Солонгосуудаас 500 000 000 ам.доллар зээлнэ
2017/05/24
Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-гаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна.
ЭЗХХАС нь 1993 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд 1993-2011 онд нийт 60-аад сая ам.долларын зээлийн хөрөнгөөр 8 төсөл хэрэгжүүлсэн, түүнчлэн2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 8 төсөл хэрэгжүүлэхэд тохиролцсноос өнөөдрийн байдлаар 105.6 сая ам.долларын өртөг бүхий 5 төслийн зээлийн хэлэлцээр байгуулж, төслүүдийг хэрэгжүүлж байна.
Шинээр авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү 0.2 хувь, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил юм.
Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг уг ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа Засгийн газарт танилцуулан шийдвэрлэх юм байна.
Уг асуудлыг өчигдөр Төсвийн байнгын хороон дээр хэлэлцсэн юм. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн оролцож, зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн талаар танилцуусан. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Улаан, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн хувьд өмнө нь авсан 105.6 сая ам.долларын зээлийг ямар төслүүдэд зарцуулсныг сонирхохын зэрэгцээ үлдсэн төслүүдийг хэрэгжүүлэхгүй удаад байгаагийн шалтгааныг илүүтэй тодруулж байлаа. Мөн өмнө нь авсан зээлээ дуусгаагүй байж, дахин зээл авах шаардлага бий эсэхийг лавлав. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариултдаа, 2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсоноос өнөөдрийн байдлаар Үндэсний оношлогоо эмчилгээний төв, хот хоорондын нийтийн тээвэрт дэмжлэг үзүүлэх зэрэг таван төслийн 105.6 сая ам.долларын өртөг бүхий зээлийн хэлэлцээр байгуулсан. Харин үлдсэн 190 сая ам. долларын зээлийг эрх зүйн шинэчлэлийн багц, 10 аймгийн дулааны цахилгаан станц барих, “Харгиа” цэвэрлэх байгууламжийн төсөлд зарцуулахаар тусгасан байсан. БНСУ-ын тал төслүүд үндэслэл муутай байна үзсэн учраас ажил удааширсан тал бий гэж байлаа. Мөн тэрбээр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөөд байгаа. Зээлийн ерөнхий хэлэлцээр хийж байгаа болохоор яг ямар төслүүд хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийх асуудал тодорхой бус байгаа гэж хариулав.
Ингээд хэлэлцээрийн албан бус орчуулгыг бүрэн эхээр нь хүргэе.
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ
САНГААС 2017-2019 ОНД АВАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР
Монгол Улсын Засгийн газар (цаашид “Монгол Улсын Засгийн газар” гэх)болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар (цаашид “БНСУ-ын Засгийн газар” гэх) (цаашид “Талууд” гэх) нь,
1996 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас олгох зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондынХэлэлцээрийг үндэслэн,
Дараах зүйлийг харилцан тохиролцов. Үүнд:
1 дүгээр зүйл
- Талууд өөрөөр тохиролцоогүй тохиолдолд, Солонгосын Засгийн газар нь Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (цаашид “ЭЗХХАС” гэх)-гаас Монгол Улсын Засгийн газарт 2017-2019оны хооронд нийт долоон зуун сая ам.доллар(700,000,000.00ам.доллар)-аас хэтрэхгүй Солонгос вонын зээлийг Монгол Улсад ЭЗХХАС-ийн зээлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжүүлэх зорилгоор олгоно. Энэхүү амласан зээлэнд 2011 оны 12 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан Ерөнхий хэлэлцээр болон 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Солилцох захидлын үлдэгдэл хөрөнгө болох хоёр зуун сая ам.доллар (200,000,000.00 ам.доллар)-аас хэтрэхгүй Солонгос вонын зээлийн хөрөнгө багтсан.
- Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрыг Монгол Улсын Сангийн яам төлөөлнө.
2 дугаар зүйл
Төсөл тус бүрт зориулсан ЭЗХХАС-ийн зээл (цаашид “Зээл” гэх)-ийг Монгол Улсын Засгийн газарт дараах журмаар олгоно. Үүнд:
- Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар нь бие биетэйгээ нягт хамтран ажиллах замаар хэрэгжүүлж болох төслүүдийг тодорхойлох бөгөөд Монгол Улсын Засгийн газар нь энэхүү Хэлэлцээрийн хүрээнд санхүүжих боломжит төслүүдийн жагсаалтыг БНСУ-ын Засгийн газарт гаргаж өгнө;
- Монгол Улсын Засгийн газар нь төсөл тус бүрт зээл олгох хүсэлтийг БНСУ-ын Засгийн газарт дипломат шугамаар тавина;
- ЭЗХХАС-аас үнэлгээ хийсний дараа БНСУ-ын Засгийн газар нь хүсэлт болгосон төсөлд зориулан зээл олгохоор шийдвэрлэсэн бол, энэ шийдвэрээ Монгол Улсын Засгийн газарт дипломат шугамаар мэдэгдэнэ;
- Төсөл тус бүрийн тодорхой зүйл болон ЭЗХХАС-аас тухайн төсөлд зориулан олгох зээлийн хэмжээг Монгол Улсын Засгийн газар болон Солонгосын Экспорт – Импорт Банк (цаашид “Банк” гэх)-ны хооронд байгуулахЗээлийн хэлэлцээр (цаашид “Зээлийн хэлэлцээр” гэх)-т тодорхой тусгана.
3 дугаар зүйл
- Талууд өөрөөр тохиролцоогүй тохиолдолд,Зээлийн хэлэлцээр бүрт дараах зарчмыг тусгана. Үүнд:
- Зээлдэгч болон зээлийн баталгаа гаргагч нь Монгол Улсын Засгийн газар байна.
- Зээл эргэн төлөх нөхцөл, болзол болон хүүгийн хэмжээг төсөл тус бүрийн Зээлийн хэлэлцээрт тусгана. Ерөнхий нөхцөл, болзлын хувьд зээл эргэн төлөх хугацаа нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн хугацааг оролцуулан нийт 30 жил байх ба зээлийн хүү жилийн 0.2 хувь байна. Ерөнхий нөхцөл, болзол нь төсөл тус бүрийн онцлог болон эсхүлтухайн улсын ангилалд орсон өөрчлөлтөөс хамааран өөрчлөгдөж болно.
- Солонгосын компаниудын дундаас зөвлөхийг сонгон шалгаруулсан тохиолдолд зээлийн Зөвлөх үйлчилгээний зардалд хүү тооцохгүй.
- Монгол Улсын Засгийн газар нь зээлийн нийт төлбөр эсхүл Зээлийн үндсэн төлбөрийн аль нэг хэсэгэсхүл зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлбөл зохих бусад төлбөрийг хийгээгүй тохиолдолд төлбөр хийгдээгүй үнийн дүнгийн хувьд Зээлийн хэлэлцээрт тусгасан хүүгийн төлбөр дээр жилийн 2 хувийн хугацаа хэтэрсэн төлбөрийг нэмж тооцно.
- Зөвлөх үйлчилгээг оруулан Зээлээс санхүүжих бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг хийх боломжит эх үүсвэр бүхий улс нь гадаад валютын хэсэгт Бүгд Найрамдах Солонгос Улс байх бөгөөд дотоод валютын хэсэгт Монгол Улс байна; Боломжит эх үүсвэр бүхий улсуудаас бусад улсаас худалдан авалт хийх тохиолдолд энэ тухай Зээлийн хэлэлцээрт тусгана.
- Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийг Солонгосын компаниудын дунд тендер зарлан сонгон шалгаруулна.
- Зөвлөхүүдийг Солонгосын зөвлөх компаниудын дунд хязгаарлагдмал тендер зарлан сонгон шалгаруулна.
- Худалдан авалт эсхүл зөвлөх үйлчилгээний гэрээг холбогдох Зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван найман (18) сарын дотор байгуулна.
- Худалдан авах тодорхой аргачлал, журмыг Зээлийн хэлэлцээрийн дагуу зохицуулна.
- 2 дугаар зүйлийн (d) хэсэгт заасан Зээлийн хэлэлцээрийн хүрээн дэх төслийн хэрэгжилтэд зориулан Монгол Улсад нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээг Монгол Улсын Засгийн газар бүхий л албан татвар, хураамжаас чөлөөлөх ба эсхүл тэдгээрийг өөрөө хариуцна.
- Талууд 3 дугаар зүйлийн 1-д заасан зарчимд аливаа өөрчлөлтийг оруулахдаа харилцан тохиролцох бөгөөд энэ тухай Зээлийн хэлэлцээрт тусгана.
4 дүгээр зүйл
Төсөл хэрэгжүүлэх явцад төсөл тус бүрт зориулсан Зээлийн хөрөнгийн хэмжээ хүрэлцэхгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газар шаардлагатай хөрөнгийг гаргах үүргийг хүлээнэ.
5 дугаар зүйл
Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Банк нь Зээлийн хэлэлцээрт заасан зарцуулалтын журмын дагуу Зээлийн зарцуулалтыг Монгол Улсын Засгийн газарт эсхүл нийлүүлэгч(ид) эсвэл зөвлөх(үүд)-д олгоно.
6 дугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал Зээлийн хэлэлцээрийн тодорхой нөхцөл, болзлыг цаашид хэлэлцэн тохиролцоно.
7 дугаар зүйл
Талууд бичгээр харилцан тохиролцож энэхүү Хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж болно. Нэмэлт өөрчлөлт нь хоёр талтохиролцсон өдрөөс хүчин төгөлдөр болно. Энэхүү Хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт нь тус нэмэлт өөрчлөлтийг оруулахаас өмнө олгогдсон зээлд хамаарахгүй.
8 дугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрийг тайлбар эсхүл хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан аливаа маргааныг хоёр тал эв зүйгээр хэлэлцэн шийдвэрлэнэ.
9 дүгээр зүйл
-
- Энэхүү Хэлэлцээрийг соёрхон батлах бөгөөд талууд түүнийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлсэн тухайгаа дипломат шугамаар бичгээр харилцан мэдэгдсэн сүүлчийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
-
- Аль ч талхэдийд ч хэлэлцээрийг цуцлахтухайгаа нөгөө талд дипломат шугамаар мэдэгдэх замаар энэхүү Хэлэлцээрийг цуцалж болно. Цуцлах тухай мэдэгдлийг нөгөө талд өгснөөс хойш зургаан сарын дараа Хэлэлцээр цуцлагдана. БНСУ-ын Засгийн газартай өөрөөр тохиролцоогүй тохиолдолд, Хэлэлцээрийг цуцлах үед хэрэгжүүлж дуусаагүй үүргийг Хэлэлцээрийн заалтуудын дагуу хэрэгжүүлж дуусгана.
ДЭЭРХИЙГ ГЭРЧИЛЖ, тус тус Засгийн газраас зохих эрх олгогдсон этгээдүүд энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурав.
.............................. хотноо 2017 оны ... дугаар/дүгээр сарын ...-ны/ний өдөрангли хэл дээр хоёр эх хувь үйлдэв.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ |
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ |