Б.Чойжилсүрэн Үндсэн хууль зөрчсөн үү
2017/05/25
2017 тавдугаар сарын 04-ны өдрийн чуулганаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэгч Валютын сангийн шахалтаас үүдэж Монголын баялаг дотоодын нэг ч банк санхүүгийн байгууллагаар дамжихгүйгээр гадагшаа гарах шийдвэр гаргуулахаар УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг засварлах асуудлыг ажлын цаг дууссан хойно УИХ-д оруулж ирж байлаа.
Тэр өдрийн чуулганы хэлэлцэх асуудалд огтхон ч багтаагүй байсан гэдэг. Улмаар УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд завсарлах гэж байхад Б.Чойжилсүрэн сайд “Монгол Улсын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтийг ОУВС хойшлуулчихлаа. Оюутолгой зэрэг том компаниудын эрх ашигт халдсан заалт оруулсан учраас хойшлуулж байна. Тиймээс энэ заалтаа эргэж харахаас өөр аргагүй боллоо” хэмээн өөрөө дур мэдэн тогтоолыг засч, УИХ-д оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулж байсан юм.
Уг асуудлыг хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Сайд нь УИХ-ын тогтоолыг дур мэдэн засч болдгийг анх удаа харлаа. Тэр тусмаа ийм туршлагатай улстөрч хурал удирдаж байхад ийм зүйл гарч байна.
Наадах чинь Цэцэд очно шүү хэмээн сануулж байсан юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж уг хуралдааныг даргалж байх үед энэ асуудлыг хэлэлцэж, улмаар 65.5 хувийн саналаар хэлэлцэн дэмжиж байлаа. Хуралдаанд оролцсон 55 гишүүнээс 19 татгалзаж, үлдсэн 36 нь хэлэлцэхийг дэмжсэнээр Валютын сангийн шахалтаар монголын баялаг гадагшаа хяналтгүй гарах тогтоол батлагдсан билээ. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, М.Билэгт, Д.Дамба-Очир нарын 36 гишүүн дэмжиж, Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ, А.Сүхбат нарын 19 гишүүний татгалзсан энэ тогтоолын өөрчлөлт яван явсаар Үндсэн хуулийн цэцэд очлоо. Өөрөөр хэлбэл, Ц.Даваасүрэн гишүүний хэлж байсан нь үнэн болж таарав.
Энэ асуудлыг АН-ын бүлэг өнгөрөгч даваа гарагийн хуралдаанаар хэлэлцэж, иргэн О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандах болсон тул холбогдох материал гаргаж өгөхийг хүссэн гэдгийг дуулгасан. Тиймээс АН-ын бүлэг иргэний хүсэлтийг хүлээн авч шаардлагатай материалыг гаргаж өгнө гэдгээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл өчигдөр иргэн О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар хандлаа. Үндэслэлээ тэрбээр, “Үндсэн хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл сайд Үндсэн хуулиа зөрчиж албан тоот бичиж, түүнийг нь байнгын хороо хүлээн авч, үүнийгээ чуулганаар хэлэлцүүлсэн. Улмаар 30 дугаар тогтоол гаргаж 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг хүчингүй болгосон. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд болоод үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "Эдийн засгийн бие даасан байдлыг хангах замаар үндэсний аюулгүй байдлаа хангана" гэсэн байдаг. Тэгвэл бид бие даасан баймаар байна шүү дээ. Гэтэл энэхүү чухал заалтыг үгүй хийгээд, Үндсэн хуультай харшилсан олон улсын гэрээ бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй байх ёстой. Гэтэл "ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хойшлогдчихлоо" гэдэг зүйлээр монгол төр процессоо зөрчөөд, ийм шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай байна.
Тиймээс би Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргаж байна" гэлээ. Хамгийн ноцтой нь 30 дугаар тогтоолын үр дүнгээс болж дан ганц Оюутолгой бус “Бороо гоулд”, “Центерра Гоулд”, Тавантолгой гэх мэт стратегийн ач холбогдол бүхий гадны хөрөнгө оруулалттай бүх уул уурхайн компанийн мөнгө ямар ч хяналтгүйгээр, Монголын эдийн засагт түй ч хамаарахгүйгээр хилээр гарах нь тодорхой болчихоод байгаа юм. Тиймээс Үндсэн хуулиас давсан эрх мэдэл эдэлж, тогтоолын төслийг дур мэдэн зассан Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцох асуудлыг ч ярихад гэмгүй болжээ. Олон улсын валютын сангийн шийдвэр өчигдөр шөнө эцэслэн гарсан. Гэвч Үндсэн хуулиас давсан, үндэсний эрх ашигт халдсан энэ шийдвэрийн хор нөлөө нэг удаагийн 5.5 тэрбум зээлээс ч аюултай үр дагавар учруулна гэдгийг иргэн О.Алтангэрэл онцолж байлаа.
Цэц энэ асуудлыг хэлэлцэж, улмаар Үндсэн хуулиас давсан эрх мэдэл хэрэгжүүлсэн сайдын шийдвэр буруу байсныг нотолвол УИХ шийдвэрээ эргэж харахаас өөр аргагүйд хүрэх учиртай. Тэр цагт эрх баригчид улсынхаа цаашдын эрх ашгийг бодох уу, эсвэл Валютын сангаас айх айдастайгаа хүлэгдэж, дараагийн 20, 30 жилийн ирээдүйгээ баллах уу гэдэг нь тодорхой болох учиртайг ч хэлж байсан юм.
Б.Эрхэс
Монголын мэдээ сонин
МАН ЗҮТГЭНЭ · 2017/05/25
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.