Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглосон хууль боловсруулахыг Засгийн газарт даалгалаа
56 минутын өмнө
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.

Тус тогтоол батлагдсанаар Засгийн газарт үндсэн таван асуудлыг даалгаж байгаа юм. Үүнд:
- Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, энэ чиглэлээр хийгдэж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэмжих, хэвлэн нийтлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэх.
- Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, археологийн, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээлийг дэмжих, гадаадын зарим улс оронд хадгалагдаж байгаа бичмэл эх сурвалжийг олж тогтоох, тэдгээрийн эх хувь, хуулбарыг татаж авах, Монгол Улсын түүхийн сан хөмрөгт бүртгэж шинжлэх ухаан судалгааны эргэлтэд оруулах арга хэмжээ авах,
- Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих сан байгуулах, түүний хөрөнгөөр Их Эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол улсын түүхийг хамгаалан сурталчлах, үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай санал боловсруулж УИХ-д танилцуулах.
- Их Эзэн Чингис хааны түүх, Монгол Улсын төрт ёсны өв, Монгол төрийн үүсэл хөгжил болон тэдгээртэй холбоотой ном түүх, археологи, угсаатны судалгаа бүтээл, кино урлаг, соёлын арга хэмжээ, үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хууль тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх.
- Их Эзэн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, Их Эзэн Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав баглаа боодолд аливаа төрлөөр ашиглахыг хориглох тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгалаа.
Мөн түүнчлэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдана.







Зочин · 39 минутын өмнө
zuv mach hurdan solj uz
бат · 45 минутын өмнө
Жаахан хожуу болхоос их зөв санаа шүү