ХУУЛЬ: Зөвшөөрөлгүй хуш модны самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулвал 27 сая төгрөгөөр торгох, 1-5 жил хорих ял онооно
49 минутын өмнө

Сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирэх болсон.
Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын шуурхай хурлын үеэр 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэхгүй байх шийдвэр гарсан гэдгийг олон нийтэд танилцуулав.
Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох "Хуш модны самар нь ойн дагалдах баялаг төдийгүй баавгай, хэрэм зэрэг амьтдын хоол хүнс, идэш тэжээлийн чухал эх үүсвэр. Түүнчлэн хушин ойн биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Судалгаа шинжилгээгээр энэ жил самрын нөөц маш бага байна гэж гарсан" гэв.
Иргэд, аж ахуйн нэгж зохих зөвшөөрөлгүй хуш модны самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдэл нь Эрүүгийн тухай хуулийн 24.8-р зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэсэн зүйл ангиар зохицуулагддаг байна.
Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар газар дээр нь ажиллаад хэрэв энэ нөхцөлөөр хуш модны самар түүж бэлтгэж, хадгалж тээвэрлэж байгаа асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлдэг байна.
Гэмт хэргийн шинжтэй нь нотлогдсон тохиолдолд 5.4 сая төгрөгөөс 27 сая хүртэл торгох 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах эсхүл 1-5 жил хүртэл хорих ялаар шийтгэх зохицуулалттай байдаг" гэлээ.






