Монголын нийгэм тогтвор­гүй, ажилгүйдэл, ядуу­рал, авлигал нь хэрээс хэтэрсэн, дээрээс нь архи ба химийн элдэв хорт бодист хорд­сон, энэ бүх үзүүлэлтээр дэлхийд сүүл мушгиг­чдын тоонд орчих­сон яваа­гийн гол шалтгаан бол эрх баригчид, зах зээл, Хятадын далд бодлого, эсвэл иргэншлийн гологдол гэхчлэн буруутгах буруу­тан мундахгүй.

Гэвч сэтгэ­хүйн хоос­рол буюу тархины ядуурал хамгийн гол буруутан нь мөн. Энэ тухай өгүүлбээс:

  “Баян”, “баялаг” гэдэг үгийн утгыг эхлээд тунгаах аваас, эдүгээгийн монгол төсөөллөөр арай л өөр, нэг тиймэрхүү прими­тив гутармаар зүйл толгойд буух болов уу. “Мянгат малчин” гэж хөдөөд лут баян хүн нэлээдгүй тоогоор бий. Хотондоо 1000 хонь, 200 үхэр, азарга адуутай хүн байна гэж бодъё. Нийт өмч нь шүү дээ. Монгол ухаанаар бол энэ лут баян хүн хамгийн хүндтэй нь мөнөөсөө мөн. Гэтэл мөнгөн дүнгээр тэр их өмчийг нь тоолбол 100 сая төгрөг, эсвэл 100.000 ам.доллар хүрэх төдий. XXI зууны соёлжсон, эрүүл нийгмийн хэмжүүрээр бол ийм хэрийн мөнгийг захын хүн өмчилж, бараг тэтгэврийн хөгшдийн хадга­ламжинд байж байдаг мөнгө шүү дээ. Манайд бол зовлогоо зовоож шар махтайгаа хатаж байгаад хийдэг мөнгө. Ялгаа байгаа биз?

  Нэгэнтээ “баян” гэдэг хэмжүүр нь буруу гараанаас тодорхой­логдож байгаа тул баянаа дагаад хүчтэй, чадалтай, эртэй бяртай гэх тодотгол мөн буруу замаар тодорхойлогдож байна. “Мөнгөтэй л бол гүйцээ!” гэх нийгмийн сэтгэхүй маш эрчтэй тархсаныг дагаад мөнгөөр юу ч бүтээж, бай­гуулж, амжуулж, хийлгэж бол­дог гэсэн хууль үйлчилдэг. Мөнгө­тэй хүнийг баян гэнэ. Баян гэж хэлүүлэхийн тулд асар их мөнгөтэй байх хэрэгтэй. Цаашаа тэр хүний бусад үзүүлэлт гол биш.   Гэтэл монголчуудын нэг их холын биш сэтгэхүйд шал өөр хэмжүүр байж ирснийг эрдмийн баярын энэ өдөр зориуд сануулъя гэлээ. Зах зээлийн эрүүл нийгмийн хэрэгцээ, оюунлиг хүмүүнлэг байд­лыг манай өвөг дээдэс их эрт­нээс мөрөө­дөж шүтэж ирснийг илтгэх:
 “Дээд баян эрдэм ном
 Дунд баян үр хүүхэд
 Адгийн баян авдар сав, алт мөнгө, адуу мал” гэсэн онч мэргэн үгс уран зохиолын тайлбар толи­ноо байж байх юмаа.

  Үүнийг би овоо тахилга, кон­­церт шоу, хурдны морьдыг ивээн тэтгэдэг толгой баячуудад зориуд толилуулж байна. Тэгээд ч Боловсролын нэгэн сайд нь дээхнэ зурагтаар “Овоо тахилга, концерт шоуг битгий ивээн тэтгээч ээ, боловсролд мөнгө өгөөч ээ!” хэмээн хормой дэвсэн гуйж хараг­дав. Зөв бөгөөд аргаа барсан гуйлга гэж үүнийг би хэлнэ.

  “Дээд баян эрдэм ном, дунд баян үр хүүхэд, адгийн баян...” гэдэг энэ онч үгс эдүгээ яг эсрэ­гээр эргэ­чихээд дээд баян гэх ойлгол­тын утга нь төрөл арил­жаад алга болжээ. Монголын нийгмийн хамгийн ядуу давхарга гэвэл нүцгэн эрдэмтэд, тэгээд ариун үйлст багш нар маань гарцаагүй орно. ШУА, төрийн мэд­лийн их сургуу­лийн багш профессорууд дэлхийн дунджаас хамаагүй доогуур цалинжиж, модоо барьчихаад байгаа ба хичээ­­лийн шинэ жил эхлэхээр номоо шахаж амин зуулгаа олж байна. Захирал, декан сэтэртэн нь тооноос хэтэртэл оюутан эл­сүүлж хахуулиар бая­жаад, эднийг юун дээд баян, бүхэл­дээ дундаас доошоо орсон эмзэг давхар­га болжээ.

 Оюуны хөдөлмөрийн үнэлэмж навсайтлаа унаж, зах зээлийн ердийн нэг бараанаас ч дор орчихоод байна. Оюунтан моод­ноос гарсан, багш нарын цалин захын худалдаачны орло­гоос хэт бага болсон учраас багш хийх хүн мөд олдохоо болино, энэ янзаараа бол.

Бензин шатахууны үнэ нэм­мэгц гурил, мах, эм тарианы үнэ тэнгэрт хаддаг бол шатахууны үнийг дагалдуулаад ном, оюуны бүтээлийн үнийг хэн ч нэмж зүрхэлдэггүй. Номын үнэ хамаагүй доогуур хөдөлгөөнгүй байсаар ирсэн нь эрдэм түгээх буяны сэтгэлийнх биш, ерөөсөө хэн ч тоож авахаа больсонд байгаа юм. Хөөрхий нүцгэн эрдэмтэд эрдмийн зэрэг горилсон компанийн эз­дийн диссер­тацийг бичсэн шиг, эсвэл бүтээлийнхээ нэрийг сольж цаадуул­даа худал­даад л. Компанийн захирал-докторууд нь “Бүтээл­­гүй эрдэмтэн жимсгүй модтой адил” гэсэн нэгэн онч үгийг яг нотлохоор, тоо нь хэт олдоод тусдаа академи байгуулчихад хүрэл­цэхүйц болжээ. “Одоо мөнгө­тэй л хvн сурдаг болжээ. Гэтэл тархийг бурхан өгдөг. Хичнээн мөнгө бай­гаад ч ухаан­тай болох­гvй. Хөгжилтэй орнуу­дад авьяастай хүнд сурах боломж олгодог. Яагаад гэвэл боловсролгүйгээр улс орны хөгжил хаашаа ч хөдлөхгүй гэд­гийг аль эрт ойлгосон учраас” хэмээн Оросын нэрт эрдэмтэн Сергей Капица яг онож хэлжээ.

  Монголын улс төр гэж баян ядууг тодруулдаг нэгэн лут гаж механизм байна. Бичиг үсгийн чадвар, оюуны үнэлэмж гэж ярихаа азнаад улс төрч гээд нэрлүүлээд байгаа нийгмийн нөлөө бүхий хүмүүсээс нь маажиж үзвэл мөнгөөр зодсоор УИХ-д орж ирсэн, эсвэл ТҮЦ-нээс эхэлсэн худалдаагаа том дэлгүүр болгоод мөнгөө намдаа хандивлаад дүүргийн нам дарга болсон, хот хөдөөгүй овойсон их хөрөнгөтэй, азарга адуутай, ил далд лиценз, уурхайтай гэхчлэн, нэг иймэрхүү намтартай бэрдийн тулам болсон нь улс төрд зонхилж байгаад ичих айх хосолмоор. Энэ нөхөд төр барилцаад ирэхээрээ мөдхөн доктор, академич болчихсон цохиж явахад нийгэм гайхахгүй. Ийм хүмүүсийн амьдрал улам баян тансаг болж дэвжиж байгаад атаархаад яахав.

 Арабын нэгэн цэцэн үг буй. Тэр нь “Хүмүүс дөрвөн янз байх аж. 1) Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн. Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс сурал­цах хэрэг­тэй. 2) Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй. 3) Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй. 4) Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг “илжиг” гэх бөгөөд хөөн явуулбаас зохино” гэжээ. Тэгвэл 100 наслахгүй байж 1000 жилийн хөрөнгө мөнгө цуглуулсан илжигнүүд Монголоор дүүрэн байгаа бус уу? Тиймүүдийг нийгмээс ховх арчих хэрэгтэй.

  Одоо бидний өдөр тутмын үзэгдэл болчихоод буй ядуурал, ажилгүйдэл, орон гэргүй тэнүүч­лэл, боловсролгүйдэл дээр бараг­­дашгүй, цадаж ханашгүй их дуу хуур, урлаг уран сайхан, шоу хослон зэрэгцэн яваа нь яваандаа Монголыг дэлхийд сонд­гой­руулж нэг мэдэхнээ дуу хөгжим, цэнгүүн шоу бялхсан ядуур­лын туйл болгож мэдэхээр байна. Ингэхгүй гэвэл айл өрх бүр биш гэхэд ядахдаа саахалт хот айлын дунд нэг компьютертэй, интернэтэд ядахнаа долоо хоногт ганц удаа нэвтрэх хүсэл­тэй, ахуй ба арилжааныхан бүгдээрээ наад захын англи хэлтэй, дэлхийн жишгээр зөв хооллох наад захын хэмжүүртэй, орчлонгийн тухай наад захын зөв төсөө­лөлтэй болох, юуны өмнө боловсролыг толгой дээрээ тахиж, боловсролтой эрдэмтэй хүмүүсийг шигшиж орой дээрээ залах хэрэгтэй.

  “Их мэдлэг бол хүний дээд чимэг мөн!” хэмээх К.Марксын лут үг бий. “Эдээр биеэ чимэхээр, эрдмээр биеэ чим!” гэх монгол нэгэн онч үг бас байна аа. Харин манай нийгэмд энэ үгсийн утга хаачсан бэ? “Гангараа” хэмээх нэгэн чамин лут ойлголт байх ба машин, гар утас, зуслангийн олон давхар хаус, уясан азарга нь гангараа болж зонхилсон өнөөгийн Монголд жинхэнэ чимэг болох эрдмээ өчүүхэн ч болов дээдлээч ээ хэмээн уриалъя. XXI зууны монголчууд бол шинжлэх ухаан-технологийн боловсролын төлөө үхэлдэх ёстойсон. Ерөөсөө боловсролын үүрэг роль нэмэгдэж, түүний агуулга өөрчлөгдөж, чанар нь дээшилчихээд байна. Нанотехнологи, оюун ухаан-мэдлэгт тулгуур­ласан цоо шинэ нийгэмд амьдарч ажиллах, түүний хурдыг даах тэсвэрлэх чадвартай монголчуудын төлөө залбиръя