УИХ-ын гишүүн Б.Батзоригт хилийн хориг тавилаа
2020/03/11
ЖДҮ-ийн хэргээр 2019-11-18-ны өдөр шүүх танхимд "заларч" байсан УИХ-ын гишүүн бол Б.Батзориг. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзориг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн 1802004880258 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулсан.
Тус шүүх хуралдаанд яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 болон 17.5 дугаар зүйлийн 4-т заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээрх яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ Б.Батзоригт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, нэг жил хорих ял оноох, хохирол гаргуулахгүй, хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж тохиролцсон аж.
2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн прокурор саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа хянан хэлэлцээд “Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэн хурлыг энэ сарын 17-ны 10.00 цагт хийхээр товлосон байна. Улмаар УИх-ын гишүүн, шүүгдэгч Б.Батзоригт хилийн хориг тавьсан байна.
Хэргийг эргэн сануулахад, Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан нь тогтоогдсон гэж прокурор үзсэн юм. Улмаар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн тулял "наймаалцсан" нь ийнхүү бүтэлгүйтэж түүний гэм бурууг шүүхээр дахин шийдвэрлэхээр болжээ.
Дүүргийн дарга байхаасаа · 2020/03/12
Энэ нөхөр Дүүргийн дарга байхаасаа баяжсан. УИХ-д ороод яг тийм маягаар ажиллах гэсэн. Тэгээд арга нь таарч өгөөгүй. Ер нь балай амьтан даа. ЖДҮ-гээ юу гэж цайруулах гээд байлаа. Дарга ч гэсэн ЖДҮ-гээс авах эрхтэй гээд бүх мөнгийг тараачихсан хүн дээ.
Зочин · 2020/03/12
ЖДҮ г амархан шийдлээ шүү тэ