Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Монгол иргэнийг Австралийн шүүх буруугүйд тооцжээ
17 минутын өмнө

Өнгөрсөн зургаадугаар сард didi таксины жолооч 50 настай, Монгол Улсын иргэн А нь 17 настай австрали охиныг хулгайлах буюу хууль бусаар саатуулсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдан баривчлагдаж байв.
Түүний сэжиглэгдэн баривчлагдсан хэргийг шүүх хурал арваннэгдүгээр сарын 5-нд Сидней хотын орон нутгийн шүүхэд болж, хэрэгт огт холбоогүй болохыг тогтоон, цагаатгах шийдвэр гаргасан байна.
Иргэнийхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байж, сэтгэл санааны болон санхүүгийн шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор тус Элчин сайдын яамнаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд иргэн болон түүний гэр бүлийнхэнд байнгын анхаарал халамж тавьж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж ирсэн. Мөн энэ хугацаанд Австралийн холбогдох хууль сахиулах болон шүүхийн эрх бүхий байгууллагуудтай удаа дараа харилцаж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
Шүүхийн шийдвэр гарсны дараа буюу арваннэгдүгээр сарын 9-нд Ё.А гэр бүлийн хамт Канберра хотод хүрэлцэн ирж, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яаманд талархал илэрхийлсэн байна. Элчин сайдын яам Австралийн хууль сахиулах болон шүүхийн байгууллагуудад хэргийг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэсэнд талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам






