Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас УИХ-ын гишүүн асан Сайнхүүгийн Ганбаатар нэр дэвшсэн нь Монголын улс төрийн түүхэн дэхь цоо шинэ түүх болон бичигдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь гуравдагч хүчний намаас улс төрч нэр дэвшиж байсан тохиолдол бий. Тодруулбал 1997 онд МУНН-аас Ж.Гомбожав, 2001 онд ИЗН-аас Л.Дашням, 2005 онд Эх Орон Намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан, 2013 онд МАХН-аас Н.Удвал нар тус тус Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж байв.

Харин С.Ганбаатарын хувьд иргэний хөдөлгөөний удирдагч хүн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй анхны тохиолдол болж байна. 2004 оны сүүлээс Монголд өрнөсөн иргэний хөдөлгөөний пионер, манлайлагчид нь О.Магнай, Ж.Батзандан, М.Ичинноров нар байсан бөгөөд С.Ганбаатар, Г.Уянга, Б.Лхагважав тэргүүтэй олон шилдэг залуус уг эгнээнээс төрөн гарсан билээ.Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжих  эсэх дээр иргэний хөдөлгөөнийхөн хоёр хуваагдсан байна. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Г.Уянгын нөхөр, нийтлэлч А.Баатархуяг, "цэнхэр үст" гэх Цэрэн, Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж, тэр бүү хэл сурталчилгааных нь ажилд оролцохоор болжээ.

Харин эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжиж байгаа аж. Мэдээж О.Магнай, Ж.Батзандан, М.Ичинноров нар АН-ын гишүүн тул намынхаа нэр дэвшигчийг дэмжих нь тодорхой. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан, Ард Түмний Онц Зөвлөл, "ДМ" нэгдэл, "Босоо Хөх Монгол", "Жудагт Монгол" хөдөлгөөн, МҮАН, МУНН зэрэг гуравдагч хүчний байгууллагууд С.Ганбаатар, Х.Баттулга хоёрын чухам хэнийг нь дэмжих эсэх дээр нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа юм байна.

Ч. Явуу

sonin.mn