1980-аад оны сүүлээр Дорнод, Дорноговь аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргаар ажилласан Б.Дэлгэрсайхан 1993 оноос “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, “Болдтөмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан гэгддэг болсон.

2016 онд УИХ-ын гишүүн болж, 2023 онд Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга, 2024 оноос Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа. Тэрбээр анх 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод АТГ-т тайлагнасан ХОМ-тээ “Би “Дорнын говь” ХХК, “Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Их говийн Шанд” ХХК, “Их Дэлгэрэх хэт” ХХК, “Ди Эс Эн Кей” ХХК, “Монтаймайнз” ХХК, “Миллениум Саксэс” ХХК, “Дорнын төмөр зам” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК гэх 12 компанийг эзэмшдэг” гэж мэдүүлж байв. 2016 онд “Би “Дорнын говь” ХХК,” Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК гэх зургаан компани эзэмшдэг” гэсэн. Эзэмшдэг компанийх нь тоо багасссар 2021 онд “Би “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь” ХХК гэдэг хоёр компани эзэмшдэг”, 2022 оноос хойших ХОМ-тээ “Ганцхан “Монтай Эрдэнэ” ХХК-ийг эзэмшдэг” гэж мэдүүлжээ.

Анх гишүүн болохдоо 12 компанитай гэж мэдүүлж, хойтон жил нь зургаан компани, өнөөдөр нэг л компани эзэмшдэг гэж АТГ-т мэдүүлдэг болсон. Энд гол яригдах “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг мэдүүлэхээ больсон. Б.Дэлгэрсайханы олон компаниар төрөл бүрийн бизнес хийж, тэдгээрийн дундаас “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иар хэрхэн будлиан хутгасныг Монголын ард түмэн 10 гаруй жилийн өмнөөс мэддэг болсон. “Болдтөмөр Ерөө гол” ХХК өнөөдөр ашиглалтын 275.01 га газартай Хандгайт MV-017607, 1405.41 га газартай Баянгол MV-008888, 761.13 га газартай Баянгол MV-021585 лицензүүдийг, хайгуулын MV-021585, Дулаанхаан XV-014453, Дулаан уул XV-013814, Хонгор-1 XV-012602 лицензүүдийг эзэмшдэг. Эдний дундаас Баянголын төмрийн орд нь ойролцоогоор 110 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй, Монголын томоохон стратегийн шинжтэй ордуудын нэг. Тус ордыг “Болдтөмөр Ерөө гол” ХХК ил болон далд уурхайн аргаар ашигладаг. Олборлосон хүдрээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгон дахь Цагаан хаалга өртөө болон салбар төмөр замаар дамжуулан үндсэн сүлжээнд холбон тээвэрлэдэг. Тэрбээр 2020 оны сонгууль дөхсөн зургадугаар сарын 29-нд Төрийн ордонд “Монголын стратегийн төмрийн хүдрийн ордын лицензийг эзэмшигч “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийнхаа хувийг албан ёсоор бусдад шилжүүлж, оффшор бүсээс хөрөнгөө татаж авсан” гэж мэдээлэл хийсэн. Тэгэхэд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн толгой компани болох “Mongolian Dornun Gobi Iron Ore Com­pany Limitd” нь Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй болсон байв. Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улс манай улсын зарласан оффшор бүсийн жагсаалтад багтдаггүй учир тэрбээр хөрөнгөө цэвэр харагдуулахаар тооцсон бололтой.

Гэхдээ УБЕГ-ын бүртгэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хамаарал бүхий этгээдээр Б.Дэлгэрсайхан бүртгэлтэй хэвээр байна. Хэдий “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иа Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улс руу цөлж холдуулсан ч тэндэх болон Монгол Улсын бүртгэлийн баримтаар тус компанийн 78 хувийг Хятадын иргэн Ли Шаомин эзэмшиж, Б.Дэлгэрсайхан 22 хувийг эзэмшдэг хэвээрээ байна. Харин одоо түүний “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иа нуухгүйгээр мэдүүлдэг байсан, УИХ-д ороогүй байх үеийн гэмт үйлдлүүд одоо сөхөгдөж эхлэх нь.

“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 78 хувийг эзэмшдэг Ли Шаомин болон түүний хөрөнгө оруулалтын баг тус компанийн хяналтын хувьцааг бүрдүүлдэг. Аливаа бизнесийн 78 хувийг эзэмшигч гэдэг бол түүнийхээ хэмжээгээр хөрөнгө оруулсан гэсэн үг. Тэрбээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг ашиглаж байхаас уурхайн бүтээн байгуулалт, түүний дотор уурхайн барилга байгууламж, олборлолт, баяжуулах, тээвэрлэлт, дэмжих дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбогдуулан ойролцоогоор 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ли Шаоминий баг үйлдвэрлэлийн зургаан шугам, ойролцоогоор 130 километр төмөр зам барьсан. Мөн Хятадад үйлдвэрлэсэн 2007 ширхэг ачааны вагон, Орост үйлдвэрлэсэн 1000 ширхэг ачааны вагон, Хятадад үйлдвэрлэсэн 12 ширхэг зүтгүүр нийлүүлжээ. Үүний дээрээс ойролцоогоор 25 километр урттай цахилгаан дамжуулах шугам, цахилгааны хоёр дэд станц, ойролцоогоор 60 километр урттай зам, төмөр замын таван ширхэг өртөө, тэсрэх бодис хадгалах байгууламж, 8000 гаруй мкв талбай бүхий оффисын барилга, ажилчдын байр, спортын байгууламж, зочдын байр, агуулах болон бусад туслах барилга, байгууламжуудыг хөрөнгө гаргаж байгуулжээ. Эдгээрт Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин зөвхөн хувьцаа эзэмшигчийн хувиар биш уул уурхай, боловсруулах, тээвэр, эрчим хүчний хангамж, ложистик болон туслах барилга, байгууламжуудыг хамарсан цогц аж үйлдвэр, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Тэрбээр энэ бүх хөрөнгө оруулалтыг хийхдээ өөрийн эзэмшлийн хувьцааг эргэлтэд оруулах замаар Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудаас 1.89 тэрбум ам.долларын санхүүжилт авчээ. Гэтэл эдгээр хөрөнгө оруулалтаар боссон бүтээн байгуулалтууд дууссанаас хойш “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 22 хувийг эзэмшдэг Б.Дэлгэрсайхан нь 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминий хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа ноцтойгоор зөрчих болжээ. Б.Дэлгэрсайхан “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаа больжээ. Үүний үр дүнд Ли Шаомин нь гүйцэтгэх захирал болон түүний багийн гишүүдийг томилох, тэдний эрх мэдлийг тодорхойлох, ногдол ашгийн хуваарилалтын хэмжээг батлах, хөрөнгө оруулалтаа эргүүлэн авах, аудитын компанийг томилох, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хянаж үзэх зэрэг хууль ёсны хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрхээ хэрэгжүүлэх боломжоо бүрэн алдсан байна. Энэ хууль бус үйлдлээс шалтгаалан 2016 оноос хойш Хятадын хөрөнгө оруулагч талд ногдол ашиг тараагдаагүй байна. Хэдийгээр тус компани хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, орлого, ашиг олсоор байгаа ч Хятадын хөрөнгө оруулагчид болон холбогдох Хятадын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудад төлөх ёстой төлбөрүүд олон жилийн турш хойшлогдож, шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ.

Энэ бүхэн нь Б.Дэлгэрсайхан бүх хөрөнгө оруулалтыг өөрийн болгох шуналд хөтлөгдсөнтэй холбоотой. Тэрбээр Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминыг өөрийн компанийн нярав О-гийн хамтаар Монгол Улсын шүүхээр шийтгүүлж, гэмт хэрэгтэн хэмээн цоллох үйл ажиллагааг зохион байгуулж, Монгол Улсад ирэх боломжгүйгээр хөөж явуулжээ. 2022 онд Монгол Улсын шүүх, ХЗДХЯ-ны мэдээлэлд “Болдтөмөр Ерөө гол” компанийн хувьцаа эзэмшдэг байсан Хятадын иргэн Ли Шаомины хөрөнгийг нярав О гэж эмэгтэй нь 317 сая ам.долларын зээл авахад хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийн мөнгийг завшсан гэж байв. Монгол Улсаас хөөгдөөд эх орондоо очсон Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин хөрөнгө оруулалтын асуудлаараа холбогдох газруудад ханджээ. Үүний дагуу Бээжин дэх арбитрын шүүхээс “Б.Дэлгэрсайханаас Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудад учруулсан хохирол гэж 2 тэрбум гаруй ам долларыг төлүүлэх” шийдвэрийг гаргажээ. Харин Б.Дэлгэрсайхан нь Бээжингийн арбитрын шүүх өөрийнх нь өр төлбөрийг хэлэлцэхийг мэдээд өмнө нь бүх мөнгөө Зүүнбаян-Хангимандалын төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн байна. Тэрбээр 400 сая ам.доллар зарцуулсан. Өнөөдөр энэ мөнгөө Монгол Улсын Засгийн газраас гаргуулж авахаар хөөцөлдөж байгаа.

Ийм байдлаар Хятадын Засгийн газраас Б.Дэлгэрсайханы Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудыг хохироосон асуудалд анхаарч, өөрийн иргэн, хөрөнгө оруулагч Ли Шаоминд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг эхлүүлжээ. Нэг ёсоор Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ. Үүний эхлэл болж, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 78 хувийг эзэмшдэг, Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминаас Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудыг хохироосон Б.Дэлгэрсайханаар өрийг нь төлүүлэхэд анхаарч өгөхийг хүссэн тайлбар бүхий захидлыг манай улсын гадаад харилцааны шугамаар холбогдох байгууллагад ирүүлсэн байна. Түүнд “Уул ус, гол мөрнөөр холбогдсон найрсаг хөрш орнууд болох Монгол, Хятад улсын харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг сүүлийн жилүүдэд бэхжүүлсээр байна. Хоёр улсын харилцаа гүнзгийрч, томоохон хамтын ажиллагааны төслүүд хэрэгжиж байгааг би үргэлж сайшааж, үнэлж ирсэн. Харамсалтай нь, Монгол Улсад хэрэгжиж буй төмрийн хүдрийн уурхайн төсөлтэй холбогдуулан Хятадын хөрөнгө оруулагчид, түүний дотор Хятадын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудын хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж, эдийн засгийн ихээхэн хохирол амссан. Энэхүү маргаан нь зөвхөн Хятадын хувийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хамаарахаас гадна Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудын олгосон санхүүжилттэй холбоотой үндсэн зээл, хөрөнгө оруулалтын өгөөж, хуримтлагдсан хүү, боломжийн зардлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой юм. Энэ асуудал нь санхүүгийн болон хууль эрх зүйн хувьд чухал үр дагавартай. Дээрх нөхцөл байдал нь Хятадын хөрөнгө оруулагчдад ихээхэн хэмжээний эдийн засгийн хохирол учруулж, тэдний болон санхүүгийн байгууллагуудын Монголд хөрөнгө оруулах итгэлд сөргөөр нөлөөлсөн. Мөн Хятадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, Хятадын санхүүгийн байгууллагуудын хууль ёсны ашиг сонирхол, Монгол-Хятадын эдийн засгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой. Өнгөрсөн хугацаанд миний бие хоёр орны хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны харилцааг хадгалах, хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийж маргааныг яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, эв найртай зөвлөлдөх замаар шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажилласан. Харамсалтай нь эдгээр хүчин чармайлтын дүнд ямар ч чухал ахиц дэвшил гарсангүй” гэжээ. Үүнийг дүгнэхэд Б.Дэлгэрсайханы Хятадын төрийн өмчит компаниудад үлэмж хэмжээний хохирол учруулсан эл асуудал нь түүнийг Хятад улсын хар жагсаалтад оруулж магад. Зөвхөн Б.Дэлгэрсайхан ч бус түүний энэ үйлдлээс болж улсаараа хар жагсаалтад багтаж, хөрөнгө оруулалт, томоохон санхүүгийн хоригт ороход бэлэн болсон байна. Хятадад шүүх болон арбитрын шийдвэрийг биелүүлээгүй хувь хүн, хуулийн этгээдийг Хятадын Улсын Дээд Шүүхээс гаргадаг "Итгэл алдагдагсдын хар жагсаалт" буюу List of Dis­honest Judgment Debtors /хятадаар Lao lai/-д оруулдаг систем үйлчилдэг байна. Нэг үгээр хэлэхэд, хоёр улсын харилцаанд сөрөг нөлөөтэй. Нэн ялангуяа Монгол Улсын эдийн засагт асар хохиролтой. Хятад улсаас Монголд оруулах хөрөнгө оруулалт царцах эрсдэлтэй. Жишээ нь, зам тээвэр, уул уурхайн төслүүд зогсож болзошгүй. Маш ноцтой нь Хятад улс өр төлбөрөө авахын тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй нөхцөл үүслээ.

Х.Ганжуур

ӨДРИЙН СОНИН