Манай улс дэлхийд "дайнгүй" амгалан хот гэдгээрээ тодотголтой. Гэвч өдөр болгон шахуу зам тээврийн осол гарч хэн нэгэн хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Уг нь "Ганцхан хором"-ыг хүлээчихвэл зам тээврийн ослоор жилд олон мянган хүн амиа алдахгүй байх боломжтой гэдгийг жолооч нар мэддэг л байлтай. 

Өнгөрсөн онд осол, гэмтлийн улмаас 142 мянга 600 гаруй хүн гэмтэж, 2920 хүн амь насаа алдсан байна. Энэ нь өдөрт 7-8 хүн осол, гэмтлийн улмаас амиа алдаж, дайн байлдаанд нэрвэгдсэн орныхтой дүйх хэмжээнд хүрсэн гэсэн үг юм.

Зөвхөн зам, тээврийн ослоор 20 мянга 300 гаруй хүн гэмтэж, 529 хүн амь насаа алдсан гэсэн тоо баримтыг дэлгэв. Мөн өнгөрсөн онд 375 хүүхэд зам, тээврийн осолд өртсөний 52 нь энджээ. 6500 орчим хүн түлэгдсэний 67 хувь нь 0-15 насны хүүхэд бөгөөд 33 нь нас баржээ. Осол, гэмтэл иргэдийн эрүүл мэнд, амьдралыг бусниулж, нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулж байгаа нь статистик тоо баримтаас харагдаж байна. Нөгөөтэйгүүр, осол, гэмтлээс сэргийлэх ажилд холбогдох албаны хүмүүс онцгой анхаарч ажиллах цаг хэдийнээ ирсэнийг сануулж буй.  “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, ажлыг нь эрчимжүүлэх чиглэлээр Албан даалгавар гаргахаар төлөвлөж байгааг өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт болж өндөрлөсөн зөвлөгөөний үеэр онцлов.

Уг нь Монгол Улсын Засгийн газар 2002 оноос хойш “Осол, гэмтлээс сэргийлэх” үндэсний хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ч осол, гэмтлийн тоо буурахгүй, харин ч ихсэх хандлагатай байна. Осолд амиа алдсан хүүхдүүдийн тооноос харахад жилд нэг ангийн 50 сурагч амиа алдаж байна гэсэн үг юм. Энэ тоо аймшигтай биш гэж үү, энэ дайн хэзээ дуусаж ирээдүй болсон үрс минь тайван амгалан замын хөдөлгөөнд оролцох вэ? 

Одоогийн замын хөдөлгөөний дүрэмд 10 наснаас доош насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцохгүй гэж заасан байгаа. 10 наснаас дээш насныхан замын хөдөлгөөнд ганцаараа хөдөлгөөнд оролцдог. Нэгэн жишээ дурьдахад, Ногоон гэрэл, цагаан шугамаараа зам хөндлөн гарч байсан 15 орчим настай охиныг хурдтай явж байсан жолооч машинаараа мөргөсөн тохиолдолтой таарч байлаа. Ард минь явж байсан охиныг дүрмээ зөрчин хурдтай давхиж явсан жолооч машинаараа охиныг хүчтэй ирж мөргөж унагаасан юм. Би эргэж харчихаад цагдаа хүрээд ирэхээр нь буцаж явах гэтэл "жолооч энэ охин өөрөө гэнэт гараад ирсэн" гэх нь чихэнд тод сонсогдоод, тэсэлгүй эргэн очсон юм. Ингэхдээ тухайн үед ирсэн замын цагдаад "энэ охин миний ард ногоон гэрэл, цагаан шугамаараа зам гарч явсан. Харин наад жолооч чинь хурдтай давхиж ирээд мөргөсөн шүү" гэхэд цагдаа айхтар тоож авч хэлэлцээгүй бөгөөд охин айсандаа "би зүгээрээ" гээд босоод явах гэхэд нь би болиулж жолоочийг эмнэлэгт үзүүлж, аав ээжтэйн холбоо барихыг хүссэн. Энэ дүр зураг өдөр болгон хаа нэгтээ та бүхэнд харагддаг биз ээ.

Хүүхдүүд осолд орохдоо их айж цочирддог байхад замын цагдаа нар сэтгэлийн тайвшируулж, зөвлөгөө өгч ар гэртэйгээ холбоо барь гээд хэлдэг байгаасай. Жолооч нар осол гаргачихаад зугтахаа урьтал болгохоо больчих хэрэгтэй байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь Хүн-Зам-Тээврийн хэрэгсэл-Орчин гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг гэдгийг замын цагдаагийн газраас мөн ч олон удаа сургалт, ухуулгаар ярьж, хэлж байгаа. Гэсэн хэдий ч бүртгэгдэж буй ослын 97 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан гарч байгаа гэдгийг судалгаагаар тогтоочихсон. Сотгууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суусан жолоочийн буруугаа үүдэлтэй өчнөөн хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байдаг. Тэдний төлөөлөл бол МУСТА дуучин Г.Бадамцэцэг юм. Тэрбээр 25 жилийн өмнө зам тээврийн осолд өртөж, бэлхүүснээс доош мэдээгүй болсон ажээ. Энэ тухай баасан гаригт болсон зөвлөгөөний үеэр "Тухайн үед би СУИС-д жүжигчний мэргэжлээр элсэж орсон 17 настай жаахан охин байлаа. Энэ үед согтуу жолоочийн буруутай үйлдлээс осолд өртөж, 25 дахь жилдээ тэргэнцэрт сууж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өдөр тутмын нийгмийн амьдралд оролцоход хүндрэлтэй болдог. Тухайн хүн хохироод үлдэх биш, түүний ар гэр, асран хамгаалагчдад хүндрэл үүсдэг юм. Үүнээс шалтгаалсан ядуурал ч бий болж байна. Миний хувьд, 17 наснаасаа хойш хөдөлмөр эрхэлж байгаагүй. Улсаас халамж авдаг бөгөөд намайг асарч байгаа хүнд мөн урамшуулал олгодог. Гэтэл намайг асарч байгаа хүн хөдөлмөр эрхэлж амьжиргаандаа нэмэрлэх боломж байдаггүй. Учир нь албан байгууллага, үйлчилгээний газар руу ороход тэргэнцэртэй хүмүүст зориулсан тусгай шат байдаггүйгээс заавал асран хамгаалагчийн хараанд амьдардаг. Энэ гашуун амьдрал хариуцлага алдсан согтуу жолоочоос үүдэлтэй байдаг. Тиймээс хамгийн чухал нь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон, олон хүүхдийг гэмтээж, ээж аав нарыг уйлуулсан хариуцлагагүй жолооч нарын эрхийг насаар нь хасдаг болгоосой гэж төр засгийн удирдлага, хууль санаачлагч нараас хүсэж байна” хэмээн өөрийн санаа бодлоо хуваалцсан юм. 

Хүний эрүүл мэнд цаашлаад амь настай холбоотой зам тээврийн осол гаргасан жолоочийг хатуу шийтгэх хуультай болох цагийг хэдийн ирсэнийг тоо баримтаас тод харагдаж байна. Ингэж байж л энэ "дайн" дуусах биз ээ.

Зарлаагүй дайнаа зогсооё
Зам тээврийн “дайн” -тай яаж тэмцэх вэ?