Барометр бол дэлхийн агаар мандал буюу атмосферийг хэмждэг багаж, температур нь халуун хүйтнийг хэмжих нэгж юм. Нэг шинжлэх ухааны багаж, хэмжүүрүүд гэсэн үг. Энэ нь улс төр дээр ч нийлж байдаг эд аж. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга болсноос хойш рейтинг нь тогтмол өссөөр сүүлийн хэдэн жилд байгаагүй үзүүлэлтэд хүрлээ.

МЭК судалгааны компанийн Улс төрийн барометр хэмээх улирал бүр гаргадаг судалгааны дүнгээс үүнийг харж болно. У.Хүрэлсүхээс өмнө Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нартай харьцуулсан судалгааг тэд хийдэг. Өмнөх хоёроосоо хол тасарсан У.Хүрэлсүхийн рейтингийн дүнг байнга гаргадаг бас нэг амьд “барометр” бий. Тэр нь ноён Баабар юм.

Ноён Баабарын зөвхөн У.Хүрэлсүх, түүний шадруудын хүрээнд танилцуулдаг судалгааны дүн бас л урьд хожид байгаагүй Ерөнхий сайд, МАН-ын даргын рейтинг байдаг байна. У.Хүрэлсүх ч үүнд онцгой таашаалтай хандаж, одоог биш ирээдүйгээ харж улс төрөө хийх болсон тухай олон талын эх сурвалжийн мэдээлэл хоорондоо нийлэх болов.

 

Тэр ноён Баабарт онцгой итгэдэг. Гурван сая хүнийг нийтлэлээрээ итгүүлдэг Баабарт улсын гуравдугаар хүн итгэж л таарна. Тиймээс Засгийн газар нь уналгүй үлдсэн орой “…Ирээдүйн Ерөнхийлөгчийн төлөө” хэмээн хундага тулгасан залуусын ерөөл У.Хүрэлсүхийн хэтийн зорилго болчихоод удаж байгаа аж.

 

Ноён Баабар ч У.Хүрэлсүхийн тулах цэг болж, 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлэх алтан багана нь болохоор өдөр шөнөгүй ажилладаг болсон гэдэг.

Гэвч барометрүүдийн дүгнэлт бодитой эсвэл хийсвэр гэдгийг одоохондоо хэн ч мэдэхгүй. Төрийн тусгай хамгаалалтад орж, улсын өндөр дээд албанд тохоогдоно гэдэг “вакум”-д орж, баримжаагаа алддаг гэмтэй.

 

Тэр жамаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга хэмээх амьдрал дээр Монголын хамгийн том эрх мэдлийг атгасан У.Хүрэлсүх итгэдэг, харьцдаг, ярьдаг, сонсдог хэдхэн шадартай болсон нь тодорхой. Тэр байдал ч ажиглагдаад эхэлсэн. Тэгэхээр шадруудынх нь тоонд багтаж, итгэлт анд нь болсон “барометр”-үүдийн дүн хэр зэрэг бодитой вэ гэдэгт анхаармаар байгаа юм.

Барометрүүдийн гаргасан судалгаагаар бол У.Хүрэлсүхийн рейтинг бусад улстөрчөөс хол тасарсан гэдгийг дээр хэлсэн. Цахим сүлжээгээр ч дүүрэн бий. Гэтэл У.Хүрэлсүхийн нэр хүндийн температур хөрсөн дээр базаахгүй байгааг хэн бүхэн харж байна. Хотын даргын суудлыг тойрсон элдвийн явдлуудаас үүнийг баталгаажуулж болно.

2018 оны арванхоёрдугаар сарын 10-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж Хотын дарга Су.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүнээс хойшх 76 хоногийн хугацаанд Улаанбаатар хот даргагүй явж ирлээ. Хуулийн дагуу НИТХ хуралдаж томилох гэсэн боловч болсонгүй. Учир юу гэвэл НИТХ дахь МАН-ын бүлгээс эсэргүүнүүд төрж, намынхаа бодлогыг нураасан байгаа юм. Тиймээс МАН-ын Хяналтын хороо хуралдаж, бодлого эсэргүүцсэн Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаасаа хөөжээ.

Угтаа энэ бол өөр утга агуулгатай явдал л даа. Өнгөн дээрээ Ц.Сандуй Д.Амарбаясгалан, С.Мөнхчулуун С.Амарсайхан гэсэн эсрэгцлүүд үзээд байгаа юм. Гэвч нидэр дээрээ Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн бяр хүч тэнд дутаад байгаа хэрэг.

Томилогдсоноосоо хойш рейтинг нь байнга өссөөр, онолын хувьд хоёр жилийн дараах сонгуульд амжилт үзүүлэх хэмжээнд очсон намын даргын үг НИТХ-д яагаад хүрэхгүй байна вэ гэдэг том асуудал юм. Зөвхөн энэ удаад С.Мөнхчулуун сөрж босоод нэр дэвшиж байгаа юм биш. Өмнө нь Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын дарга болгоно гэж шийдчихээд байхад нь Д.Сумъяабазар бодлогыг нь эсэргүүцэж нэр дэвшээд дарга болж байв.

Тэгэхээр Нийслэлийн МАН-ынхан төв намынхаа том даргыг сонсдоггүй юм байна гэсэн дүгнэлт гарна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх тийм л өндөр рейтингтэй нь үнэн байсан бол түүний үг хууль мэт байж,  нөгөөдүүл нь намын даргынхаа бодлого шийдвэрийг үг дуугүй дагах учиртай. Гэтэл өөрөө санал гаргаж, Удирдах зөвлөлөөрөө шийдүүлсэн ч санал хураахаар савж явчихаад байдаг лав хоёр дахь тохиолдол Нийслэлийн МАН-д боллоо. Тэгээд дараа нь батламжлахгүй, захирамжлахгүй гэж Төрийн нэрээр далайлгаж байж үгээ ажил болгож, шийдвэрээ биелүүлдэг намын дарга болж хувирч байна.

Ер нь бол эндээс л У.Хүрэлсүх өөрөө бодит байдлыг тун тодорхой харж болохоор байгаа юм. Уг нь “Шалдан хааны үлгэр”-ийг Монголын улстөрчдөд, улс төр сонирхогчдод хамгийн их ярьж өгдөг хүн бол ноён Баабар шүү дээ.  Гэтэл У.Хүрэлсүх шалднаараа, хөрсөн дээрх нэр хүнд, бяр даацынх нь температур нь хасах зааж, цочир хүйтэрчихээд байна. Ийм байхад 2021 оныг ярьсаар, итгэсээр суувал хоёрхон жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд годройтоод улмаар хамаг албан тушаалаа өөрт нь мулзлуулсан М.Энхболдын тавиланг давтахгүй гэсэн баталгаа байхгүй.

Хэрэвзээ барометр худлаа хэмжиж, температур үнэн заагаад, У.Хүрэлсүх энэ чигээрээ яваад байвал ийм л болно.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин