Монголоос хол дайн болж байгаа гээд амар жимэр суух үе биш гэдгийг зарим нь ойлгохгүй байгаа бололтой. Дайн болохоор хамаг юмны үнэ өсөх эрсдэл маш өндөр. Энэ хавар манай улсад шатахууны үнэ нэмэгдэх тохироо явагдчихсан гэх шуум чих дэлслээ. 

Ойрх Дорнодод үүссэн дайны нөхцөл байдлаас үүдэж олон улсын газрын тосны үнэ өсөж байна. Харин манай улсын хувьд ОХУ болон БНХАУ-аас шатахуун импортолдог. Тэгвэл, Орос улсад шатахууны үнэ өссөөр буй 2026 оны гуравдугаар сард гэхэд долоо хоногт АИ-92 болон АИ-95 бензиний биржийн үнэ 6 хувиас дээш өсжээ.

Шатахуун түгээх станцуудын бензиний дундаж үнэ литр тутамд 66 рубль, дизель түлш литр тутамд 77 рубль давжээ.Биржийн үнэ, 2026 оны 3-р сар гэхэд АИ-92 бензиний биржийн үнэ тонн тутамд 64,000 рубль давсан бөгөөд дизель түлш ч мөн өсч эхэлсэн.

Харин Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны сайд Г.Дамдинням  цаашид шатахууны үнэ нэмэгдэж магадгүй гэдэг тодорхойгүй асуудал ярьсаар яваа. 

Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин мэдээлэл хийх үеэрээ "Энгийн АИ-92 шатахууны үнэд өөрчлөлт орохгүй. Магадгүй Евро-5, Дизель түлш, Евро-92 шатахууны үнэ хэлбэлзэхийг үгүйсгэх аргагүй" гэсэн.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас "ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан Монгол Улсын дотоодын зах зээл дэх шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөхөөр байна" хэмээсэн нь үнэ цаашдаа нэмэгдэх төлөвтэй гэдгийг эртнээс хэлж буй бололтой.

Оны өмнөхөн Евро стандартын 92 бензиний үнэ литр тутамдаа 400 төгрөгөөр нэмэгдсэн. Нөгөөтэйгүүр нийлүүлэлтэд тасралт явагдаад иргэдийг чирэгдүүлсэн. Ийнхүү үнэ нэмэгдсэн шалтааныг ОХУ-д үнэ нэмэгдсэн учраас хэмээн манай улсын яамныхан мэдэгдсэн. Мөн 2025 оны тавдугаар сард АИ-92 бензиний үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн нь инфляцид тодорхой нөлөө үзүүлсэн байдаг. Шатахуун нөөцлөх савгүй учир уг тасралт үүссэн гэх утга бүхий тайлбарыг яамны сайд нь хэлсэн учраас төв банкнаас 500 тэрбумын репо санхүүжилт гаргуулж шатахуун импортлогч компаниудад өгсөн билээ. Энэ мэтчлэн хувийн компаний толгойг илж төрийн мөнгөнөөс татаас авахаа больчих хэрэгтэй. Ингэхлээр тэд үнээ зөвшилцөхгүй нэмэх гэж улайрчихдаг гэмтэй. ОХУ-ын дотоодын үнэ өссөн зэрэг шалтгаанаар дотоодын шатахуун импортлогч компаниуд АИ-92 шатахууныг литр тутамд нь 400, дизель түлшийг литр тутамд нь 800 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэх яриа ч нэлээдгүй газар яригдаад эхэлсэн гэх нь тэр.