“Алаагүй баавгайн арьсыг арав хувааж булаацалдана” гэж ярьдаг шиг аваагүй байгаа Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр авъя, хуримтлалдаа хийе, томоохон төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлье гэсэн санал дээр нийгэм талцаж байна. Нийгэм ч юу байхав дээ, ард түмний хувьд дийлэнх нь санал нэгтэйгээр уг ногдол ашгийг хувь, хувийнхаа дансанд авъя л гэж байгаа юм. Харин эрх барих байгууллагууд нь тал талдаа өөр өөр байр суурьтай байна.

Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Сангийн сайдаа дуудаж, Оюу толгойн анхны ногдол ашгийг ард түмэндээ өг гэж үүрэгдсэн. Харин Засгийн газрын хувьд уг ногдол ашгийн тодорхой хэсгийг Баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулж, үлдсэнийг нь хуримтлалын сандаа хийнэ гэж байгаа. Тэгвэл УИХ-ын хувьд уг асуудлаар иргэдийн өгсөн санал буюу ногдол ашгаа бэлнээр авъя гэдэг өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсгээ зурсан учраас үүнийг УИХ-аар хэлэлцүүлэх ажлыг өчигдөр эхлүүллээ. Энэ хүрээнд ногдол ашгийг тараах асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр мөн уг асуудлаар тогтоолын төсөл батлуулахаар Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Гэвч Засгийн газрын зүгээс одоогоор санал ирээгүй байгаа гэдгийг тэрээр хэлж байсан. Мөн тэрээр “Байгалийн баялаг бол монголчуудын баялаг. Олж нээсэн, эсвэл зарсан хүний баялаг гэж төөрөгдөж явдгаа болих хэрэгтэй. Би хоёр долоо хоногийн өмнө Засгийн газарт Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр өгөх тухай тогтоолыг өргөн барьсан. Засгийн газар хариу өгөлгүй алгуурласаар байна. Сарын дотор хариу өгөхгүй бол УИХ-д тогтоолын төслөө өргөн барина. УИХ-ын гишүүд тодорхой хэмжээнд дэмжиж саналаа өгч байгаа. УИХ-аас хоёр шийдвэр гарах ёстой. Нэгдүгээрт, Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд олгоно. Хоёрдугаарт, хувьцааг иргэдэд өгнө” гэсэн юм. Ер нь Оюу толгойгоос гурав орчим их наяд төгрөгийн ногдол ашиг орж ирнэ гэж тооцож байгаа. Үүнийг иргэддээ тэнцүү тарааж өгнө гэвэл нэг хүнд ойролцоогоор 850 мянган төгрөг ногдож байна. Өөрөөр хэлбэл, таван ам бүлтэй айлын хувьд 4.2 сая гаруй төгрөг гэсэн үг. Энэ мөнгөөр тухайн айл зээл, сургалтын төлбөрөө төлнө. Энэ цаг үед идэш, уушаа бэлдэнэ. Дулаан хувцас, бусад хэрэгцээгээ хангачихна.

Байгалийн баялгийн хишиг гээд ороод ирвэл айл өрх, хүн бүр баярлалаа, эх орон минь гээд авах байх. Эдийн засгийн талаасаа зах зээл дээр огцом худалдан авалт буюу мөнгөний эргэлт нэмэгдэнэ. Яг одоогийн байдлаар худалдааны эргэлт царцанги байна гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдэд бэлэн мөнгө хомс байна гэсэн үг. Ийм үед ногдол ашиг иргэдийн дансанд тараагдвал мөнгөний эргэлт нэмэгдэж, эдийн засаг хөдөлгөөнд орох нь тодорхой.Нөгөөтэйгүүр, Оюу толгой бол дэлхийд тэргүүлэх том орд. Энэ том ордыг ашиглах гэрээ 2008-2009 оны үед зурагдсан. Түүнээс хойш бүтэн 18 жилийн дараа монголчууд бид анх удаагаа ногдол ашиг хүртэх гээд сууж байна. Энэ утгаараа анхны ногдол ашгийг ард түмэндээ Монголын төр тарааж өгөх нь зөв гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учралыг дуудаж уулзахдаа хэлсэн. Үүнийг нь сонсож, толгой дохин суусан Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхийлөгчийн хаалгыг хаагаад л Засгийн газрын байр суурь бэлэн мөнгө тараахгүй гэдэг дээрээ баттай байгаа гэдгээ дахин илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байна, гэхдээ ард түмэндээ бэлэн мөнгө тараахгүй гэж Ерөнхийлөгчөөсөө зөрсөн байр суурь илэрхийлээд байгаа.Засгийн газрын бэлнээр тараахгүй гээд байгаа шалтгаан нь энгийн. Иргэдэд шууд бэлэн мөнгө тараачихвал инфляци 2-3 хувиар өснө. Төгрөгийн ханш улам суларна. Үнийн өсөлтөө барьж дийлэхгүй алдана гэж болгоомжилж байгаатай холбоотой. Тиймээс хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгаа эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбартаа энэхүү ногдол ашгийн хөрөнгийг зарцуулъя гэж төлөвлөсөн.Засгийн газрын энэхүү тооцоололд буруу зүйл байхгүй. Гэхдээ эрх баригчид төдийгөөс өдийг хүртэл олсон орлого, ашиг, хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй, эдийн засгийг хэд дахин өсгөх төсөлд зарцуулж, түүнийхээ үр дүнг гаргасан нь хэд билээ гэж бодохоор даанч итгэл төрөхгүй байгаа юм. Оюу толгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгийг 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сургууль, цэцэрлэг байгуулах зэрэг авлигажсан төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байсныг Ардчилсан нам зогсоож чадсан гэдгийг АН-ын дарга О.Цогтгэрэл хэлж байна. Үүн шиг энэхүү ногдол ашиг үнэхээр авлигажсан төслүүдэд зарцуулагдаад, үлдсэн хэсэг нь хуримтлалын санд өсөлтгүй түгжигдвэл яах вэ? Үүнээс ард түмэн болгоомжилж, төрдөө итгэхгүй байгаа учраас л дансандаа авъя гэж шуугилдаад байгаа нь энэ.

Угтаа монголчууд бид Оюу толгойгоос ногдол ашиг авна гэж олон жил мөрөөдсөн. Тэр мөрөөдөл нь энэ жил биелэх гэхээр авч болдоггүй, авахгүй байж болдоггүй. Тэгвэл яах вэ? Инфляциа нэмэгдүүлэхгүй, үнийн өсөлтөө тогтвортой байлгаж, төгрөгийн ханшаа сулруулахгүйгээр энэхүү ногдол ашгийг авах боломжтой юу? Товчхондоо, монгол төгрөгийн ханш унах вий гэдгээс л хэн хүнгүй болгоомжилж байгаа.Тэгвэл үүнээс зайлсхийх арга нь Оюу толгойн ногдол ашгаа монголчууд бид валютаар нь авчихъя. Өөрөөр хэлбэл, ам.доллараар ногдол ашгаа авъя гэсэн үг. Рио тинто монгол төгрөгөөр бүтээгдэхүүнээ зардаггүй. Монголын баялгийг зарж борлуулсан орлого, олсон ашгаа ч Монголын банкинд байршуулдаггүй компани. Тэгэхээр ийм компанийн олсон ашгаас бид ногдол ашгаа ам.доллараар нь авна гэдэг бол шууд утгаараа цэвэр жимсний 100 хувийн шүүс ууж байгаатай адилхан. Өөрөөр хэлбэл, гадна талд эргэлдэж байгаа ам.долларыг Монголдоо оруулж ирнэ гэсэн үг. Үүнийг нь л хэдүүлээ хуваагаад авчихвал манай улсын эдийн засагт ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Монголоор дүүрэн эдийн засагчид байдаг биз. Тэгвэл ийм энгийн эдийн засгийн ойлголтыг мэдэх л учиртай. Бидний хүртэх баялгийн өгөөж ам.доллараар орж ирж байгаа бол яагаад заавал төгрөг болгон хувиргаж тараах ёстой гэж? Оюу толгой бол Монголын ард түмний баялаг. Тэндээс бий болсон өгөөжийг хүртэхдээ иргэдэд сонголт олгох нь зүйтэй. Хэрэв ногдол ашгийг ам.доллараар нь иргэдийн валютын дансанд шилжүүлбэл төгрөгийн зах зээлд нэг дор их хэмжээний мөнгө нийлүүлэх шаардлагагүй. Иргэдийн дансанд орсон ам.доллар шууд төгрөгийн худалдан авах чадварын эрэлт болж хувирахгүй. Өөрөөр хэлбэл, иргэн бүрд төгрөг тарааснаар үүсч болзошгүй зах зээлийн эрэлтийн огцом өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлах боломжтой. Үүний зэрэгцээ хэд хэдэн давуу тал бий. Нэгдүгээрт, иргэд валютын хуримтлалтай болно. Хоёрдугаарт, иргэд мөнгөө хэзээ, хэрхэн зарцуулахаа өөрсдөө шийднэ. Өнөөдөр төгрөгийн хэрэгцээтэй бол ам.доллараа төгрөгт хөрвүүлж болно. Харин яаралтай хэрэгцээ байхгүй бол валютын хадгаламждаа үлдээнэ. Гадаадад сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөр, эмчилгээ, аялал, бусад валютын төлбөрт ашиглаж ч болно. Гуравдугаарт, улсын валютын нөөц, санхүүгийн тогтвортой байдалд эерэг боломж бий болно. Дөрөвдүгээрт, баялгийн өгөөжийг эзэнд нь бодитоор хүргэх зарчим хэрэгжинэ.

Иймээс эрхэм УИХ-ын гишүүд ээ. Та бүхэн Монголын хамгийн том орд газрын анхны ногдол ашгийг ард түмэндээ тараагаад өгчих өө. Ингэхдээ хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлээд энэхүү ногдол ашгаа төгрөгөөр бус, ам.доллараар тараах зохицуулалтыг нэн яаралтай шийдээд аль.

 

Э.МӨНХТҮВШИН

Өдрийн сонин