СЗХ-ны дарга С.Даваасүрэн дампуурсан Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг сунгах гэж байжээ
2019/06/20
“Монкорд” ХЗХ хоршоо дампуурч, мянга мянган хадгаламж эзэмшигчид хохирсон хэдий ч Санхүүгийн зохицуулах хороо, энэ байгууллагын дарга С.Даваасүрэн хоршооны дампуурлыг чимээ аниргүй өнгөрөөх гарцыг эрэлхийлж сууна.
С.Даваасүрэн Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдоод гурван жил өнгөрчээ. Харин өнөөдөр дампуурал нь яригдаж буй Монкорд ХЗХ-ны үйл ажиллагаа 2016 оноос хөндөгдсөн бөгөөд С.Даваасүрэнг ажлаа авсан2016 онд нэг, 2017 онд гурав, 2018 онд 60 хадгаламж эзэшигч иргэн СЗХ-нд хандан “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаа нэг л биш, шалгаж өгнө үү гэсэн өргөдлийг өгч байжээ.
Гэвч С.Даваасүрэн тэдний өргөдөл гомдлыг огт хэрэгсээгүй байна. Харин ч эсрэгээр ХЗХ үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь сунгаж, өргөдөл өгсөн иргэдийг “Энэ бол ядарсан хоршоо, хүнд байдалд орчихоод байна. Зөрчлийн хуулиар нэг иргэний гомдолд хоёр сая төгрөгийн торгууль тавигдана. Ингэж торгууль төлүүлж, хоршооны эдийн засгийн унагааж болохгүй. Нэмээд өндийж байгаа эдийн засаг унана, долларын ханш унана. Та нар өргөдөл өгөөд хэрэггүй” хэмээн хаацайлан хамгаалсаар ирсэн байх юм.
Санхүүгийн нарийн мэдээллийг сөхвөл Монкорд ХЗХ-эд 2012 оноос хойш зөрчлүүд илэрсээр байжээ. СХЗ тус Хадгаламж зээлийн хоршоог 2012 онд шалгаад хангалтгүй, 2014 онд 58.3 хувь хангалтгүй, 2015 онд хангалттай, 2017 онд хангалтгүй гэж дүгнэсэн. Гэсэн хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй, эсрэгээр тусгай зөвшөөрлийг нь сунгаад яваад байсан нь хамгийн их анхаарал татсан асуулт болж байна.
Энэ үед шаардлагатай арга хэмжээг авсан бол өнөөдөр 3000 гаруй хохирогч, 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол яригдахгүй байж болох байв. Арилжааны банкны зээлийн хүү 17.8 хувь. Гэтэл ХЗХ-ны зээлийн хүү 34-39 хувийн хүү тооцон олгож байгаа. Дэлхийд байхгүй ийм өндөр хадгаламжийн хүү иргэдийг хошууруулж байгаа.
Иргэдийн итгэлийг ийн татаж, бэлэн мөнгийг нь хураасны эцэст ХЗХ-г дампууруулж буй эзэд, төрийн зүгээс хяналт тавих ёстой Санхүүгийн зохицуулах хороо хоёрын дунд ямар нэгэн үл харагдах холбоос үүссэн байхыг үгүйсгэх аргагүй баримтуудыг энэ удаа дэлгэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалтын хэлтэс 2018 онд “Монкорд”-ыг татан буулгаж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг даргадаа өргөн барьж байжээ. Хачирхалтай нь С.Даваасүрэн дарга Хяналт шалгалтын хэлтсийнхээ энэ саналыг огт авч хэрэгсээгүй.
Илэрсэн зөрчил дутагдлын дагуу торгууль оногдуулж, үүссэн хүндрэлийг дараагийн шатны байгууллагад танилцуулж, асуудлыг шийдвэрлэх эрхтэй улсын байцаагчдынхаа саналыг тоогоогүй С.Даваасүрэн дарга Монкорд ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг сунгах гэж байгаад баригдсаныг Санхүүгийн зах зээлийн зөвлөлийнхөн УИХ-ын даргад илгээсэн албан бичигтээ дурдсан байх юм.
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ БУЦААЛГАЖ, УЛСЫН БАЙЦААГЧДЫНХАА САНАЛЫГ НОХОЙ ХУЦСАНААС ДОЛООН ДОР ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭЖ АВСАН С.ДАВААСҮРЭНД МОНКОРД ХЗХ-Г ХАМГААЛАХ ЯМАР ШААРДЛАГА БАЙСАН БЭ?
2012 оноос хойш Монкорд” ХЗХ аудит тайлангаа худлаа мэдүүлж ирсэн байна. Тэд Санхүүгийн зохицуулах хороо битгий хэл Сангийн яаманд ч худлаа мэдээлэл явуулж байжээ. Хоёр өөр тайлан гаргаж байсан нь баримтаар илэрсэн бөгөөд Монкорд ХЗХ нэг төрлийн санхүүгийн луйвар үйлдэж байсан аж.
Тус ХЗХ-ны хүү 30-33 хувь. Энэ бол мөнгө хүүлэх үйл ажиллагаа. Харин ард нь иргэдийн мөнгийг завшин мөнгө угаах, улстөрчид рүү мөнгө илгээх зэрэг хууль бус үйл ажиллагаанууд явагдсан байж болохыг ч хохирогчид нь ярьж байна. Тухайлбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тус ХЗХ-ноос мөнгө нэлээд их гарсан. УИХ-ын сонгуульд зарцуулагдсан, нэр бүхий гишүүдэд очсон гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад очжээ.
СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монкорд ХЗХ-ны гүйцэтгэх захирал М.Дэлгэрмаа нар дунд сургуульд хамт сурч байсан. Хоёул Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн. Мөн хоёул 1990-ээд оны дундуур МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж байжээ.
С.Даваасүрэн 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон. Түүнийг энэ ажлыг авахад улс төрийн хүрээнд С.Даваасүрэн бол М.Энхболдын хүн хэмээн тодорхойлж байсан.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хэрвээ Монкорд ХЗХ-ноос их хэмжээний мөнгө гарсан нь үнэн. Энэ нь тодорхой улстөрчдийн гарт очиж, тэдний сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилт болсон гэх мэт хардлагууд хэрвээ үнэн бол С.Даваасүрэн СЗХ-ны даргын албан тушаалыг 60 тэрбумын схемийн төлбөр тооцооны дагуу олж авсан уу гэсэн асуудал дагаад бас хөндөгдөх л болно.
Д.ТУНГАЛАГ
niigmiintoli.mn
zochin · 2019/06/20
duu duugaa avaltsnaa