Стивен Сигалын үзэсгэлэнт гэргий гэдгээр манайхан андахгүй Батсүхийн Эрдэнэтуяатай ярилцлаа.


 

-Таныг хэвлэл мэдээлэлд төдийлөн нээлттэй нэгэн биш гэдгийг мэднэ. Юуны өмнө ярилцлага авах урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ер нь сүүлийн үед хүмүүс сошиал орон зайгаас мэдээллээ авч, бас бусдад түгээдэг болжээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Бид яалт ч үгүй мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хүссэн хүсээгүй бидний амьдарч байгаа цаг үе маань өөрөө ийм сошиал ертөнцийг бий болгочихож. Энийг бид бүгд өөрсдөө л бүтээсэн, өөрсдөө л эерэг сөрөг бүх үр дүнг нь үзээд, үүрээд явж байгаа. Худал үнэн сүлэлдсэн, хэрэгтэй, хэрэггүй элдэв мэдээлэл холилдсон энэ орчин, энэ орон зай бол хүн төрөлхтний хөгжил дэвшил, аюулгүй байдал, хүний оюун санаа, ухамсрын түвшинд сайнаар нөлөөлөхгүй гэж боддог. Мэдээж сайн сайхан давуу тал бий, гэхдээ муу нь илүү юм уу гэж хардаг. Хүн уншсан, сонссон байтугай, харсан зүйлдээ ч итгэхэд бэрх болсон цаг үе байна шүү дээ. 

-Өөрийн тань сошиал орчинд нээлттэй хүргэдэг сургамжтай үгс, шүлэглэсэн үгсийг тань дагаж хүлээдэг хүмүүс цөөнгүй болжээ. Ер нь хэдийнээс ингэж бичих болсон бэ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна, тэр нь танд яаж мэдрэгдэж байна вэ?

-Миний номын багш их мундаг хүн байдаг юм. Тэр багштайгаа учирч, адис хүртсэнээс хойш ингээд л өөрөө урсаад байдаг болсон. Одоогоос дөрвөн жил хагасын өмнө юм байна. Багш маань хүний сүнс, өөрийнх нь өгөгдлийг сэрээж өгдөг увдис чадалтай хүн л дээ. Багш маань энэ судар сургааль, бичвэрүүдээ нийтэд тавих цаг болсон гэж зөвлөсний дагуу олонд түгээдэг болоод одоо бараг хоёр жил шахуу болж байх шиг байна. Монголчууд минь тэнгэр язгууртай, тээсэн их буянтай, суу билигтэй, сургааль судартай агуу сайхан ард түмэн гэдэг нь нийтлэл доорх сэтгэгдлүүдээс маш тодорхой харагддаг. Ард түмэн минь сэрж ухаарч, авьяас билгээ хөглөж, уг язгуураа өнгөлөн гоёж, өдрөөс өдөрт дэлгэрч байгаа гэдэгт бат итгэлтэй байдаг. 

-Бүсгүй хүн эрхэлсэн ажил мэргэжил, хашиж байгаа алба, авьяас чадвар бас хань нөхрөөрөө ч овоглогдож явдаг. Та эмэгтэй хүнд харьяалагддаг олон цол гуншингаас чухам алинаар нь нэрлэгдэхийг хүсдэг вэ?

-Би чинь их олон янзын нэр, цол гуншинтай хүн шүү дээ. Аав ээждээ шар охин, анд нөхдөдөө Эрка, америк сургуульдаа Эрика, алс нутагт Эль, амраг ханьдаа Кандро, алаг үрдээ Ээж, Маам гэх мэт. Бурхны шашинд Ренбүчи хүний гэргийг Кандро (Хандмаа) юм уу Санюма гэж хүндэтгэн дууддаг. Монголоор дагина гэж орчуулж болох. Хань минь намайг нэг бол Кандро нэг бол Маам гэж дууддаг. Хүмүүс намайг бүжигчин гэдгээр нь ихэвчлэн мэддэг байсан, харин одоо шүлэгч, найрагч гэж бодоод байх шиг байгаа юм. Миний бичвэрүүд уг нь шүлэг найраг биш юм байгаа юм. Бичвэрүүд маань их энгийн байдаг. Учир нь би үгийн урныг хөөдөггүй, уянгын халилд автдаггүй, үгийн хүчийг ашиглаж, үнэн жам мөрийг сануулж, түмэн олондоо хайр ухаарал илгээхийн төлөө бичдэг. Энэ олон нэр, гуншингийн дотроос "Ээж" хэмээн дуудуулах л миний хувьд хамгийн эрхэм дээд хувь ерөөл юм даа. Үртэй байхын жаргал бол дээдийн жаргал.

-Анзаараад байхад танай гэр бүл тэр дундаа та Монголдоо багагүй хугацаанд байна. Жилийн 12 сарын хэдэд нь аль улс оронд амьдарч байна вэ?

-Манай гэр бүлийг жинхэнэ орчин үеийн нүүдэлчин гэр бүл гэж хэлж болох байх шүү. Нэг газраа тогтвортой суурин амьдарна гэж бараг байхгүй. Уран бүтээлч, тэр тусмаа кино урлагийн хүмүүсийн амьдралын хэв маяг гэж хэлж болохоор. Америкт амьдардаг нэртэй, алаг дэлхийгээ тойроод л нүүдэллээд байна. Сүүлийн гурав, дөрвөн жилийн 70 хувьд нь би Монголдоо амьдарсан гэж хэлж болно. Хүүгээ монгол хэл бичиг, оюуны дархлаатай, монгол сэтгэлгээтэй болгохын тулд Монголдоо амьдарч, хүүгээ монгол сургуульд сургаж, эмээ өвөө, элгэн садантай нь ойр байлгаж, их зүйлийг хүүдээ сургаж чадсандаа маш их баяртай байгаа. Хүү маань одоо монгол англи хос хэлтэй, энэ жилээс орос хэл сурч байгаа. Манайх АНУ-аас нүүх төлөвтэй, одоогоор Орост төвлөрч амьдарч, ажиллаж байна даа. 

-Нүүгээд байхаар хүүхдийн сургуулийн асуудал хөндөгддөг. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ. Бас хүү нь монгол хэл соёлыг хэр хүлээн авч, тусгаж сурсан бэ?

-Хэдийгээр хань бид хоёр байнга аялдаг ч, хүүгээ Монголд хоёр жил яс сургасан. Одоо хүү маань Москвагийн Олон улсын сургуульд шилжин суралцаж байгаа. Бид хоёр гадагшаа явах үед эмээ өвөө нь ирж хүүгээ харж өгдөг. Аав ээж хоёр маань хүүдээ амь болохоор дуудангуут л уухайн тас хүрээд ирнэ шүү дээ. Хүү маань монгол сургуулиасаа явахгүй гэж зөндөө л юм болсон. Өчнөөн гуйж учирлаж байж зөвшөөрүүлсэн. Миний хүү чинь Монголдоо маш их хайртай, монгол сэтгэлгээтэй хүүхэд. Монгол хэл нь англи хэлнээсээ илүү, одоо хэл ам нь гүйцэгдэхгүй болсоон. 

-Стивен Сигал Оросын иргэн болсон, амбан захирагч ч болж магад гэсэн яриа сонстож байсан. Танай гэр бүл алсын Америкаас наашаа дөхөөд л байгаа юм байна…

-Манай хүн хэдэн жилийн өмнөөс ОХУ-ын иргэн болж, иргэний паспортоо В.Путин ерөнхийлөгчөөс гардаж авсныг дэлхий нийт харсан шүү дээ. АНУ, ОХУ-ын давхар иргэншилтэй гэсэн үг. Нөхрөө дагаад намайг бас Америк, Оросын иргэн болсон гэж хүмүүс боддог шиг байгаа юм. Би чинь зөвхөн Монголдоо гэдэг шиг хүн шүү дээ. Манай улс давхар иргэншил зөвшөөрдөггүй болохоор Монголын иргэнээрээ үлдсэн нь миний сонголт байсан. Харин Оросын зүүн хязгаарын амбан захирагч болох тухай яриа бол хэвлэлийнхний тараасан худал цуу шүү. Нэг арга хэмжээн дээр "Манай муж захирагчгүй байгаа, та манай захирагч болчих л доо" гээд хүн тоглоод хэлэхээр нь "Өө тэгье л дээ" гээд бас тоглоод хариулсан юм. Тэгсэн энэ нь 30 минут ч хүрэлгүй мэдээ болоод дэлхийгээр нэг цацагдаж байж билээ. Ийм л цаг үед бид амьдарч байна

. Сэтгүүлчдийн ёс зүй хаа сайгүй амаргүй байна аа.

-Таны нөхөр Стивен Сигал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тун ойр. Тэр ч утгаараа өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр танай гэр бүлийнхэн нэлээд тод харагдаж байсан. Тэдний нөхөрлөлийн талаар сонирхуулаач...

-Миний хань В.Путин ерөнхийлөгчийг дэлхийн хамгийн шилдэг удирдагч гэж үздэг. Түүний алдар гавьяа, амжилт ялалт, арга ухааныг нь асар их үнэлж, хүндэлж, үйл хэргийг нь ямагт дэмнэж, үнэн сэтгэлээр зүтгэж яваа. Ханийг маань ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны Онцгой Эрхт Элчин Сайдаар томилсон нь ерөнхийлөгч Путин болоод ОХУ-ын Засгийн газрын зүгээс ханийг маань хэрхэн үнэлж хүндэлдэг, мөн ямар их итгэл найдвар хүлээлгэж байгаагийн тод илрэл гэж би хувьдаа боддог. Миний хань Орос Америкийн харилцааг сайжруулахын төлөө эцсээ хүртэл зүтгэнэ гэж ярьдаг хүн. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригдсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байсан. 

-Хүйтэн дайн дууссан гэдэг ч өнөөдрийн нөхцөл байдалд өрсөлдөөн үргэлжилсээр байна. Таны хань С.Сигал энэ харилцааг хэрхэн сайжруулах гэж?

-Хүйтэн дайн далдуур үргэлжилсээр байгаа нь Америк хүмүүсийн Орос оронд хандах хандлагаас тод ажиглагддаг. Хэвлэл нийтлэл, мэдээллийн сувгуудаар байнга Оросын эсрэг буруу ташаа мэдээлэл цацаж, Америкчуудын тархийг угаана, Оросын эсрэг турхирна, айлгана, хамгийн аюултай улс орон гэж сурталчилна. Гэтэл бодит байдал бол тийм биш гэдгийг өнгөрсөн зуны хөл бөмбөгийн дэлхийн аварга харуулсан шүү дээ. Наад захын Америк хүн Орос орон руу зүглэхээс айдаг гээд бод доо. Гэтэл эсрэгээрээ Америк өөрөө хамгийн аюултай орон болчихлоо шүү дээ. Миний хань энэ буруу ташаа ойлголтыг засахад хувьдаа хичээж хаана ч арга хэмжээ, уулзалтанд оролцохдоо энэ тухай нээлттэй хэлдэг, залруулдаг, сошиал хуудсаараа нийтэлдэг. Өөр өөр улс гүрний иргэд хүмүүсийг холбож, ойлголцуулж, ойртуулж чаддаг гүүр бол ямагт урлаг, спорт байдаг. Тэр дундаа кино уран бүтээл бол хүнд бодрол ухаарал хайрлах тал дээр маш далайцтай, өгөөжтэй, наалдацтай байдаг шүү дээ. Миний хань энэ том салбаруудын том төлөөлөл болсон хүний хувьд давуу талуудаа ашиглаж, Орос, Америкийн харилцааг сайжруулахад хүчин зүтгэж яваа. 

-Тангараг өргөх ёслолын үеэр та гоёмсог шар дээлтэй нь нүдэнд тусч байсан. Гадны хэвлэлийнхний анхаарлыг ч ихээр татсан. Тэр үеэр зориуд үндэсний дээлээрээ тэр дундаа тод өнгөөр гоёхоор шийдсэн үү?

-Тийм хүндэтгэлтэй том арга хэмжээнд үндэсний хувцсаараа гоёхгүй бол өөр юугаараа гоёх билээ. Би уг нь дэрвэгэр хормойтой хар ногоон дээл авч очсон байсан юм. Тэгсэн нэг л болдоггүй, хань маань ч таалдаггүй. Тэгээд л ээжтэй яриад, яаралтай цэвэрхэн, энгийн монгол дээл хийгээд явуулах арга байна уу гэлээ. Тэгсэн аав ээжийн минь цагаан сараар надад бэлэглэсэн тэр шар торго гэрт байж таараад, ээж минь тэрийгээ аваад л оёдолчин руу гүйсэн байсан. Тэгээд л нэг шөнийн дотор оёулаад, үүрээр Москвагийн онгоцонд дайж, би шууд тосч аваад л тангаргийн ёслолд өмсөөд зогсч байлаа шүү дээ. Тийм содон дээл болж олны анхаарлыг татна чинээ огт бодоогүй ээ. Би тэр өдөр тэр ёслолд тэр алтан шар дээлийг өмсөөд зогсч байх ёстой байсан болоод л бүх юм ингэж бүтсэн байх даа. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу