УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өнгөрсөн сарын 17-нд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийг “Яаралтай ирцээ бүрдүүл” хэмээн шаардаж, индрээс нэрийг нь дуудаж, нэгдсэн хуралдааны шууд дамжуулалтын үеэр иргэдийн үлдээсэн сөрөг сэтгэгдлүүдийг уншиж байсан юм.

Мөн тэрээр УИХ-ын чуулганд орж ирцээ бүрдүүлбэл Үндсэн хуулийн зөрчил болно гэж пост лайв хийсэн УИХ, Засгийн газрын гишүүдийг “Сайд нар минь тайвшир.

 

Та бүхэн чуулгандаа орж ирж ирцээ бүрдүүл. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар та бүхнийг огцруулахгүй гэж шийдвэр гарсан. Эсвэл та нар наад лайваа Сүхбаатарын талбай дээр гараад хий. Тэнд та нарын -4 хэмд хүмүүс хүлээж байна. 

 

Өөрийнхөө дулаан өрөө зөөлөн суудлаас битгий лайв хий. Наад пост, лайв чинь иргэдийн элэг доог болж дууслаа” хэмээн чуулганы индэр дээрээс мэдэгдэж байв. Түүнчлэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт буюу, "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүйг дэмжье" гэсэн саналын томъёоллоор санал хураасан. Ингэхэд гишүүдийн олонх дэмжээгүй тул Ерөнхий сайд Г.Занданшатар огцорсон байдаг. Огцруулах санал хураалт явуулсны дараа Х.Булгантуяа" ...Уучлаарай, ийм муухай сценариар таныг буулгалаа" гэж Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлсэн юм. Энэ нь Х.Булгантуяа өөрөө мэдсээр байж байнгын хорооны саналын томьёоллоор чуулган дээр санал хураасан болж таарч байгаа юм. Харин энэ процессыг Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд байна.

 

Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр биш, шууд "Огцруулахыг дэмжих үү" гэсэн агуулгаар санал хурааж, шийдэх ёстой байжээ. 

 

Ийнхүү цэцийн тогтоол өөрөө "Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн" гэсэн үг, өгүүлбэртэйгээр гарсан юм. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн асуудалд нь Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна. АН-ын бүлгийн гишүүд Үндсэн хууль зөрчсөн хэмээн цэц дүгнэсэн учраас Х.Булгантуяаг дэд даргаас буулгаад зогсохгүй, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татан ёстой хэмээн үзэж, мэдэгдэл гаргасан. Харин МАН-ын бүлгээс Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас нь огцруулна, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нь нэг асуудалд хоёр шийтгэл оногдуулсан хэрэг болно хэмээн үзэж байна. Улмаар энэ долоо хоногт холбогдох байнгын хороод хуралдсан ч маргалдагч талууд цэцийн дүгнэлтийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авчихлаа. Тэгэхээр МАН Х.Булгантуяад хариуцлага тооцно, АН УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна гэх маргаан ирэх долоо хоног ч үргэжилнэ гэсэн үг. Х.Булгантуяа нь 2024 оны ээлжит сонгуулийн наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. УИХ-ын гишүүн нь "Монгол Улсыг Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна. Миний бие энэхүү тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэж тангараг өргөсөн. 

 

УИХ-ын гишүүн хүн Үндсэн хуулийг бүтнээр нь цээжээр мэддэг байх албагүй, бас Үндсэн хуулийг үг үсэггүй цээжлэх нь ч утгагүй байх. Харин өргөсөн тангаргаа бол цээжээр мэддэг байхаас гадна ёсчлон биелүүлдэг байх ёстой, үүрэгтэй.

 

Бас энэ тангаргаа эрхэм гишүүд биелүүлж байна уу, зөрчиж байна уу гэдгийг иргэд, олон нийт харах хянах ёстой. Үндсэн хуулийг дээдлэн сахина гэсэн болохоос зөрчинө гэж тангараглаагүй байна. Бас “Миний бие энэхүү тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэжээ. Гэтэл Үндсэн хуулийн зөрчил яригдаж байхад хариуцлагын тухай тун цөөхөн гишүүн дуугарч байна гэх мэтчилэн олныг дурдаж болохоор байна. Товчхондоо бол, УИХ-ын гишүүд тангаргаа биелүүлж байна уу. Уншигч та бас хараад дүгнэлтээ хийх биз ээ. Үндсэн хуулийн 29.3-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэж заасан. Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тодорхой болсон учраас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг ойрын үед УИХ-аас эгүүлэн татаж магадгүй байна. 

 

Мөн Х.Булгантуяагийн оронд хэн УИХ-ын гишүүн болох хугацаа нь түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татсан өдрөөс эхэлж тоологдоно. 

 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77.2-т Сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн орон гарсан бол Нөхөн сонгууль явуулна гэж, 9.10-т гишүүнийг эргүүлэн татсан нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор УИХ-аас нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт товлож зарлана. Гэхдээ нөхөн сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө зарлана гэж тус тус заасан байна. 

 

 

Төмөрбаатарын Батсайхан 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин