Монгол Улс төрийн мөнгөний бодлогоо хэлэлцэж эхэллээ. Жилдээ нэг удаа л улстөрчид улсынхаа эдийн засгийн ирээдүйн талаар ярилцдаг нь энэ үе юм. Төв банкны зүгээс ирэх оны мөнгөний бодлогын төсөлдөө зарчмын хэд хэдэн зорилтуудыг оруулж ирсэн. Тухайлбал, инфляцийг найман хувьд барих, зээлийн хүүг бууруулах нөхцлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжсэнээр ажлын байрыг бий болгох гэх зэргээр дурьдаж болно. Мөнгөний бодлогын хэлэлцүүлэг энэ удаад олон нийтийн анхаарлын төвд байна. Тийм ч учраас УИХ-ын хэлэлцүүлэг дээр санал, шүүмжлэл, дайралтын үгс Монголбанкийг чиглэж эхэллээ. “Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй бол Монголбанк тараач” гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлж байна билээ. Түүнчлэн гишүүд Монголбанкнаас зэх зээлд нийлүүлсэн мөнгө, орон сууцны хөтөлбөрөөс болж валютын ханш савлалаа гэхчлэн ярьж байсан. Мэдээж улстөрчид болсон хойно асуудлыг яаж л болж яаж улстөржүүлж, буруу зөрүү талаас нь тайлбарлаж чадна. УИХ-ын гишүүд хэлсэн үгнийхээ өмнө хариуцлага хүлээдэг хууль манайд байхгүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх бүрэн эрхтэй. Гэхдээ зөвхөн энэ удаад улстөржилтөөсөө хол байгаач гэж хүсэх гээд байгаа юм. Улс орны мөнгөний бодлого гэдэг бол Монгол Улс цаашдаа хэрхэн хөгжих вэ, эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэгтэй холбоотой чухал асуудал. Тэр хэрээрээ иргэдийн амьдрал ахуйтай шууд холбогддог. Тийм учраас мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ улс төрийн өнцгөө түр хойш татах хэрэгтэй гэж байгаа юм. Мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ гишүүд үнэхээр улстөржөөд байна уу, үгүй юу гэдгийг зарим жишээн дээр дүгнэх гээд үзье.

 

Өнгөрсөн мягмар гарагийн байнгын хорооны хэлэлцүүлэг дээр гишүүд янз бүрийн шүүмжлэл өрнүүлсэн. Тухайлбал, “Монголбанк төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Үүнийхээ төлөө юу хийсэн юм” гэж шүүмжилж байна. Тэгвэл Төв банкны тухай хуулийн 4.1-д зааснаар “Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй” гэж заасан байдаг. Төгрөгийн тогтвортой байдал гэж бичсэн байгаа болохоос бус “төгрөгийн ханш” гэж бичээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах үүрэг Монголбанкинд хамаардаггүй гэсэн үг. Ханшийн талаар Монголбанкны тухай хуульд “ханшийн уян хатан бодлогыг эрхэмлэнэ” гээд биччихсэн байгаа. Уг нь гишүүд энэ хуулиа мэдэж л баймаар юм. Мэдсэн ч мэдээгүй царайлаад байна уу. Эсвэл үнэхээр мэдэхгүй болохоор ингэж яриад байна уу гэдэг нь эргэлзээтэй. Магадгүй мэдсээр байж, зүгээр л улстөржиж байгаа байх. Түүнчлэн “Монголбанкнаас гурван их наяд төгрөг зах зээлд нийлүүлсэн. Дээрээс нь төсвийн долоон их наяд төгрөгийн зарцуулалт хийж байгаа. Үүнээс ердөө 1.7 их наяд төгрөг нь хөрөнгө оруулалт. Тэгэхээр Монголбанк төсвөөс давсан хөрөнгө оруулалт хийхээр ханш савлаж, инфляци өсөхөөс өөр яах билээ” гэх шүүмжлэл өрнөж байсан. Монголбанкнаас нийлүүлсэн мөнгө яг аль салбарын хэн гэгч этгээдийн халаасанд ороод, юунд зарцуулагдсаныг мэдэх хэрэгтэй байна гэсэн зүйл яриад байгаа.

 

Эдийн засаг руу хоёр замаар хөрөнгө оруулалт орж ирдэг. Нэг нь төсвөөр, нөгөө нь хувийн хэвшлээр. Монголбанкнаас нийлүүлсэн мөнгө нь хөрөнгө оруулалт биш юм. Зөвхөн эдийн засагт хэрэгтэй, шаардлагатай байгаа мөнгийг нийлүүлж, “цусны эргэлт”-ийг сайжруулсан алхам. Үүний үр дүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтууд нэмэгдэж, ажлын байр хадгалагдсан. Харин Монголбанк ч тэр, Засгийн газар, УИХ ч тэр хувийн хэвшил ямар мөнгөө юунд, хэрхэн зарцуулж байгааг хянах аргагүй. Хянах боломж, тийм ёс ч байхгүй. Гагцхүү тухан хувийн хэвшил зээлсэн мөнгөө эргүүлэн төлж л байвал болох нь тэр. Энэ тал дээр банкууд өөрсдөө эрсдлээ тооцоод, хэнд хэдэн төгрөгийн зээл өгөх вэ гэдгээ шийдчихдэг. Энэ утгаараа Монголбанкнаас нийлүүлсэн мөнгө нь шууд хөрөнгө оруулалт биш юм. Монголбанкнаас нийлүүлсэн мөнгөний үр дүнд өнөөдөр эдийн засаг тогтворжсон, ажлын байрууд хадгалагдсан, валютын ханш бага зэрэг савласан ч одоо эргээд тогтворжиж байна. Түүнчлэн моргейжийн хөтөлбөр хэрэгжиж олон айл орон сууцтай боллоо. Олон жилийн турш хоёр оронтой тоотой байсан инфляци анх удаагаа 9.4 хувьд хүрлээ. Энэ бол чамлахааргүй л амжилт байх.

 

Монголбанкийг өмөөрөөд, энхрийлээд бай гэж хэлэх гээд байгаа юм биш. Гагцхүү эдийн засгийн энэ мэт бодит үзүүлэлтүүдээ бодитоор нь яриад, эрүүл, зөв шүүмжлэл өрнүүлбэл ямар вэ. Тэгж байж, мөнгөний бодлогоо зөв зүйтэй баталж, тэндээс гарах үр дүн нь ч ирээдүйд улам сайн болох биз. Үнэндээ “Монголбанкныхан тарцгаа” гээд чангахан дуугарахыг бол хэн ч хэлчихэж чадна шүү дээ.