Нэр бүхий УИХ-ын гишүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Ямартай ч Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ УИХ, Засгийн газрын зарим гишүүн “Өршөөлийн тухай хуулийн төслийг хүйтэрч буй энэ үед батлах нь тийм ч оновчтой биш. Хүмүүжигчдийн дунд гараад очих газаргүй, гэр оронгүй хүмүүс цөөнгүй бий. Өвлийн улиралд тэдгээр хүмүүсийг гаргаад явуулчихаар очих газаргүй учир буцаж ямар нэгэн байдлаар шорондоо орох арга зам хайх зэрэг хүндрэл гарч ч мэднэ” гээд хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулж байгаа гэсэн сураг байна.

Хуулийн төслийг баталснаар одоо хоригдож байгаа 7000 гаруй хүмүүжигчдийн 30-40 хувь нь суллагдана гэсэн тооцоо бий. Хуулийн төслийг санаачилсан Ц.Оюунбаатар нарын гишүүн энэ талаар “Монгол Улсад 2009 оноос хойш Өршөөлийн тухай хууль батлагдаж гараагүй. Манайд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиудыг чанга байна хэмээн шүүмжилдэг. Монголд хоригдож байгаа 7000 гаруй хүний 3000 орчим нь хүндэвтэр, үлдсэн нь бусад төрлийн буюу заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс байна. Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг. Нэг ялтанд өдрийн 10 мянга 650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тарааж байна. Эдгээр иргэнийг нийгмээс зайлшгүй тусгаарлах шаардлагагүй хэмээн олон хүн шүүмжилдэг” гэсэн тайлбарыг хуулийн төслийг өргөн барьсны дараа хэвлэлд өгч байсан билээ. Мөн хорих ангиуд хүнээр дүүрч, Налайхад шинэ хорих анги барих талаар ярьж байгаа гээд олон асуудлыг шийдэх боломжтой гэж байсан юм. Уг хуулийн төслийг санаачлагчид хөнгөвтөр ялтай, хохирлоо барагдуулсан хүмүүсийг өршөөлд хамруулах асуудлыг хуулийн төсөлд тусгасан хэмээн онцолдог. Мөн эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй байхдаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх тухай заалт ч бий ажээ. Үүнээс гадна Өршөөлийн тухай хуулийн хүрээнд суллагдсан иргэдийг зөнд нь орхичихдог хандлагыг өөрчилж ажлын байраар хангах, давтан гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх арга хэмжээг авах нь уг хуулийн гол зорилт ажээ.

Хуулийн төслийг өргөн барих, улмаар баталж хэрэгжүүлэх асуудал иргэдийн дунд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэж буй аж. УИХ-ын гишүүдэд “Өршөөлийн тухай хуулийн төслийг хурдан баталж өгөөч. Жижиг зүйлээс болж алдаа гаргасан залуучууд олон байна” гэх зэргээр саналаа ирүүлсээр байгаа гэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг батлах нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа гэсэн байр суурийг илэрхийлээд эхэлсэн. Одоо хэлэлцэх гэж байгаа хуулийн төслийг хасаад өмнө нь манайд 12 удаа Өршөөлийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байсан. Тэгвэл өршөөлөөр суллагдсан нийт иргэнээс одоо 500 нь дахин ял эдэлж байгаа гэсэн тооцоо ч бий ажээ. Ялаа эдлээд хоригдож буй иргэдийг өршөөлд хамруулах талаар ярьж эхэлсэнтэй зэрэгцээд тэднээс болж хохирсон иргэдийн асуудлыг хэрхэх вэ гэдэг нь асуулт үүсгэж буй юм. Тухайлбал, хүний амь нас хохироосон ч ял эдлэх хугацааныхаа талыг нь эдэлсэн хүмүүжигчдийг өршөөлөөр суллах тухай заалт хуулийн төсөлд бий аж. Тиймээс хохирогчдын сэтгэлзүйн байдалд ч тодорхой хэмжээгээр анхаарал хандуулах шаардлага зайлшгүй байна.

 

Т.Урангэрэл