Уг төвийнхөн бүдэрсэн. Худалдааны төвийн дотоод зохион байгуулалт болох барааны лангуу, тавиур нь ослын үеийн аврах гарцыг хаасан нь аюулгүй байдлын стандартыг зөрчсөн хэрэг. Барааны лангуу, тавиурын хоорондох зай болон нийтийн эзэмшлийн талбай нь норм стандартгүй болсон. Энэ нь худалдаачдаас болсон гэхээс худалдааны төвийн удирдлагуудын шунахай сэтгэлтэй холбоотой гэж хэлж болох. Төвийн сөөм газрыг ч үнэлсэн уг байгууламжид холбогдох цөөнгүй гомдол шүүхийн шатанд очжээ.

 
"Жигүүр гранд" группийн ерөнхийлөгч Д.Баттөрийн дүү Д.Бат-Өлзийгөөр овоглох энэхүү төв 800 гаруй худалдаачидтай. Төвийн эзэн худалдаачдаасаа мөнгө саах нарийн аргатай болсон гэх. Түрээслэгч биш худалдаачид гэж хэлж буйн учир ньтөвийн зай талбайг бүх хүмүүст худалдсан явдал гэнэ. Энэ тухай тус төвийн хохирогчдын өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодруулахад худалдааны төвийн удирдлагууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ч НӨАТ-аар дарамталдаг, ашиглалтын зардал нэрээр их хэмжээний мөнгө татдаг. Дутуу талбай худалдаалдаг зэрэг гомдол ирснийг баталлаа.
 
"Сандэй плаза" 16 мянган ам метр талбайтай юм байна. Энэ төвд нийтийн эзэмшлийн талбай, ОО-ийн өрөөг ч бусдад худалдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй юм байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид зориулсан нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөг бусдад өмчлүүлчихсэн гэсэн үг. Нэг л өдөр тухайн өмчлөгч өмчөө өөрийн дураар ашиглаж, 00-ийн өрөөгөө бараагаар дүүргээд, нийтийн эзэмшлийн талбайд нь лангуу тулгчихвал яана аа. Эл хууль бус үйлдлээсээ худалдааны төвийн удирдлагууд 10 гаруй тэрбум төгрөг унагаасан тухай худалдаачдын холбооныхон хэлж байна.
 
Худалдаачид төвийн удирдлагуудтай анх худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. Гэтэл дараа нь бүх гэрээг нь хурааж аваад Орон сууц захиалгын гэрээ болгон өөрчилсөн байна. Худалдах, худалдан авах гэрээг Орон сууцны захиалгын гэрээгээр сольсон нь цаанаа өөр учиртай байсан гэх. Худалдаачдын хэлж буйгаар улсад татвар төлөхөөс зайлсхийж захиалгын гэрээгээр сольсон аж. Тэд улсыг хуураад зогсохгүй худалдаачдаа дахин шулж захиалгын гэрээндээ НОАТ-ыг тусгасан, мөн дутуу талбай хэмжээтэй худалддаг зэрэг гомдлыг худалдаачид гаргажээ. Түүнчлэн худалдаачдыг ашиглалтын зардлын үндэслэлгүй төлбөрөөр дарамталж буй аж. Нэгэнт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардсан худалдаачид гэрэл цахилгаан дулаан ашигласан мөнгөө л төлөх  учиртай. гэтэл хэрэглээний мөнгөө хоёр дахин нэмэгдүүлж авах болжээ. Ийм хэлбэрээр сард дунджаар 40-50 сая төгрөгийг тэднээс авдаг юм байна. Тодруулбал, ам метр бүрээс ашиглалтын зардал гэж 5500 төгрөг авдаг ч бодит үнэ нь 2000 гаруй төгрөг болдог юм байна. Худалдаачдыг хохироосоор буй дээрх зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шийдүүлэхээр хохирогчдын холбооныхон шүүхэд хандаад буй гэнэ. Тэд энэхүү хууль бус үйлдлийг зогсоож нэмэгдэл татваруудын хохирлыг барагдуулахаас гадна нийтийн эзэмшлийн талбай, 00 өрөөг ч өмчлүүлэх эрх өгсөн Баянзүрх дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн газрын байцаагчдыг давхар шалгуулах хүсэлтэй байгаа ажээ.