийх шаардлагатай байна.

Шалгалтын хугацаанд хот хоорондын тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслүүд нь  суудлын тоо хэтрүүлэн зорчигч тээвэрлэх зөрчил эрс багассан байлаа.  Тус арга хэмжээний үеэр буюу 2013.08.12-2013.09.10-ны хооронд хугацаанд орон нутгийн замд гарсан ноцтой зам тээврийн ослын тохиолдол 18 бүртгэгдэж, 18 хүн амь насаа алдсан талаар Замын цагдаагийн газрын жижүүрт мэдээлсэн бөгөөд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой осол гараагүй байна. Түүнчлэн хяналт шалгалт хийгдсэн цэгүүдэд зам тээврийн ослын тохиолдол гараагүй болно.