Их эмч С.Лхагвадулам: Бөөрний архаг дутагдал эрс залуужиж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна
59 минутын өмнө

Цэргийн төв эмнэлгийн диспансер, хяналтын тасгийн Бөөр, дотоод шүүрлийн их эмч, хошууч С.Лхагвадуламтай бөөрний өвчлөлийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед бөөрний ямар өвчлөл ихсэх хандлагатай байгаа вэ. Бөөрний өвчлөлийг цочмог бас архаг гээд яриад байх юм. Энэ талаар ярихгүй юу?
-Сүүлийн үед бөөрний архаг дутагдал эрс ихэсч залуужиж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Бөөрний дутагдалд хүргэж байгаа гол эмгэгүүд нь артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, тулай өвчнүүд голлож байна.
Эдгээр өвчин удаан хугацаанд үргэлжилбэл бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж бөөрний архаг дутагдалд хүргэдэг. Бөөр нь бидний биеэс хог хаягдлыг зайлуулах үүрэгтэй шош хэлбэртэй, хос эрхтэн юм. Бөөр нь шингэний болон эрдэс бодисын тэнцвэрийг хангадаг, цусны улаан эсийн үйлдвэрлэл, Д аминдэмийн солилцоо зэрэгт оролцдог. Бөөрний өвчин нь цочмог, эсвэл архаг байж болно.Цочмог бөөрний дутагдал хэдхэн цаг, эсвэл өдрийн дотор тохиолддог. Тиймээс яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.
Шингэн алдах, их хэмжээгээр бөөлжих, гүйлгэх, цус алдах болон цочмог үрэвсэл, хордлогын улмаас бөөрний цочмог дутагдал үүсч болно. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, бөөрний олон тооны уйланхай, чихрийн шижин, артерийн даралт ихсэх, тулай зэрэг өвчний улмаас бөөрний архаг дутагдал үүсдэг. Бөөрний цочмог дутагдлын үед шалтгааныг эрт илрүүлэн эмчилгээг цаг алдалгүй хийвэл бөөрний үйл ажиллагаа бүрэн сэргэж эдгэрэх боломжтой. Харин бөөрний архаг дутагдлын үед бөөрний үйл ажиллагаа эргэн сэргэх магадлал бага байдаг тул эмчийн хяналтад байж, эмийн болон гемодиализ эмчилгээг таслахгүй байх нь чухал.
-Хүмүүс бөөрөө дааруулахгүй, эм эмчилгээгээ сайн хийлгээд явж байхад гайгүй IV, V шат дээр ирснээ мэддэг гэх мэдээлэл бий?
-Бөөрний архаг өвчин тодорхой хугацааны туршид аажмаар, дэвшилтэт үе шаттайгаар явагддаг. Нэг бөөр гэмтсэн ч нөгөө бөөр нь бүх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд бөөрний эмгэг нь зөвхөн ахисан шатанд хүрсэн үед оношлогддог. Энэ нь эмчлэхгүй бол хожим бөөрний дутагдалд хүргэдэг. Бөөрний өвчин бол даамжирдаг өвчин тул цаг хугацаа өнгөрөх тусам улам дорддог. Шинж тэмдэг илэрмэгц нефрологич дээр очихыг эмч нар зөвлөдөг. Тийм ч учраас хүмүүс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх нь зүйтэй. Мөн цусны даралт, сахараа сайн хянаж, эмээ тогтмол уух нь үйл ажиллагааны алдагдал буюу бөөрний архаг дутагдлаас сэргийлнэ гэсэн үг.
-Бөөр өвдвөл анхны шинж тэмдгүүд яаж илэрдэг юм бэ. Улирлаас улиралд шилжих үед бөөрнйи өвчлөл ихэсдэг үү?
-Шээс ихсэх, шээсний цусан хангамж, ядаргаа, хяналтгүй өндөр цусны даралт унах, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, цус багадалт, хаван, унтах асуудал, байнгын загатнах, амьсгал давчдах зэргээр илэрдэг. Ер нь хүн бүр өөрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл зөв амьдралын хэв маягийг эртнээс дадуулж сурах хэрэгтэй. Хамгийн гол нь ямар ч өвчний шинж тэмдэг, зовуурь илэрсэн тохиолдолд өөрт ойролцоо эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчид яаралтай хандаж сурах нь зүйтэй. Эрт урьдчилан сэргийлэх тусмаа бид аливаа өвчнийг хүндрүүлэлгүйгээр эмчилж, эдгээх боломж бий болдгийг иргэд маань санаж байх хэрэгтэй. Хавар, намрын улиралд энэ өвчлөл илүүтэй ихэсдэг. Ялангуяа улирлууд солигдох үед их тохиодог. Яагаад гэвэл энэ үед хүний биеийн дархлаа унаж суларч байдаг. Яг өвлийн улиралд бас оргил үе гэж хэлэгддэг. Тэр үеүдэд хувь хүмүүс бөөрөө хамгаалаад, өвдөөгүй байсан ч мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авчихад илүүдэхгүй.
-Танай эмнэлэгт энэ төрлийн өвчлөлөөр ямар үеийнхэн илүү зонхилж үзүүлж байна вэ. Мөн өнгөрсөн жилээс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг танай эмнэлэгт хийж эхэлсэн гэж байсан?
-Цэргийн төв эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн тасгийн хамт олон жил бүрийн 11 дүгээр сард “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”, гуравдугаар сард “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг угтан ард иргэдэд бөөр, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө бүхий өдөрлөг зохион байгуулан ажилладаг. Энэ төрлийн өвчлөлөөр голчлон 25-45 насныхан их үзүүлэхээр ирдэг. Мэдээж зөвхөн залуучууд өвддөггүй. Ахмад настнууд нэлээд хандана. Энэ жилийн хагас жилийн дүн мэдээгээр 5081 хүн манай эмнэлэгт хандсан байна. Тэгэхээр өвчлөл их байгааг харуулж байна. Эндээс хувилаад яривал чихрийн шижин 35-40 хувь орж ирдэг.Шээс дамжуулах замын үрэвсэл сүүлийн үед ихэсч байна.Тэрнээс халууны улиралд 15 хувьтай, сэрүүний улиралд нийт өвчлөлийн 30 хувь орчим орж ирж байгаа. Тулай бол нэлээд ихэсч байна. Бараг нийт үйлчлүүлэгчийн 50-60 хувь тулайтай байгаад байна. Энэ бүхэн бөөрийг хавсарч гэмтээдэг гэдгийг хүмүүс сайн ойлгож, буруу хооллолт, амьдралын буруу хэвшлээс салах хэрэгтэй байгаа юм.
Манай эмнэлэг 2025 оны гуравдугаар сараас эхлэн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багтай хамтран бөөр шилжүүлэн суулгах хагалгааг улсын хэмжээнд таван удаа хийгээд байна.
Б.НАНДИНЦЭЦЭГ
ӨДРИЙН СОНИН






