Сурагчид ТВ хичээлд бүрэн хамрагдахгүй буй баримт, мэдээ олон байна. Коронавирусийн улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж, сурагчдыг гэр гэртээ сууж хичээллэх шийдвэр гарсан. Уг шийдвэр гарсны дараахан авто тээврийн “Драгон” төвөөр ороход аав ээж, ах дүүгээ даган хөдөөг зорьж буй сурагч нэн олон байв.

Тэд нэг талаар аюулт вирусээс зугтааж буй мэт. Нөгөөтэйгүүр сурагчдын ээлжийн амралт эхэлсэн юм шиг сэтгэгдэл төрүүллээ. Саяхан хөдөөний нэг багштай ярилцлаа. Арваадхан хүүхдэд ТВ хичээл зааж байгаа гэнэ. Бусад сурагч хаана явааг сонирхоход “Малчны хүүхдүүд гэр гэртээ харьцгаасан. Тэдэнтэй холбогдож ТВ хичээл заах ямар ч боломжгүй” гэх хариу хэллээ. Удахгүй анги дэвших, сургууль төгсөх шалгалт эхэлнэ. Гэтэл бүтэн сарын турш хичээлийнхээ агуулгыг үзэхгүй, хоцорсон сурагчид шалгалт өгөх тухайд санахын ч хэрэгтэй болох нь. Иймд гуравдугаар сарын 2 хүртэл олон хоног үлдсэн тул хот, хөдөөд ялгалгүй ТВ хичээлд оролцох сурагчдын ирцийг бүрдүүлэхэд сайтар анхаарч, хяналтаа чангатгамаар байна.

Төв, сууринд зурагт радио бүхий айлын хүүхдүүд хичээл хийх боломжтой байхад алслагдсан хөдөөх малчид, айл өрхийн хүүхэд юу ч үзэж сонсохгүй хохирох нь ээ. Эцэг эх нь ч хүүхдээ хичээлийн агуулгаас нь хоцроохгүйн тулд хичээллэх боломж, нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд анхаарах, сургууль багш нар эл ажилд илүү их санаачилга, идэвх гаргаж ажилламаар байна.

“Муу эр дайнд хөөрнө” гэгчээр коронавирусийн сургаар хичээл, номдоо хамрагдахгүй байгаа сурагчдад ихээхэн уршиг дагуулах тул сургууль, багш, эцэг эх сурагчдын хамтын ажиллагаа, хичээл зүтгэл тун эрхэм болоод байна.

 

Н.Бөхдамбий

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин