Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэнэ. /Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү/ УИХ-аар байнга хууль хэлэлцдэг болохоор энгийн нэг үзэгдэл мэт боловч энэ удаад олон нийтийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хясан боох агуулга бүхий заалт орсон. Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл.Гүтгэх

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Гэж заажээ.

Тодруулбал уг хуулийн төслийн 3.4.3-д  нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцэнэ гэж заасан.  Энэ хууль хэрэгжээд эхлэх юм бол та бид шууд хоёр сая төгрөгөөр, байгууллага 10 сая төгрөгөөр торгуулахаар байгаа.  Гэвч энэ нь байнгын хорооны хуралдаан дээр өөрчлөгдөж хувь хүнийг 2 сая биш 10 сая төгрөгөөр, албан байгууллагыг 20 сая биш  100 сая төгрөгөөр торгох санал дэмжигдэв.

Энэ нь олон нийтийн эгдүүцлийг ихэд хүргэж байгаа бөгөөд бид энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар нараас байр суурийг нь тодрууллаа.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Зөвхөн сэтгүүлчдэд зориулсан хуулийн заалт оруулдаг, хэвлэл мэдээллийг торгох хэмжээг нэмэгдүүлдэг хууль тогтоогчидтой байгаа тохиолдолд бид хариуцлага хүлээх шаардлагагүй. Энэ хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай асуудал биш. Монгол Улсын иргэд мэдээлэлтэй амьдрах уу эсвэл УИХ-ын гишүүн гэх дархан эрх эдэлсэн хэдхэн хүн мэдээлэлтэй байх уу гэсэн асуудалтай холбоотой.
1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дөрвөн зүйл заалттай. Үүний нэг нь аливаа хэлбэрийн цензурыг хуулиар хориглосон заалт. Эдийн засгийн болон улс төрийн цагдан хяналт байж болохгүй гээд хуулинд заасан. Тэгэхээр үнийн дүн заасан торгуул шийтгэлийг хуулинд суулгаж өгнө гэдэг нь эдийн засгийн цензур хэрэгжиж байна гэсэн үг. Бидний дагаж мөрдөж байгаа суурь хуулийг зөрчсөн хуулийг батлах гээд ажиллаж байгаа УИХ эргээд ардчиллаасаа ухарч байгаагийн илрэл.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуулийн төсөлд  2-20 сая төгрөгийн торгууль оногдуулахаар тусгасан. Өчигдөр /уржигдар/ байнгын хороон дээр зарим гишүүдээс саналын томьёолол гараад  дэмжигдсэн. Тэр нь торгуулийн хэмжээг 10-100 сая төгрөг болгох тухай. Гэхдээ энэ бол эцсийн байдлаар батлагдаагүй. Санал гаргасан  гишүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзах байх.  Гол агуулга зорилго нь хэн рүү чиглэж байгаа вэ гэхээр сошиал ертөнц ямар нэгэн хязгааргүй болчихоод байгаа. Евро парламент дээр сошиал ертөнцийг хязгаарлах хууль батлагдсан. Энийг бид нар анхааралтай судалж байгаа.

Би хуульч хүний хувьд хүн гүтгэх нь зөрчил биш гэж үзэж байгаа. Гаднын орнуудад гэмт хэрэг гэж явдаг.  Эрх зүйн хөгжлөөр өндөр эсвэл социалист эрх зүйн системтэй, шилжилтийн үеийн системтэй  10 гаруй улс орны судалгааг үзэхэд бүгд гэмт хэргээр явдаг. Яагаад гэвэл гүтгэлэг нь хүний гэм буруутайг тогтоох асуудал. Хүнийг гүтгэсэн үү үгүй юу гэдэг дээр процессын ажиллагаа хийгдэх ёстой. Зөрчил бол ил улаан цагаан үйлддэг, эсвэл өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрдөг эрх зүйн үйлдэл. Зөрчил гэдэг бол нийтээр тогтоосон нийтлэг журмуудыг хэлдэг.

Та бидэнд байгаа зүйл бол нэр төр,  алдар хүнд. Эцэг эхээс заяасан зүйл.  Бие хүн болж төлөвшөөд хүн бүрт нэр төр,  алдар хүндтэй болдог. Хүний нэр төр нэр төр,  алдар хүндэд халдах нь гэмт хэрэг. Хүний нэр төрийг журмаар зохицуулдаггүй.

Би нэгэнт орж ирсэн санал дээр тусдаа санал гаргаагүй. Засгаас орж ирсэн тэр төслөөрөө л явж байгаа. Анхны хэлэлцүүлэг болохоор өөрчлөгдөх байх.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:  Зөрчлийн хуульд нухацтай хандах олон асуудал байгаагийн нэг нь “Гүтгэх”-тэй холбоотой заалт юм. Цаанаа хувь хүн, аж ахуйн нэгжийн амьдрал, амьжиргаатай холбогдох учраас олон талаас нь харж, судалж, шийдвэрээ гаргах ёстой байгаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тараасан бол хувь хүн 2 сая, тухайн байгууллагыг 10 сая төгрөгөөр торгоно” гэж заасан байсан. Гэтэл өчигдрийн /уржигдар / байнгын хорооны хуралдаанаар 20 сая, 100 сая болсон.

Бүлгээр Зөрчлийн хуулийг хэлэлцэх үеэр “Сошиалаар бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдах, үндэслэлгүй гүтгэсэн мэдээлэл их цацагдаж байна, үүнд ногдуулдаг хариуцлага алга. Оруулж ирсэн төслөөр торгуулийн хэмжээ бага байна, энэ бол хариуцлагатай хариуцлагатай болгох үндэслэл болохгүй” гэдэг зүйл яригдсан. Тухайн үед нь би “Хувь сэтгүүлчийн цалин ямар байгаа билээ, амьдралын баталгаа нь ямар билээ, хэвлэл мэдээллийн байгууллага ямар нөхцөлд ажиллаж байгаа билээ, эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ бүхнийг бодолцох ёстой. Хэн ч төлж чадахааргүй өндөр торгууль тавих нь эргээд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барьж айдас төрүүлэх, төлж чадахгүй бол биеэр эдлэх гээд цаашаа улам хүндрээд явах магадлал өндөртэй учраас “Тухайн мэдээлэл нь гүтгэлэг үү, гүтгэлэг биш үү” гэдгийг эхлээд ялгах ёстой. Энэ заалтыг Зөрчлийн хуульд тусгаж өгөх шаардлагатай. Ингээгүй нөхцөлд шууд гүтгэсэн гэж үзээд торгууль ногдуулах нь буруу шүү” гэдгийг хэлсэн.

Яагаад гэвэл Зөрчлийн хуулийн нэг аймшигтай зүйл нь шууд хэрэгжээд явна. Эрүүгийн хуулиар бол энэ гүтгэлэг үү, биш үү гэдгийг тогтоохоос эхлээд процесс үргэлжлэх ёстой.

Дээр нь Хэвлэл мэдээллийн байгууллага бол буух эзэнтэй, буцах хаягтай газар байдаг юм. Тийм учраас сошиал, хэвлэл мэдээллийн байгууллага хоёрынхоо ялгаа заагийг гаргаж өгөх ёстой шүү. Үүнд гишүүд маань бас ялгаа заагтай хандаарай. Цаад эзэн нь хэн юм, хэн ийм мэдээлэл өгөв, анхны эх сурвалжид нь ямар торгууль ногдуулах юм бэ гэдэг тодорхойгүй атлаа шууд бичсэн, нийтэлсэн хоёрыг шууд гүтгэлэг цацлаа гээд яллах нь учир дутагдалтай. Энэ бүхэнд тохирсон хариуцлага байх ёстой гэж би харж байгаа.

Дээрээс нь гүтгэлэг гэдгийн цаана үнэн мэдээлэл явж байвал яах юм.

Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хууль зөрчсөн, буруу замаар будаа тээсэн мэдээллийн талаар нийтэлчихээд “Гүтгүүлсэн” гээд өндөр төлбөр шаардсан байвал яах вэ. Ийм харилцаа тогтвол  хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр торгуульд уначихна гээд барагтай мэдээллийг цацахгүй болж хувирна. Энэ тохиолдолд нийгэм цэвэршиж чадахгүй. Сөрөг үр дагаврууд их гарна.  Тийм учраас гүтгэлэг гэдгийг нь яаж тогтоох юм, тогтоосон бол эздийг нь яаж олох юм, торгууль ногдуулах бол хэмжээ нь бодитой юу гэх мэтээр цаашаа судлах, салбарынхантай нь ярилцах гээд олон зүйл байна гэж харж байна.

Би гишүүдэд хэлсэн, “Хариуцлагатай болох гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ эхлээд бид мэргэжлийн байгууллагаа нүүрээ нуусан сошиалаас ялгах ёстой. Мөн гүтгэх гэдгээ тогтоочихоод торгуулийн хэмжээг хэнд, яаж ногдуулах вэ” гэдгээ тодорхойлох учиртай.

Өндөр торгууль ногдуулснаар хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлагатай болно, гүтгэлэг зогсоно гэж бодохгүй байна. Харин ч мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг хаасан, үнэний дуу хоолой болсон сэтгүүлчийн амыг барьсан сөрөг юм руу орж болзошгүй учраас бүх талын асуудлыг авч үзэн, нягтлах шаардлага байгаа шүү” гэдгийг хэлсэн.  Манай гишүүд зөвлөлдье гэсэн”

 

Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг болохоор торгуулийн хэмжээг нэмж хасах боломжтой. Хэдий тийм ч анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэг хүртэл олон нийтийн санаа бодлыг сонсож бусдын мэдэх эрх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдахгүй байхад анхаарах учиртай. Хэрвээ Зөрчлийн тухай хуулийн гүтгэх гэсэн хэсгийн торгуулийг тэр чигт нь батлах юм бол морь унасан толгойгүй хүн бусдыг хорлоод байдаг шиг олон гэм зэмгүй хүн хэлмэгдэх эрсдэл өндөр. Өөрөөр хэлбэл   юуг гүтгэлэг гэх, гүтгэлэг гэдгийг хэн тогтоох зэрэг нь тодорхойгүй байгаа цагт хэн дуртай нь хүссэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэнийг торгуулах болно.

Өнөөдөр хүнийг хэн гүтгэж байгаа вэ? Цахим орчинд нэр нүүрээ нуусан этгээд л доромжилж байгаа. Үүнийг ялгаж салгахгүйгээр үг хэлэх, хэвлэн нийтлэх, олон нийтийн мэдэх эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа Зөрчлийн тухай хуулийг УИХ-ын гишүүд эргэж харах учиртай.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг олон нийт шаардаж байна.

А.Баярмаа