Иргэдийн бухимдал ба үнийн хөөрөгдөл
2 цагийн өмнө

-ХҮНС, НОГООНЫ ҮНЭ 2000-3000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ -
Иргэдийн хувьд хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол “үнийн өсөлт хэр байгаа бол” гэх асуулт болжээ. Мах, хүнсний ногоо, гурил, будаа зэрэг зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхийн зэрэгцээ шатахууны хомсдол үүссэн нь иргэдийн бухимдах шалтгаан болов. Зах, худалдааны төвд бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа талаар сурвалжлахаар өглөө эрт “Баянзүрх” худалдааны төвийг зорилоо. Хаалгаар нь мах, ногооны эхүүн үнэр хамар цоргих ажээ.

Бид эхлээд махны лангуугаар орсон юм. Худалдагч нар шинэхэн ирсэн махаа лангуун дээрээ өрж байхтай таарлаа. Зарим нь “Шинэ ирсэн мах аваарай. Ямар мах авах вэ” зэргээр хажуугаар өнгөрсөн хүмүүсийг дуудна. Махны худалдагч Э.Мөнхзул “Бид өглөө бүр шинэ махаар лангуугаа дүүргэдэг ч өдөртөө зарагдаад дуусдаг. нэг килограмм үхрийн мах 30-35 мянга, хонины мах 27, ямааны мах 25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Бид махаа Хэнтий, Сүхбаатар аймгуудаас авдаг” гэсэн юм. Харин мах авахаар зогсож буй иргэн Б.Оюунбаатар ам бүл олуулаа учир махны үнэ буурсан ч амьдралын зардалд хүнд тусаж байгаа талаараа хуучилж байлаа.

Тэрбээр “Махны үнэ өсөхөд санхүүгийн хувьд маш их хямралтай болж байна. Хэсэг хугацаанд үхрийн мах 40 мянган төгрөг хүрсэн. Тэр үед үнэхээр хэцүү байсан. Одоо 30-35 мянга болж буурсан ч гэсэн ам бүл олуулаа бидний амьдралын зардалд хүнд тусаж байна. Би хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан хүн. Улсаас тодорхой хэмжээний тэтгэмж авдаг. Түүний дийлэнхээр нь эм тариагаа авч, үлдсэнээр нь мах, ногоо, хүнсээ авч амь зуудаг хүн” хэмээн ярилаа.

Хүнсний ногооны үнэ өсөхөд иргэдийн сонголт мөн өөрчлөгддөг. Өмнө нь хоол хүнсэндээ төрөл бүрийн ногоо тогтмол хэрэглэдэг байсан айл үнэ өндөр бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр авах, эсвэл түр хугацаанд хэрэглээнээсээ хасах ч тохиолдол бий. Иргэн Б.Долгор “Бүх ногооны үнэ нэмэгдсэн. Тэр тусмаа нарийн ногоо их үнэтэй байна. Таван килограмм төмс, гурван килограмм лууван, хэдэн байцаа, сонгино авахад л тавь, жаран мянган төгрөг болсон. Супермаркетаас илүү хүнсний захаас авсан нь үнийн хувьд бага зэрэг хямд, мөн сонголт ихтэй байдаг” гэв. Ногооны худалдаачид Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Төв аймгийн Борнуур болон Жаргалант сум, Дархан гэх мэт газруудаас нийлүүлэлтээ авдаг гэнэ.
Тус зах дээр худалдаалагдаж буй иргэдийн өргөн хэрэглэдэг зарим бүтээгдэхүүний үнийг дор хүснэгтээр үзүүлэв.

“Импортын хүнсний ногооноос илүү дотоодын ногоо харьцангуй их борлуулагдаж, тэр дундаа төмс хамгийн их зарагддаг. Зарим хүмүүс үнийг нь харна, нэг хэсэг нь чанарыг нь илүүд үзэх гээд янз бүр байдаг. Шинэ ногоо гарсан үед хүмүүс өвлийн нөөцөө бэлдэх гээд нэлээд ихээр худалдан авдаг. Бензиний үнэ нэмэгдэж байгаатай холбоотой хүнс ногооны үнэ тодорхой хэмжээнд буюу 2-3 мянган төгрөгийн хооронд нэмэгдэж байгаа тул ногооны үнэ нэмэгдэхэд худалдан авагчдын тоо багасдаг” гэж худалдагч Г.Энхтуяа ярилаа.
ЖОЛООЧ: ХӨДӨӨ ОРОН НУТГААС ХҮН ӨВДӨЖ НААШ, ЦААШ ЯВАХ ЯМАР Ч ЭРХГҮЙ БОЛЧИХЛОО
Шатахууны үнэ нэмэгдэхэд л орон нутгийн тээврийн зардал өсөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ордог нь нэг ёсны зүй тогтол болсон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр албаныхан нийлүүлэлт нэмэгдэж, шатахууныг хэвийн олгож байгаа гэх боловч амьдрал дээр байдал өөр байгаа. Шатахуун авахаар дугаарласан
машины тоо багасахгүй байгааг хотын гудамж, шатахуун түгээх станцын эргэн тойрноос бэлхнээ харж болно. Тэгвэл энэ талаар “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч хэлэхдээ “Өдөр бүр дунджаар 9-10 тонн шатахуун ирдэг. Гэвч тэр нь одоогийн байдлаар 600 гаруй машин үйлчлүүлж байгаа тул өдөртөө дуусаж байгаа. Зарим үйлчлүүлэгч
дугаарын хязгаарлалтаас болоод нэгэнтэйгээ барьцах зэргээр бухимдах нь ажиглагдаж байна” гэсэн юм.
Иргэдийн хувьд шатахуун тасалдах эсэх, хаанаас шатахуун авах, хэр удаан дугаарлах вэ гэдэг нь өдөр тутмын амьдралын төлөвлөгөөнд хүртэл нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа гэдгийг хэлж байна.
Иргэн У.Мөнхзориг “Ард түмний амьдрал ямар байгаа билээ. Шатахууны үнэ өндөр, 50 мянган төгрөгт авахын тулд олон цагаар дугаарлаж байгаа нь хүндрэлтэй байна. Эсвэл албаар үнээ нэмэх зорилгоор зохиомол дараалал үүсгээд байгаа ч юм уу. Хөдөө орон нутгаас хүн өвдлөө гэхэд нааш, цааш явах ямар ч эрхгүй болчихлоо. Тавин мянган төгрөгийн шатахуун авахын тулд олон цагаар дугаарлахад бараг 100 мянган төгрөгийн шатахуун хэрэглэж байх шиг байна. Сайхан амьдрах бүрэн боломжтой оронд биднийг яаж амьдруулаад байгаа юм бэ. Хэдэн зуун жилээрээ хэрэглэх ховор элементүүд бидэнд байхад эргээд л өрөнд унаж байгаа гэхээр аймшигтай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Монголчууд бидний өдөр тутмын хоол хүнсний салшгүй хэсэг бол мах. Гэхдээ түүний үнэ нэмэгдэхийн хэрээр айл өрхийн санхүүд шууд нөлөөгөө үзүүлдэг. Тийм болохоор энэ үед хүмүүс өрхийн хэрэглээгээ аль болох танаж, өмнө нь авдаг байсан хэмжээгээ багасгахыг чухалчилдаг гэдгээ хэлж байсан юм.
Өөрөөр хэлбэл, иргэдийн “хэрэглээгээ танаж байна” гэсэн үгний цаана өнөөх л үнийн хөөрөгдөл бий. Тийм ч болохоор бидэнтэй уулзсан олон хүн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаад бухимдаж буйгаа хэлж байлаа.
Г.НОМИН
Б.АЛТАНЗУЛ
ӨДРИЙН СОНИН







Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh