Б.Дэлгэрсайханы БНХАУ-ын Ардын дээд шатны шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг "Нууц материалууд" нэвтрүүлгээр дэлгэгдэв
14 минутын өмнө

Сэтгүүлч С.Будрагчаа "НУУЦ МАТЕРИАЛУУД" нэртэй цуврал нэвтрүүлгийг олон нийтэд хүргэдэг билээ. Тэгвэл тус нэвтрүүлэгтээ энэ удаад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон байж болзошгүй асуудлаар эрэн сурвалжилж ИХ ЗАМЫН "ДЭЭРЭМЧИН" нэртэйгээр хоёр долоо хоногийн өмнө цацаж үзэгчдэд хүргэсэн юм. Тэгвэл тус нэвтрүүлгийн хоёр дахь дугаараа "ШУНАЛЫН ДЭВ" нэртэйгээр цацлаа.
3000 вагонтой холбоотой асуудлыг эргэн сануулбал, Ли Сяомины охины ярьснаар дөрвөн жилийн дотор гурван зөрлөг бүхий төмөр замыг тавьж, ОХУ-аас 1000 вагон, БНХАУ-аас 2007 вагоныг нэмэлтээр оруулж ирж худалдан авах ажилд Ли Сяомин 460 сая ам.долларыг зарцуулсан гэж нэвтрүүлэгт дурдсан юм.
Тэгвэл хоёр дугаарт Ли Сяомины охин "Б.Дэлгэрсайхан "Болд төмөр ерөө гол" компанийн ачааны вагонуудыг махны наймаанаас олсон мөнгөөрөө худалдаж авсан гэж олон нийтэд мэдэгдсэн. Бид энэ мэдэгдлийг сонсоод их гайхсан. Б.Дэлгэрсайхан махны наймаанаас ашиг олсон байж болох ч эдгээр ачааны вагоныг худалдаж авахад Б.Дэлгэрсайхан сохор зоос ч төлж байгаагүй" гэжээ.
Мөн "Болд төмөр ерөө гол" ХХК-ийн нягтлан бодогч Чэнь Яньфэнг "Бид худалдан авах гурван гэрээгээр нийт 2007 ширхэг төмөр замын ачааны вагон худалдан авч, төлбөрийг нь бүхэлд нь үйлдвэрлэгчид рүү шилжүүлсэн. Үйлдвэрлэгч төлбөрөө хүлээн авсны дараа эдгээр вагоныг үйлдвэрлэж, Монгол Улсад хүргэсэн. Тухайн үед эдгээр цоо шинэ вагоныг бүгдийг нь Б.Дэлгэрсайхан хүлээн авсан" хэмээн онцолжээ.
Тус нэвтрүүлгийн үеэр Б.Дэлгэрсайханы хөрөнгө оруулагч Ли Сяомины хөрөнгийг дээрэмдсэн байж болзошгүй асуудал нь яг одоо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын дээд шатны шүүхэд хянагдаж байгааг дурдсан ба Б.Дэлгэрсайханы 2026 оны наймдугаар сард өгсөн гэрчийн мэдүүлэг дэлгэгдэв. Тэрээр гэрчийн мэдүүлэгтээ "БНХАУ-ын иргэн Ли Сяомин нь "Болд төмөр ерөө гол" компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээр одоо ч хэвээрээ байгаа. Ли Сяомин нь 2007-2015 онуудад "Болд төмөр ерөө гол" ХХК-д үнэ бүхий үйлдвэр, тоног төхөөрөмж, вагон, зүтгүүр зэрэг эд хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү хөрөнгө оруулалтад 2003 вагон болон 12 зүтгүүр багтаж байна" гэжээ.






