Орон сууцны зураг төслийг хиймэл оюун ухаанаар бүтээж, иргэдэд ₮4.1 тэрбумын хохирол учруулах гэж байсан этгээдийг баривчилжээ
50 минутын өмнө

4.1 тэрбум төгрөг залилах гэж байсан этгээдийн үйлдлийг таслан зогсоож баривчилсан талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Тодруулбал Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлж байна гэж иргэдийг залилах зорилгоор урьдаас төлөвлөж, бусадтай тохиролцон залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг цагдаагийн алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Тус этгээд нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаж мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байх үедээ 2024 онд оргон зайлсан байна.
Яллагдагч Д нь House mentor, Arvijih green village, Svmber house capital зэрэг цахим хуудсыг хөгжүүлж, хаус хорооллын төслийн зураг, видео шторк, танилцуулга зэргийг AI ашиглан бүтээлгэж, бусдад сурталчлан залилдаг байсан нь тогтоогджээ.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан хаус, орон сууцны төслийн видео танилцуулга болон зураг, хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрслэлд үндэслэн урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, аливаа мэдээлэлд болгоомжтой хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.






