Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул
2 цагийн өмнө
МАН-ын эвлэрүүлэх ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай намын дотоод зөрчлөөс болоод төрийн үйл ажиллагаа гацаатай, улстөржилт их байна. Иймээс нам дотрох зөрчлөө арилгах зорилгоор МАН-ын ахмад, туршлагатай улстөрчдөөс бүрдсэн ажлын хэсэг гарсан. Эвлэрүүлэх ажил яаж өрнөж байна, тодорхой үр дүн гарсан уу?
-Миний хувьд төр, засгийн болон эрх баригч МАН-ын үйл ажиллагаа битгий гацаасай л гэж бодож байгаа. Энэ утгаараа манай нөхдүүдийн ярьдгаар хууль засагладаг улс орон, дүрэм засагладаг нам байх ёстой гэсэн зарчмыг би хатуу барьж байна.
Хууль засагладаг улс орон гэдэг нь хуульд ямар байна тэрнийхээ дагуу хэн хүнгүй ажлаа хийгээч гэсэн зөвлөгөө өгч байгаа. Ер нь ажлын хэсэгт орсон бидний нөхөд зөвлөгөө өгөхөөс цаашгүй. Тиймээс хүн болгон өөр өөрийнхөөрөө зөвлөгөөгөө өгч байгаа байх. Миний хувьд хуульд захирагдаж улс орноо авч яв, дүрмэндээ захирагдаж намаа авч явцгаа гэдэг зөвлөгөөг өгсөн.
-Хуульд захирагдаж улс орноо авч яв гэдэг дээр тодорхойлсон төрийн үйл ажиллагаатай холбоотой яг ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Тодорхой хэлбэл УИХ-ын даргаа хурдан томилооч. УИХ-ын даргыг томилохгүй байх ямар нэгэн шалтгаан байхгүй. Угтаа УИХ-ын даргыг болж л өгвөл нэг ч хоног эзэнгүй байлгахгүйгээр шуурхай томилох ёстой юм.
-Яагаад. Одоо УИХ дэд даргатай биз дээ. Чуулганы хуралдааныг тэд удирдаад яваа юм биш үү?
-Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг толгойлж явсан хүн. Энэ зөвлөл бол Монгол Улсын тусгаар тогтонол, улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг маш чухал байгууллага. Гуравхан хүн л энэ байгууллагыг бүрдүүлдэг.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд. Энэ гурван хүний аль нэг нь байхгүй, орон тоо сул гарсан л бол уг зөвлөл хуралдах боломжгүй гэсэн үг. Учир нь ҮАБЗ-ийн шийдвэр бол зөвшилцлөлөөр гардаг. Өөрөөр хэлбэл, олонхоороо биш аливаа асуудалд гурвуулаа байж, санал нэгдэж байж шийдвэр нь гардаг гэсэн үг. Энэ утгаараа уг зөвлөл одоо хуралдахгүй сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уг зөвлөлөөр орж, хэлэлцэгдээд, шийдвэр гаргах ёстой олон асуудал байна. Нөгөө талдаа ҮАБЗ хуралдахгүй, асуудлаа хэлэлцэхгүй байна гэдэг нь тэр чинээгээрээ манай улсын аюулгүй байдал суларч байна, эсвэл суларч магадгүй байдалтай байна л гэсэн үг. Энэ утгаараа УИХ-ын дарга буюу ҮАБЗ-ийн гишүүнийг нэн даруй тавьж, энэ зөвлөлийг бүтэн болгож, хурлыг нь хуралдуулах шаардлагатай. Энэ бол хуулийн шаардлага учраас миний хувьд УИХ-ын даргаа хурдан тавь гэж зөвлөсөн.
-Тэгвэл та намд дүрэм засаглах ёстой гэсэн зөвлөгөөнийхөө хүрээнд юуг тодруулж хэлж байгаа вэ?
-Энэ хүрээнд би сая болсон намын бага хурлын материалыг Дээд шүүхэд хурдан өг гэж байгаа юм. Бага хурлаар гарсан шийдвэртэй холбоотой маргааныг Дээд шүүх хагалаг. Угаасаа бид энэ бага хурал сайн болсон, муу болсон, зөв явагдсан, буруу явагдсан гэж тал талдаа гарчихаад байгаа. Энэ маргааныг Дээд шүүхээр хагалуулахаас өөр сонголт, гарц бидэнд байхгүй. Дүрэм засагладаг нам гэдэг бол асуудлаа Дээд шүүхэд өгдөг, Дээд шүүхээр шийдүүлдэг намыг хэлээд байгаа юм. Үүнтэй уялдуулж тухайн нам дараагийн үйл ажиллагаагаа албан ёсоор явуулдаг. Энэ утгаараа үнэхээр хууль, дүрэм зөрчиж тэр бага хурлыг хийгээгүй, хийсэн бага хурлаар нь дүрмийн бус шийдвэр гараагүй л юм бол үүнийгээ айлтгүй Улсын Дээд шүүх рүү өгчих хэрэгтэй.
Одоо бид намын даргатай юу, үгүй юу. Шинэ дарга маань яг намын дүрэм, журмынхаа хүрээнд болсон юм уу, үгүй юу гэдгээ Дээд шүүхээр шийдүүлчих л гэж байгаа юм. Үнэхээр дүрмийнхээ хүрээнд намын дарга болсон бол одоо сайн л байна. Тэгвэл тэр даргынхаа бодлогыг хэрэгжүүлээд бид явъя. Хэрэв болоогүй гэвэл бид намын даргагүй л удахгүй болох Их хурлаа хийнэ. Энэ бол тийм аюул биш шүү дээ. Харин УИХ-ын дарга байхгүй байна гэдэг чинь л аюул болчихоод байна. Түүнээс биш намын дарга байх эсэх бол аюул огт биш.
-Бага хурлын шийдвэртэйгээ эвлэрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа хүмүүс мэдээж байгаа байх. Яг таны хэлдгээр шүүхээр шийдүүлэх гэж яваа зүйл байгаа юм уу?
-Миний авсан мэдээллээр Сүхбаатар дүүргийн шүүхэд намын даргын асуудлаар бага хурлын шийдвэр эргэлзээтэй болчихлоо гэдэг гомдлыг МАН-ын зарим гишүүд гаргасан байна. Үүнийг нь Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд түдгэлзүүлэх шийдвэр гаргачихсан юм байна лээ. Түдгэлзүүлнэ гэхээр тухайн бага хурлын шийдвэр хэрэгжихгүй гэсэн үг.
-Дүүргийн шүүхээс ийм шийдвэр гарсан гэдгийг танаас л сонсож байна. Тэгэхээр МАН-ын хувьд албан ёсны намын даргагүй болж байна гэсэн үг үү?
-Ер нь бага хурлын шийдвэр хэрхэн явагдаж яаж гарсан юм бэ гэдэг талаар манай намын гишүүд маш ойлгомжтой байдлыг хүсэж байсан. Энэ утгаараа хэсэг нөхдүүд Сүхбаатар дүүргийн шүүхэд уг асуудлыг тодорхой болгохын тулд гомдол гарган өгсөн юм билээ. Ингээд тухайн шүүхээс бага хурлын шийдвэрийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргачихсан учраас одоо бид хууль, эрх зүйн ямар нөхцөл байдалтай болсон бэ гэдэг асуулт гарч ирнэ. Маш тодорхой, бид намын даргагүй Их хуралдаа очино гэсэн үг.
-Тэгэхээр Их хурлаараа намын даргаа тодруулна гэж ойлгох уу?
-Хууль, эрх зүйн хүрээнд үүссэн нөхцөл байдал нь яг одоо ийм байна. Их хурлаараа бид намын даргаа тодруулна. Тэнд бол яаж тодруулдаг вэ гэхээр ердийн олонхоороо тодруулна. Ингээд нэг намын даргатай болно гэж ойлгож байгаа. Анхнаасаа намын гишүүд маань намын даргатай болсон уу, үгүй юу гэдгээ хагалъя гэж зориод шүүхэд хандсан байна шүү дээ. Энэ бол зөв. Бид асуудлаа тодорхой л болгох ёстой. Тодорхой шийдвэр гаргадаг байгууллага нь мэдээж шүүх.
-МАН-ын Их хурал удахгүй болно. Та оролцоно. Таны хувьд намын даргагүй Их хуралд бид очихоор байна гэж хэллээ. Тэгвэл Их хурлаараа мэдээж намын даргаа сонгох юм байна. Ингэхийн тулд намын даргад нэр дэвшигчид тодорно. Энэ нэр дэвшилтэд өмнө нэр дэвшиж өрсөлдсөн хоёр хүн дахин оролцох нь ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөх асуудал гэж харж байна уу. Дэвших боломж нь нээлттэй юу?
-Би бол бүгдэд нь боломж олгох ёстой гэж боддог хүн. Миний хувьд 2009 оноос хойш УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж хэд хэдэн удаа оролдсон хүн. Энэ хугацаанд миний сонгогдох боломжийг дандаа хааж ирсэн. Энэ утгаараа янз бүрийн шалтгаанаар хүмүүсийн боломжийг огт хааж болохгүй гэж боддог хүн нь би. Тэгэхээр Их хурлаар Г.Занданшатар, Д.Амарбаясгалан өөр хэн ч юм бүгд л энэ намын даргад нэр дэвшиж болно гэж бодож байна. Хэн нь ч дэвшээд өрсөлдөөд яв. Харин хэн нь ёс зүйтэй хүн бэ, хэн нь юунд холбогдсон бэ, хэн нь энэ намын төлөө юу хийж чадах вэ, хэнийг сонговол энэ нам амжилтад хүрэх вэ гэдэг эцсийн сонголтыг намын гишүүдэд нь л олго. Өөрөөр хэлбэл, сонгогдох эрхийг нь нээлттэй байлга. Тэгээд сонгох эрхийг нь чөлөөтэй эдлүүл. Би өөрөө сонгуульд нэр дэвших гэж, сонгогдох эрхээ хаалгуулж ирсэн хүн. Тэр үед би нэг л зүйлийг хэлдэг байсан. Миний хэн болохыг, намайг мэдлэг боловсролтой эсэхийг, намайг ёс зүйтэй юу гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо, цагдаа, шүүх битгий шалга. Ард түмэн л намайг хэн бэ гэдгийг шалга гэж хэлж байсан. Ард түмэн Н.Энхбаяр чинь тийм хүн шүү дээ гэвэл тэгээд сонгохгүй байна. Эсвэл сонгоно. Энэ зарчмаар МАН-ын даргад өөрийгөө болно, чадна гэсэн хүн болгоны нэр дэвшихийг нь битгий хаагаарай. Тэртэй тэргүй намын гишүүд хэн нь хэн бэ гэдгийг нь шалгаад, дүгнээд сонголтоо хийчихнэ.
-Хэн ч нэр дэвших ёстой гэж байна. За нэр дэвшицгээгээд нэг нь сонгогдох нь тодорхой. Харин тэр сонгогдож, намын дарга болсон хүн нь Г.Занданшатар байвал Засгийн газраа үргэлжлүүлээд аваад явна байх. Хэрэв энэ хүнээс өөр хүн намын даргаар сонгогдчихвол яах вэ. Засгийн газар огцроод намын дарга болсон хүн нь Ерөнхий сайдаа хийгээд явах ёстой гэж бодож байна уу?
-Манай залуучууд юм л бол парламент засаглал гэж өөрийнхөөрөө тайлбарлаж ярьдаг болж. Ингэж болохгүй. Хуулийг өөрийнхөөрөө ойлгож, түүнийгээ тайлбарлаад явж болдоггүйтэй адилхан зүйл. Бид бүхний хүндэтгэдэг Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид гуай харамсалтай нь Үндсэн хууль дээр алдаа гаргасан хүн. Миний хувьд Б.Чимид гуайтай маш сайхан харилцаатай байсан хүний нэг. Сайхан харилцаатай байсан гээд алдаа гаргасныг нь битгий хэл гэсэн үг биш. Тэгэхээр Б.Чимид гуай юун дээр алдаа гаргасан юм бэ гэхээр парламентын засаглал, эрх мэдлийг хуваарилах онол А-Я гээд цагаан толгойн үсгийн дараалал шиг байх ёстой зүйлийг А, Б биш А, Д гээд алдчихсан. Тэр нь юу гэхээр УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд Үндсэн хуулийг биччихсэн. Ингэхээр УИХ нь Засгийн газар, шүүх, ҮХЦ, Ерөнхийлөгчийнхөө дээр ч юм шиг ойлгогдохоор ийм сонин өгүүлбэр хийчихсэн. Энэ бол болохгүй. Яг онолоороо бол ардчилсан оронд дээд байгууллага гэж байдаггүй. Дээд гэдэг үг хуучин тогтолцоонд л байсан. Хуучин Үндсэн хуулийн 6.1-д “МАХН бол нийгмийг удирдан чиглүүлэх хүч” гэж байсныг шинэ Үндсэн хуульд хасаад, харин хуучин Үндсэн хуулийн ямар нэгэн байгууллага дээд эрх мэдэлтэй гэдэг агуулгыг Б.Чимид гуай үлдээчихсэн байхгүй юу, Шинэ Үндсэн хууль бичих дээ.
Ингээд манай залуучууд манай өнөө цагийн улстөрчид УИХ бол төрийн нэр барих дээд байгууллага мөн гэдгийг буруугаар буюу парламент засаглал бол бүгдийнх нь дээр гэж ойлгож яриад байгаа нь буруу. Суурь ойлголт нь буруу учраас үүнээсээ болоод хэн хүнгүй парламент засаглал гэж яриад одоо бүр ҮХЦ-ээ татан буулгая гэж байна. Улсын Дээд шүүхийн шүүгчдийг УИХ томилох ёстой ч гэж байх шиг. Үүнийгээ парламент засаглал гэж ойлгож байгаа гишүүд олон байна. Үгүй шүү л гэж хэлмээр байгаа юм. Парламент засаглал бол зөвхөн хууль тогтоох. Парламентад засаглалын онцлог нь ердөө улс төрийн намуудын өрсөлдөөн. Намууд өрсөлдлөөд олонх болсон нь засаглалаа байгуулдаг, үйл ажиллагааг цөөнх нь хянадаг.
-Түрүүн асуусан асуултад та хариулахгүй юу. Намын дарга нь Засгийн газрын тэргүүнээ хийгээд явах уу?
-Тийм. Энэ утгаараа парламент засаглалтай оронд бол эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд хийдэг, эсвэл Ерөнхий сайд нь намын дарга болдог ийм л зарчимтай. Хүн нь хэн байхаас үл хамаараад Ерөнхий сайд, намын дарга нь нэг л хүн байдаг. Энэ утгаараа миний хувьд Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байхад нь зөвлөж л байсан. Та УИХ-ын дарга. Үнэхээр парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө явах гэж байгаа бол намын дарга гэж явахаас илүү спикрийн ажлаа сайн хий. Яг парламент засаглалтай оронд УИХ-ын дарга нь нам бус байдаг шүү. Түүнээс биш намын дарга нь парламентын дарга болж болдоггүй гэж зөвлөсөн. Харамсалтай нь миний үгэнд ороогүй л дээ. Ингээд намын даргын сонгуульд өрсөлдөөд будлиан үүсгэчихсэн. Намын дарга, Ерөнхий сайд нэг хүн байна гэдэг нь намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, сонгогчдоо амласан амлалтаа биелүүлэхийн төлөө явдаг. Харин нам дээрээ нэг хүн, Засгийн газар дээрээ өөр нэг хүн тусдаа ингээд явбал эрх баригч намын мөрийн хөтөлбөр, бодлого орхигддог сул талтай. Үүнийг л болиулж, намын мөрийн хөтөлбөр, гүйцэтгэх засаглалыг давхар ажиллуулахын тулд энэ хоёр албан тушаалыг нэг хүн хавсарч хийх нь зөв байдаг. Тодорхой түүхэн туршлага манай намд бий. Тухайлбал, П.Жасрай гуайн Засгийн газар байна. П.Жасрай гуай бол намд ямар ч хамаагүй хүн Ерөнхий сайд байсан. Харин нам дээр Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон гуай байсан үе. Ингээд тухайн үед намын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын хөтөлбөр хоорондоо авцалддаггүй байсан юм. Тиймээс үүнийг манай намынхан ярьж байгаад энэ бол том алдаа боллоо. Дахиад ийм алдаа гаргахгүйн тулд намын дарга, Ерөнхий сайд нэг хүн томилох нь зөв юм байна гэдэг өнөөгийн энэ дүрмийн зарчмыг тодорхойлж байсан түүхтэй. Гэтэл харамсалтай нь олон улсад мөрддөг энэ зарчмыг зөрчөөд Д.Амарбаясгалан дарга намын даргад өрсөлдчихөж байгаа юм. Үүнээс болоод л хямрал эхэлсэн.
-ҮХЦ-ээс хоёр шийдвэр гарсан. Нэг нь УИХ-ын 95 дугаар тогтоол буюу Засгийн газрыг огцруулсан нь хууль зөрчсөн гэж. Нөгөөх нь тус чуулганыг хуралдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн бус аргаар санал хураалгаж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тэгэхээр таны хувьд Х.Булгантуяа гишүүнийг эгүүлэн татах асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Х.Булгантуяагийн хувьд бид бүхэн бүгд л сонссон. Уучлаарай, муухай процедураар явчихлаа гэж Ерөнхий сайд Г.Занданшатарт санал хураалт дууссаны дараа хэлсэн. Яг ийм процедураар хууль зөрчөөд таныг унагачихлаа гэдгээ Х.Булгантуяа өөрөө мэдэж байсан байна шүү дээ. Үүнийг нь ҮХЦ засчихлаа. Үүнээсээ сургамж аваад картаа шургуулсан атлаа өөрөө байгаагүй гишүүдийн саналыг татгалзсан саналд оруулдаг хуулиа засах шаардлагатай. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ гээд биччихсэн юм билээ. Тэгэхээр Х.Булгантуяагийн хувьд хэдий УИХ-ын дэд дарга ч гэлээ гишүүн нь эхэнд биз дээ. УИХ-ын гишүүн нь анхдагч байж тэр хүн дэд дарга болсон байж таарна даа. Тэгэхээр би УИХ-ын дэд даргын хувьд Үндсэн хуулиа зөрччихсөн юм аа гэж болохгүй. Миний хувьд Х.Булгантуяа даргад зөвлөж байгаа. Та залуу хүн байна, улстөрч хүний замын хүзүү урт л байх ёстой. Энэ утгаараа өрөгдлөө өгөөд УИХ-ын гишүүнээсээ боличих оо гэж. Ингэхгүй бол УИХ муухай харагдана. ҮХЦ муухай харагдана. Эрх барьж байгаа нам чинь муухай харагдана шүү. Аль аль талаа муухай харагдуулж, хүнд байдалд оруулж байхаар өөрөө өргөдлөө өгөөд болчих оо гэж зөвлөсөн. Өмнө нь Н.Номтойбаярыг эгүүлэн татах асуудал үүсэхэд парламент, намаа хүнд байдалд оруулж, муухай харагдуулахгүйн тулд тэрээр өөрөө өргөдлөө өгчихөж байсан жишээ байна. Яг үүнтэй адилхан Х.Булгантуяа өргөдлөө өгөөд УИХ-ын гишүүнээ больчих хэрэгтэй.
-Х.Булгантуяад хариуцлага ярьж байгаа бол бид ч хариуцлага хүлээе. Учир нь УИХ бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага гэж ярих гишүүд бас цөөнгүй байна шүү дээ…?
-ҮХЦ-ийн дүгнэлт хэнд гарсан гэхээр Х.Булгантуяа дээр л гарсан. УИХ-ын хувьд алдаатай шийдвэр гаргаж л байдаг. Үүнийг нь ҮХЦ хэлэлцээд УИХ Үндсэн хуулиа зөрччихсөн байна гэж үздэг. Ингээд УИХ тухайн зөрчилтэй шийдвэрээ засаад явах тохиолдол олон бий. Үүнтэй адилхан хамтын шийдвэр гаргасан УИХ-ын гишүүд буруугүй. Энэ удаагийн үйлдлээ санаатайгаар хийсэн ч гэсэн тэдний буруу биш. Хамтын шийдвэр гаргасан гишүүдийн хувьд тэрэнд хариуцлага ярьж байгаа бол бид ч буруутай гэж үүгээр шалтаглаж, асуудлыг гацааж болохгүй. Харин энэ хамтын шийдвэрээс Х.Булгантуяа даргын асуудал бол ялгаатай зүйл шүү. Х.Булгантуяа дэд даргынхаа хувиар буюу тухайн хуралдааныг даргалж байгаа хүний хувьд санал хураалтын томьёоллыг уншсан. Хажуугаас нь УИХ-ын Тамгын газар хэлсэн л байх. Мөн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд бас хэлсэн л байх. Үүнд нь манай хүн улайрсан л байх. Энэ үед нь С.Бямбацогт сайд намайг дарамталсан гэж ярьдаг. Миний бодлоор Х.Булгантуяад харин ч сайн санаж анхааруулж хэлсэн хүн нь С.Бямбацогт юм биш үү гэж боддог. С.Бямбацогт “Х.Булгантуяа чиний үйлдэл чинь 10 жилийн ял ч авч мэдэх ноцтой асуудал шүү. Яг энэ томьёоллоор санал хураалт явуулбал Үндсэн хууль зөрчсөн томьёолол болох гээд байна шүү” гэж хэлсэн гээ биз дээ.
Гэтэл манай хүн үүнийг нь сүрдүүлэлт гэж үзээд, С.Бямбацогт мэтийн хүмүүсээс би айдаг хүн биш гэж улайраад ийм үйлдэл хийх болсон юм болов уу гэж ойлгодог. Ийм тодорхой асуудалд манай бусад гишүүд барьцаад хамтын шийдвэр гаргасан гэж яриад байх нь зохимжгүй л асуудал.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…






