Эдүгээгийн Засгийн газар эгээ л судал нь өнцөгдсөн гэлтэй. Болж бүтэж байгаа юм энэ Монголд алга уу гэмээр ажиллаж байна. Хэд хоногийн өмнө Заамарт гурван настай хүүхэд алтны уурхайн цооногт унаж нас барлаа. Аврагчид чадлаараа үзээд аварч барсангүй. Эмгэнэлтэй.

Гэтэл нь: Улстөрчид голдуу хүмүүс хэдэн аврагч руу хамаг бурууг чихээд өнгөрлөө. Салбарын сайд Н.Номтойбаяр нь хүртэл сошиалаар: Энэ бол нэг осол төдий гэж өнгөрөх асуудал биш. Хүүхдэд ийм эрсдэлтэй, аюултай орчин хаана, хэний хариуцлагын дор үлдсэн бэ гэдэг асуудлыг заавал ярина. Гэхдээ тэр нь аврах ажиллагааны дараах асуудал гэлээ. Шадар сайд Н.Номтойбаярын хоёр үзүүртэй энэ үг Онцгойгоо, аврагчдыг илүү хатгалаа. Уул нь түүний өмнөхөн Шадар сайд байсан Х.Ганхуяг: 3-хан настай охин нүх рүү унасан харамсалтай үйл явдал дээр хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм мөрдөөгүй компани 100 хувь буруутай гэж хэвлэлд ярьж. Энэ зөв өнцөг. Гуравхан настай хүүхдийн амиа алдсан явдалд буруутныг заавал олж шийтгэх ёстой, тэгэхдээ зөв буруутныг. Шулуухандаа: Н.Номтойбаярын хэлсэн аврагчид биш, Х.Ганхуягийн гаргаж ирсэн компани бас биш. Энэ бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын л алдаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь: Монгол Улсын уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэр, геологи, түлшний салбарын төрийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй. Нарийвчлаад: Ил тод, хариуцлагатай уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийг олон тулгуурт бүтэцтэй болгох гээд байж байна.

Харин Онцгойгийн аврагчид чиг үүрэг нь: Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах гэсэн тодорхойлолттой.

Мэдээжийн хэрэг: Онцгойн аврагчид алив тохиосон гамшгаас ард нийтийг хамгаалах үүрэгтэй. Тэрийгээ нүцгэн гараараа ч хийгээд ирсэн хүмүүс. Харин тэрхүү Заамарт байгаа уурхайн цооногийг далдлуулах, аюулгүй болгох ажил бол гагцхүү Г.Дамдинням сайдын л ажил. Гэвчиг: Энэхүү эмгэнэлтэй хэргийн үеэр, тэрний дараа ч Г.Дамдинням хумсаа нуусаар гарч ирсэнгүй. Тиймийн учраас: Н.Номтойбаяр үнэхээр л буруутныг олж хариуцлага тооцох гэж байгаа бол засаг дээрээ Г.Дамдиннямыгаа ярих хэрэгтэй.

Эс тэгвээс уул уурхайн бизнестэй Н.Номтойбаяр ашиг сонирхлын үүднээс Г.Дамдиннямыг хамгаалж, хэдэн аврагчдаа алдааг нь тохлоо гэх хардлага байна…

 

Ө.БАТБИЛЭГ