С.Баясгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээлээ
25 минутын өмнө

Хуучин нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан С.Баясгаланд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тэрбээр өмгөөлөгчдийнхөө хамт давж заалдах гомдол гаргасан байдаг.
Өдгөө Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж буй тэрбээр дээрх яаманд удирдах ажил хийж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Хурдан морины бооцоот уралдааны хуулийн төслийг боловсруулах гэрээ байгуулан бусдад давуу байдал олгон, улсын төсөвт хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.
Эл хуулийн төслийг 2013 онд тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан боловсруулж бэлэн болгосон ч УИХ-д өргөн бариагүй байсан гэдэг. Уг төслийг нэр бүхий хүмүүст өгч, 2019 оны арванхоёрдугаар сард хуулийн төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэгч “Атаршим трейд” гэх компанийнхантай гэрээ байгуулан гарын үсэг зурсан аж. Улмаар хуулийн төсөл эцэслэн боловсруулах ажлын санхүүжилтэд 10 сая төгрөг дээрх аж ахуйн нэгжид олгосон. Гэвч тухайн ажлыг хийгээгүй байхад бүрэн гүйцэд боловсруулж дууссан хэмээн баримт, материал бүрдүүлж улсын төсвийн 10 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон байдаг.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн тавдугаар сард С.Баясгаланд холбогдох хэргийг хэлэлцээд нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.






