Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх хуралдаан 2019 долдугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Есөн шүүгдэгчийн нэг болох О.Бямбажавын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар “шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзах” хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан юм.

Гэвч тус хүсэлтийг Төв аймгийн бүх шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр наймдугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр болох шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцох юм байна. Мөн тус шүүх хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон бусад гишүүд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа. Тодруулбал, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог УИХ-аас байгуулсан. Тус хороог УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалдаг бөгөөд гишүүдээр нь УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар ажилдаг бөгөөд тэд шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтэй байгаа ажээ.