Зам тээврийн “дайн” -тай яаж тэмцэх вэ?
2015/05/13
Урин дулаан цаг ирж хүүхдүүд гадаа тоглох нь ихсэх болсон. Гадаа тоглож байгаад хүүхэд зам тээврийн осолд өртөх нь ихсэв.
Энэ талаар Замын цагдаагийн газрын УСОНХХ Ө.Бөхбат "Зогсоолын асуудлаас болоод гэр хорооллын замд хаа хамаагүй тээврийн хэрэгслээ тавьчихдаг. Замын нэгдүгээр эгнээ тэр чигээрээ зорчих хэсэг биш зогсоол болж хувирсан. Тэрний завсар хүүхэд гарч ирэн бэртэл авах бүүр цаашлаад амь насаа алдаж байна. Хүүхэд л болсон хойно гүйнэ үүнээсээ болж зам тээврийн осолд ихээр өртөх боллоо. Жолооч нар хороолол дунд хурдаа тохируулж хурд хэтрүүлэхгүй байх хэрэгтэй" гэлээ.
Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар ослын улмаас 8 хүүхэд нас барж 119 хүүхэд гэмтжээ. Үүнээс осолд холбогдсон хүнийг насны байдлаар нь авч үзвэл 0-17 насны хүүхэд 15 хувь, 18-37 насны хүн 31 хувь, 35-54 насны хүн 37 хувь, 55-с дээш насны хүн 17 хувийг тус тус эзэлсэн байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүүхэд өсөлт, бууралтгүй байгаа бол гэмтсэн хүүхэд 19 хувиар өссөн.
Хорооллын дундах замд 20 км бага хурдтай явах дүрэмтэй байдаг гэдгийг жолооч танд сануулж хэлье. Ийнхүү сануулах болсон шалтгаан нь өдөрт дундажаар 4-5 удаа хүүхэд гэр хорооллын дундах зам дээр зам тээврийн осолд орж байна.
Хурдаа хэтрүүлэхгүй дөрвөн дугуйтаар хүний амиа хөнөөхгүй байя гэж уриалаад нэмэр алга. Оюун ухаант тархиндаа зам дээр хүүхэд явж байна шүү хурдаа бууруулахгүй бол болохгүй хэмээн сэтгэж болдоггүй юм уу, жолооч нар аа.
Манай улсад дайн, ямар нэгэн бослого үймээн самуун болоогүй гэтэл өдөрт 4-5 хүүхэд замын осолд өртөж байгаа нь "дайн" гарчихсан бололтой. Зам тээврийн "дайн"-тай яаж тэмцэх вэ.
Х.Даваа