С.Эрдэнэбат: Үнэ өсвөл уучлаарай, цалин автоматаар өсөх ёстой
2013/11/26
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудал ямар шатандаа явж байна вэ. Энэ талаар яриагаа эхлүүлье?
МҮЭХ-ноос өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн цалин, тэтгэвэр тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал тавьсан. Харин Засгийн газраас ямар тооцоо судалгаанд үндэслээд 40 хувь гээд тавьсан бэ гэж асуусан. Хамгийн сүүлд буюу 2012 онд цалин нэмснээс хойшхи хүмүүсийн бодит цалингийн алдагдал гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл 2012 онд 500 мянган төгрөгийн цалинтай байсан бол инфляцид идэгдээд 450 юм уу 430 болчихсон байгаа. Үүнийг нөхүүлье. Нөгөөтэйгүүр эдийн засгийн өсөлт буюу улс оронд бий болж байгаа баялаг гэж байгаа бол үүнийг цалингаар дамжуулж хүмүүст хүртээгээч гэсэн зармын санал тавьсан. Уг нь бол гурван талт хэлэлцээрээр энэ асуудлыг тусгаад өгчихсөн байгаа.
Гурван талт хэлэлцээр юу болсон бэ?
Саяхан гурван талт хэлэлцээрийн хүрээнд 1 сар гаруй хугацаанд ажлын хэсэг гарч, 7-8 хоног хэлэлцээр хийсэн. МҮЭХ-ноос цалингийн санг бага байна гэж үзэж байгаа. Гэхдээ бид шууд 40 хувь гээд бүх санг автоматаар нэмчихвэл 1 трилеон төгрөг хүрэх гээд байсан. Ингэснээр цалин, тэтгэвэр тэтгэмж нийлээд улсын төсөвт цалингийн сан 2,5 трилеон болох байсан. Энэ нь эргээд мөнгөний бодлогоор эдийн засагт үнэ тарифыг өсгөх, хөөргөх хандлагатай гэсэн зарчмыг хүлээн зөвшөөрсөн.
Нөгөөтэйгүүр улсын төсөв, боломж хэцүү байгааг харгалзаж үзээд цалингийн санг 35 хувь буюу 35 тэрбумаар тогтсон. Өөрөөр хэлбэл нийт 139 тэрбум төгрөгийг ирэх жил цалинд зарцуулах тохиролцоо хийсэн. Ер нь бол цалингийн санг 35 хувиар тогтсондоо сэтгэл дундуур байгаа. Бидний анх тавьж байсан санал дор хаяж төвлөрч байсан цалингийн санг 2 дахин нэмэгдүүлэх саналтай байсан. Гэхдээ асуудал ингээд зогсохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хэрэв ирэх онд эдийн засаг, улсын төсөв сайжирвал цалингийн асуудлыг дахиад л тавина. Эдийн засгийн өсөлт энэ онд хэдэн хувь гарав, үүнийг цөөн хэдэн компани, хувь хүмүүс хүртээд байх юм уу? Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хүртэх юм уу? хүртээвэл яаж хүртээх вэ гэсэн асуудлыг нээлттэй орхисон байгаа.
Шүүгч нарын цалинг 3 дахин нэмэгдүүлсэн атлаа бусад хүмүүсийн цалинг улс орны эдийн засаг, төсөв муу гэдэг шалтгаанаар нэмэгдүүлэхгүй орхиж байгаа нь алагчилсан мэт сөрөг хандлага үүсгээд байна шүү дээ?
Шүүгчдын цалингийн нэмэгдэл дээр МҮЭХ-ноос зарчмын хувьд нэг зүйлийг хэлж байгаа. Болдог бол яг энэ жишгээр бүх хүний цалинг салбар, бүтээмж, ачааллаас нь шалтгаалаад нэмэгдүүлчих хэрэгтэй байгаа юм. Шүүгч нарын хувьд харьцангуй цөөхөн байдаг. Улсын хэмжээнд 400 орчим шүүгч байдаг. Эдгээрийн цалинг нэмчихээр нэг их мөнгө гарахгүй гэдэг байдлаар шийдчихэж байгаа юм. Гэтэл реформ хийх шаардлагатай маш олон салбар байна. Реформ хийх шаардлагагүй, хэрэггүй салбар байхгүй. Тэгэхээр МҮЭХ-ноос шүүгч нарын цалинг нэмэгдүүлсэн шиг дараа дараагийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг шийдчих шаардлагатай байгааг дэмжиж байгаа. Гэхдээ шинэчлэл гэдэг байдлаар дан ганц шүүгч нарын цалинг нэмэгдүүлээд бусад салбарыг 10-20 жилийн дараа гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ҮЭХ-ноос хэлж байгаа.
Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ч цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгочихоод цалин нэмэхгүй байгаа нь бодит байдалтай уялдахгүй байгаа юм биш үү?
Бараа бүтээгдэхүүний үнэ тариф өссөн нь нүдэн дээр ил байгаа. Өнгөрсөн 2 дугаар сард өссөн доллар, юанийн ханшийн өсөлт одоо импортоор орж ирж байна. Өндөр үнэтэй доллар худалдаж авсан хүмүүс барааныхаа үнийг наац зах нь 200-400 төгрөгөөр нэмсэн байна. Хүмүүсийн тогтмол худалдан авдаг зүйл. Нийт инфляциар аваад үзэхээр одоогийн байдлаар 9,6 хувь гээд байгаа юм. Үүн дээр эргэлзэж байгаа хүмүүс олон байгаа ч албан ёсны статистикийн газар нь ингээд гаргачихсан байна. Бид гурван талт хэлэлцээрийн үеэр үүнийг л барьсан. МҮЭХ-ноос инфляци бодит байдал дээр худлаа байна, орон сууц ингэж өсч байна, цаашид махны үнэ өсөх хандлага гарна энэ үед яах вэ, иргэд юм худалдаж авсны дараа цалинг нь нөхөж нэмье гэдэг байдлаар хандаад байх юм уу гэдгийг ярилцсан.
Тэгээд цаашид яах вэ?
Ер нь бол цалин хөлсний асуудал дээр цаашид эрс реформ хийх шаардлагатай юм билээ. Засгийн газар бүх юмыг зангидаж авчраад ганцаараа шийддэг. Нэмбэл бүгдийг нь нэмдэг, нэмэхгүй бол хэнийг ч нэмдэггүй. Эсвэл сонгууль ойртуулж байгаад нэмдэг ч юм уу. Тэгэхээр энэ арга барил нэлээн хоцрогдсон байна. Бид сая улсын хэлэлцээрээр салбар салбарын цалинг бүтээмжээс нь шалтгаалаад тус тусад нь нэмж байя, хавтгайруулан нэмэх нь буруу гэж ярилцсан. Цалинг дунджаар 10 орчим хувь нэмэгдүүлэх шаардлагатай гэж байгаа ч зарим салбарыг 15-20 хувиар нэмэгдүүлэх бололцоог нь бид гаргаад өгчихсөн. Удахгүй энэ асуудлаар тухайн салбарууд нь сайд, багцтайгаа яриад шийдэх боломжтой.
Ард түмний хүлээлт туйлдаа хүрч, хавар гэхэд гудамжинд гараад тэмцэхгүй гэх баталгаа алга байна шүү дээ?
Ард түмэн ярьж байгаа зүйлийг Үйлдвэрчний эвлэлийн байгууллага сонсохгүй, дүлий царайлаад суухгүй нь мэдээж. Саяхан үүссэн цалингийн асуудлаас болоод манай Үйлдвэрчний эвлэл маргааш нь талбай дээр жагсах гэж байсан. Харин хэлэлцээр хийе гэж байгаа үед заавал жагсаад байх шаардлагагүй гэдэг үүднээс жагсаалаа хойшлуулсан. Гэхдээ юм дуусаагүй байгаа. Засгийн газар Үйлдвэрчний эвлэлд 35 тэрбум төгрөг нэмж өгчихөөд бүх асуудал дууслаа гэж бид үзэхгүй байгаа. Он гарахаар үнэ, инфляци гээд бүх зүйл тодорхой болно. Үнэ өсч байгаа тохиолдолд уучлаарай, цалин автоматаар өсч байх ёстой.
Танай зүгээс цалингийн индексчлэлийн хуулийг ихээхэн ярьж байгаа шүү дээ?
Цалингийн индексчлэлийн хуулийг гарга гэдгийг бид тавьж байгаа. Тэгэхгүй бол төсөв хэлэлцэнэ, төсвийн мэдэгдэл гээд нэг хүн тоон дээр таналт хийгээд сууж байдаг, ард нь жагсдаг ийм байдлаар явахгүй гэдгийг ҮЭХ-ноос тавьж байгаа. Байгууллага бүр дээр цалингийн асуудлаа ярьж байх ёстой байхгүй юу. Тухайн байгууллагад онцын шаардлагагүй зардал нь юу юм бэ, байгууллагын тоног төхөөрөмжинд байна уу, хүмүүсийн цалин, урамшуулалд байна уу гэдгийг байгууллага бүрт ярьж байя. Одоо бол бүх зүйлийг Ерөнхий сайд, Засгийн газарт тавьдаг. Нөгөө хүн нь түрүүлээд зарладаг. Энэ асуудлыг өөрчилж эрх мэдлээ тараа, тухайн салбар яаманд нь эрх мэдэл олго гэдгийг ҮЭХ-ноос тавьж байгаа. Багш, эмч нарыг жагсааж байгаад завсраар нь дарга, сайд нар нь цалингаа 20-30 хувиар нэмүүлдэг байдлыг бид өөрчилнө, ийм байлгахгүй гэсэн зарчмыг бид тавьсан байгаа.
Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн учраас цалин нэмэх боломжгүй гэх зүйлийг яриад байгаа шүү дээ?
Өнгөрсөн жил инфляци 14,5 хувьтай байсныг бодоход энэ жил 10 руу оруулж ирж байгаа. Гэхдээ инфляцийг тооцож байгаа аргачлалыг бид нарийн үзэх шаардлагатай. Үнэ тогтворжуулж байгаа хэлбэр нь бүхий л хүмүүст үр ашгаа өгөх хэлбэр. Гэтэл түүнийг зөвхөн цалинтай яриад суугаад байж болохгүй, валютын ханш, эдийн засгийн өсөлт гээд бүх зүйлд нөлөөлж байгаа.
Нөгөөтэйгүүр үнэ тогтворжууллаа гэж бодоод хэдхэн төсвийн албан хаагчдын цалинг нэмээд, бусад 800 гаруй мянган хүнийг яах юм бэ гэдэг асуудлыг мөн тавьж байгаа. Бас хувийн хэвшлийг яаж дэмжих юм, хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтыг босгож нэмье гэж ярьж байгаа. Тэгэхгүй бол аль 2006 онд л сард 7000 төгрөг хөнгөлдөг, тэр нь хэвээрээ байгаад байдаг. Гэсэн атлаа татварын хөнгөлөлт гэхээр том том компаниуд хэдэн тэрбумаар хөнгөлдөг. Тэгэхээр Засгийн газар бусад хувийн хэвшлийн салбарыг төсвөөс цалинждаггүй болгомоор байна шүү дээ.
Түүнчлэн албан бус мэдээгээр орон сууцны хөтөлбөрийн 80 хувь нь хуучин байртай байсан хүмүүст очсон. Байртай хүмүүс орон сууцны 8 хувийг аваад байна. Орон сууцгүй байсан хүмүүс хэвээрээ л байгаад байна, үнэ нь бүр өндөр өсчихсөн гэж яригдаад байна. Тэгэхээр ҮЭХ-ноос энэ тал дээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” үнэхээр үнэн юм хийгээд байна уу, эсвэл үнэ тогтворжуулах нэрний цаана халхавчлагдсан цөөн хэдэн хүн бизнес хийгээд байна уу гэх зарчмын асуудлыг Засгийн газарт тавьсан.
Орон сууцны хөтөлбөр хэрэгжээд иргэд хамрагдахыг хүсч байгаа ч сар бүр банкинд 600-700 мянган төгрөг төлөх чадвартай хүн цөөн байна. Энэ эргээд л цалин, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой шүү дээ?
Төсвийн албан хаагчын дундаж цалинтай үнэнд орон сууцны 8 хувийн хөтөлбөрийг хэрэгжүүлье гэхээр нэгдүгээрт урьдчилгаа мөнгөний хуримтлал үүсэхгүй байгаа юм. Хоёрдугаарт цалингийнх нь шаардлага хангахгүй байгаа юм. Төсвийн байгууллагад ажилладаг хүний дундаж цалин 500 мянган төгрөг. Түүний 45 хувьтай тэнцэх ёстой гэж байгаа юм. Тэгэхээр дор хаяж 1-2 өрөө байр авахад сарын төлбөр нь 500 мянга болж байгаа учраас иргэд байр авч чаддаггүй. Харин түүнийг нь хэн аваад байна вэ гэхээр наймаа хийдэг юм уу, хувьдаа компанитай, эсвэл 1 саяаас дээш төгрөгний цалинтай, дундаас дээш орлоготой хүмүүс аваад байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын хөтөлбөр зорилтот айл өрхүүддээ хүрч чадахгүй, хазайх хандлага байна.
Нөгөөтэйгүүр барилгын материалын үнэ хямдарсан хэрнээ орон сууцны үнэ өсөөд байгаа. Байрны үнэ яагаад өсөөд байна вэ, компаниудынхаа нэрийг өгөөч гэхээр Монгол банк, Барилгын яам хоёр бие бие рүүгээ шидсээр байгаад ҮЭХ-нд гаргаж өгөөгүй. Бид Ерөнхий сайдад асуудал тавьсан. Татвар төлөгчдийн мөнгөөр хөтөлбөр хийж байгаа бол хэнд, яаж өгөв гэдгээ ил тод тавих хэрэгтэй. МҮЭХ-ноос ямар компани, хэдэн тэрбум төгрөгийн зээлийг яаж авав, тэр компанийн байр хэдэн төгрөгөөр зарагдав гэдгийг ил тод гаргаж өгөхийг Монгол банкнаас шаардаж байгаа. Хэрэв үүнийг Засгийн газар өөрөө зарлахгүй бол бид өөрсдөө олж авч байгаад зарлана.
Орон сууцнаас гадна махны үнийн асуудлаар харъяа яамтай хэлэлцэж тохиролцсон зүйл байгаа юу?
Бид ирэх хавар ямар үнэтэй мах идэх вэ гэсэн асуудлаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд санал тавьсан. Зээлээ өгчихсөн, аль хэдийнэ мах өсчихсөн, уучлаарай барьж чадсангүй, гэхдээ ийм өсөх байсныг бид ингэлээ гэсэн байдлаар цаашид явмааргүй байна. Махны мөнгө 2-3 том компани руу явдаг, тэд нар нь нэг том зооринд 100 тонн мах бэлдчихээд 300 тонн мах бэлдсэн гээд Засгийн газраас зээл аваад тэр мөнгөөр өөр бизнес хийдэг нугалаанууд байна. Тиймээс үүн дээр МҮЭХ Засгийн газраас тогтоол гаргуулаад хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд олон нийтийн оролцоог оролцуул гэсэн шаардлага тавьж байгаа.
Ард иргэдийн амжиргааны түвшинг судлаад үзвэл ямар дүр зураг харагдаж байна вэ?
Хамгийн наад зах нь нэг хүн өлбөрч үхэхгүй байх хэмжээг аваад үзвэл ойролцоогоор 150 мянган төгрөг байгаа юм. Гэтэл 150 мянган төгрөгөөр 4-үүлээ амьдардаг айл олон байгаа. Тэр бүү хэл 90 мянган төгрөгөөр 4 ам бүлээ тэжээдэг айл ч олон байгаа. Тэгэхээр энэ хүмүүсээ яах юм бэ. Засгийн газар өрхийн орлого тал руу илүүтэй анхаарах шаардлага байна. Энэ утгаараа бид Засгийн газрыг шахсаар байгаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхээс гадна салбарчилж нэмэгдүүлсэн. Тухайлбал уул уурхайн салбарт ажиллаж байгаа захын манаач 384 мянган төгрөг авах ёстой бол барилгын салбарт 350 төгрөг авах ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөг бол улсын хамгийн доод хэмжээ.
Өнөөдөр Монгол Улсын ядуурал буурахгүй хэвээрээ л байна. Саяхан ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн ерөнхийлөгч Монгол Улсад ирээд МҮЭХ-ныхонтой уулзаж байхдаа нэг л зүйл асууж байгаа юм. “Танай орны ядуурал буураагүй, хэвээрээ байна. Дээрээс нь танайхан нийгмийн хамгааллын хөтөлбөртөө тодорхой асуудал шийдэхгүй бол эмзэг хэсэг чинь бүр ядуураад байгаад байна. Энэ тал дээр танай нийгмийн түншлэлүүд юу хийх гэж байгаа юм бэ” гэж асуусан. Үүнийг сонсоод бид нар ч гэсэн өөрсдөөсөө “нээрээ бид юу хийх ёстой юм бэ” гэж асууж байгаа байхгүй юу.