Цагдаагийн байгууллагаас байнга сэрэмжлүүлэг мэдээллийг өгдөг ч иргэд залилуулах тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, Фэйсбүүк зарын дагуу бусад руу  мөнгө шилжүүлж хохирсон хэрэг шүүхийн шатанд шилжээд байна.

Монгол улын иргэн У.А нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим банк ашиглан “Айтем” нэртэй компьютерийн тоглоом зарна гэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Э.Өнөрзоригоос 650,000 төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ талаар залилагч этгээд “... Анх 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр миний бие КТМС-ийн ойролцоо байрлах “....” нэртэй pc тоглоомын газарт үйлчлүүүлж байхад Өнөрзориг гэх хүн надаас 1 сая төгрөгөнд “Айтем” нэртэй хүмүүсийн “Дота” гэх нэрээр мэдэх болсон компьютерын тоглоомыг худалдаж авья гэж хэлсэн. Би түүнд “...надад 1 сая төгрөгийн үнэтэй “Айтем” байхгүй, харин 650,000 төгрөгийн үнэ бүхий тоглоом байгаа” гэж хэлсэн. Ямар учраас Өнөрзориг нь надаас ийм төрлийн тоглоом асуусан бэ гэхээр Өнөрзориг нь надаас өмнө нь 1-2 удаа толоом мөнгөөр худалдаж авч байсан болохоор надад тоглоом байж магадгүй гэж бодоод надруу чат бичсэн байх.

Харин Өнөрзориг нь надаас дахин “..чи надад 650,000 төгрөгийн үнэтэй байгаа тоглоомоо өгчих” гэхээр нь би түүнд хандаж “..эхлээд мөнгөө хийчих” гэж хэлээд тухайн үед пи-си-нд тоглож байсан Сайханбилэг гэх хүүхдийг картаа ашиглуулахыг гуйсан бөгөөд, түүнээс би дансны дугаарыг нь асуугаад Өнөрзориг руу чатаар явуулж байсан. Одоогоор ямар дансны дугаар явуулж байснаас сайн санахгүй байна. Тухайн үед дансны дугаар явуулсны дараагаар Өнөрзориг нь тус явуулсан данс руу 650,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд миний бие тухайн картнаас Өнөрзоригийн шилжүүлсэн мөнгийг нь АТМ-ээр дамжуулан авсан боловч тоглоомыг нь өгөөгүй.

Яагаад гэвэл надад тухайн үед үнэн хэрэгтээ ямар ч тоглоом байгаагүй бөгөөд надад мөнгөний яаралтай хэрэг гараад мөнгийг нь авчихсан. Дахин Өнөрзоригтой харилцаагүй. Ингээд мөнгийг нь шилжүүлж авснаас хойш Өнөрзориг нь надруу залгаад, чат бичээд “...тоглоомоо авья” гэж хэлээд, бичээд байсан бөгөөд би тухайн үед “...хэд хоногоос тоглоомыг нь өгнө” гэж хэлж байгаад тоглоомыг нь өгөлгүй, мөнгийг нь аваад, холбоогоо тасалсан ба авсан мөнгөө хувийн хэрэгцээнд зарцуулаад, хувцас хунар аваад дуусгачихсан....” гэж мэдүүлжээ.

Харин мөнгөө залилуулсан  иргэн Э.Өнөрзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 04 дүгээр сард “Нирлан” гэх фэйсбүүк хаяг дээр “Айтем” их хэмжээгээр зарна гэсэн зар байсан. Уг зарын дагуу 891154** дугаар руу холбогдоод асуухад би зардаггүй юм аа манай найз залуу зардаг юмаа гэж хэлээд удалгүй 995433** дугаараас найз залуу гэх хүн залгаад “Айтем” авна гэсэн гээд тухайн үед бид хоёр нэг долларыг 1600 төгрөгөөр бодоод 650,000 төгрөгөөр авахаар болоод би Сансарын КТМС дээр очиход надад шалтаг хэлээд надад олдоогүй маргааш над руу яриад өчигдөр би завгүй байлаа гэж хэлсэн.

Тухайн үед би ажил дээрээ байж байхад уг залуу нь чи мөнгөө шилжүүлчихээ би “Айтемаа” 20-30 минутын хүлээлгэн дээр бэлдчихлээ чи мөнгөө шилжүүлчихвэл угаасаа чам руу автоматаар шилжиж орно гэхээр нь би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ажил дээрээсээ өөрийн мобайл банкны 50009272** гэх данснаас 5210107788 дансны дугаар луу шилжүүлсэн. Тухайн үед уг залуу би найзынхаа дансыг ашиглаж байгаа энэ данс руу хийчих гэж хэлж байсан.

Тэгээд би уг данс руу хийчихээд хэлсэн чинь би гараад дансаа шалгаадахья гээд дансаа шалгачихаад надад мөнгө орсон байна гэж хэлээд би Айтемыг чинь оруулчихнаа гэж хэлээд алга болчихсон. Тэгээд миний хохирлыг одоо хүртэл барагдуулаагүй байгаа...” гэж мэдүүлсэн байна.

Энэ хэргийг  цагдаагийн байгууллагаас шалгаж хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020.02.10-ны өдөр хэлэлцээд  У.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар хохирол болох 650 000 төгрөгийг төлж барагдуулахын зэрэгцээ 6 сарын хорих ял оноосон юм.

Асуудлын ггол нь тухайн этгээд нь ганц энэ хэрэг ч биш өөр олон хэрэгт дахар шалгагдаж байгаа этгээд аж. Түүний хэргүүд ийнхүү эхнээсээ шийдэгдэж байгаа нь л энэ. Цаашид хохирогчийн тоо нэмэгдэх юм.

Тиймээс цахим орчин дахь зарын дагуу худалдан авалт хийх бол байнга нягталж шалгах хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.