Хятадын онлайн худалдааны “JD.com” компани бараа түгээлтийг дроноор гүйцэтгэх сонгон шалгаруулалтын уралдаан зарлаж, шалгарсан хүнд 100 сая юань буюу 15 сая ам.доллар амласан байна.

Тус компани дрон ашиглан түгээлт явуулдаг ч орон нутгийн хязгаарлагдмал хүрээнд ажилладаг юм. Уралдаанд түрүүлэх загвар нь Хятад орныг бүхэлд нь хамрах, оновчтой, хямд зардалтай байхаар боловсруулагдсан байх ёстой аж.

Тус сонгон шалгаруулалтыг олон улсад зарлаж их хэмжээний мөнгөн шагнал амласан явдал нь дэлхийн томоохон мэргэжилтнүүдийг татахын тулд гэнэ. Одоогоор “JD.com” компани дрон хүргэлтийг том хотод хийж чадахгүй байгаа бөгөөд эрх зүйн зарим зохицуулалт хүлээгдсээр байгаа юм. 

Тус компанийн тооцоолсноор автомашин, моторт дугуйгаар бараа түгээснээс дроноор хүргэх нь 70 хувь зардалд хэмнэлттэй байгаа ажээ.

“Amazon”, “Alibaba” зэрэг онлайн худалдааны томоохон компаниуд дроноор бараа хүргэх туршилтыг амжилттай явуулж эхлээд байна.

 

Х.Сарнай 

Эх сурвалж: Монцамэ агентлаг