Дэлхийн Спортыг Эх Орондоо: Монголын Морин Спорт, Морин Бөмбөгийн Холбоо анхдугаар их хурлаа хийлээ
58 минутын өмнө

Монгол адууны дэлхийд гайхагдах хурд хүч, өв соёлыг олон улсын шинэ үеийн морин спорттой хослуулах зорилготой "Монголын Морин Спорт, Морин Бөмбөгийн Холбоо" НҮТББ-ын Анхдугаар Их Хурал амжилттай болж өнгөрлөө.
Тус хуралд Монголын Морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, Олон улсын Морин Бөмбөгийн холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Жеймс Коупланд (James Copeland) болон Франц Улсын аварга тамирчин, дасгалжуулагч Бенуа Бонез (Benoit Beaunez) нар тэргүүтэй хүндтэй зочид оролцож, монгол тамирчдыг дэлхийн тавцанд бэлтгэн гаргахад хамтран ажиллахаа илэрхийлэв.
Албан ёсны бүртгэлээ 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталгаажуулсан тус холбоо нь байгуулагдсан даруйдаа "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд 8 багийн нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион байгуулж, иргэд болон гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулсан юм. Монголын адуучин залуус, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг Дэлхийн ба Азийн аварга, Дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцуулан, монгол адууны мянга мянган жилийн түүхийг дэлхийд шинэчлэн бичих нь тэдний гол зорилго бөгөөд энэхүү спортыг бүх насныханд нээлттэй хөгжүүлж, улс, аймаг, сумын баяр наадмын хөтөлбөрт тусгахаар төлөвлөж байна.
Морин бөмбөг (Horseball) нь 65х25 метрийн талбайд, газраас 3.5 метрийн өндөрт байрлах босоо цагираг руу бөмбөг шидэн гоол оруулдаг, аюулгүй байдлын хатуу дүрэм бүхий 20 минутын турш өрсөлддөг багийн спорт юм. Нүүдэлчин соёлын өв болон орчин үеийн морин спортын нэгдэл болсон энэхүү шинэ төрөл Монгол оронд өнгө нэмэн хөгжих гараагаа ийнхүү амжилттай эхлүүллээ.






