Засгийн газрын харьяа 40 орчим агентлагийн тал хувьд буюу 20 орчимд нь хууль бус томилгоо хийгдсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шүүмжлэл дагуулаад байна. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-өөс ямар бодитой хяналт шалгалт хийж байгаа, мөн гарсан зөрчлүүдэд хэрхэн арга хэмжээ авч буй талаар тодруулахаар тус байгууллагыг зорилоо.

Тус мэдээллийн мөрөөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цэдэвсүрэн болон Маргаан шалган шийдвэрлэх асуудал хариуцсан гишүүн Л.Золзаяа нартай уулзахаар очсон юм. Бодит нөхцөл байдалд ТАЗ-ийн дарга Б.Цэдэвсүрэн өөр хуралдаанд оролцож байсан бол гишүүн Л.Золзаяа орон нутагт томилолтоор ажиллаж байв.

Улмаар тус асуудлын талаар ТАЗ-ийн маргаан хянан шалгах газрын дарга Э.Мөнхгэрэлээс тодрууллаа. Тэрээр "Олон нийтийн дунд яригдаж байгаа шиг 20 орчим агентлагт хууль бус томилгоо хийгдсэн гэх бодитой тоон мэдээлэл одоогоор манай зөвлөлд ирээгүй, тодорхойгүй байна. Гэхдээ хийгдсэн шалгалтуудын хүрээнд одоогоор албан бус буюу хууль бус томилгоотой холбоотой 3-4 албан тушаалтанд бодитой арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулсан" гэх мэдээллийг өглөө.

Хууль тогтоомжийн дагуу төрийн албанд "хууль бус томилгоо" гэх ойлголтод тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, ажилласан жилийн тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг томилох, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд томилох, эсхүл түр орлон гүйцэтгэгчээр хуулиар тогтоосон хугацаанаас урт хугацаанд ажиллуулах зэрэг тохиолдлууд хамаардаг байна.

Иймд Засгийн газрын агентлагуудын томилгоотой холбоотой гомдол, мэдээллийг Төрийн албаны зөвлөл үргэлжлүүлэн шалгаж байна.