2.7 тэрбум төгрөгийн хууль бус зээл олголтоос 500 сая нь ч буцаан төлөгдөөгүй байна


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын 17 гишүүн, гурван сайд, хоёр дэд сайд, төрийн нарийн, аймаг, дүүргийн Засаг дарга тэргүүтэй томоохон албан тушаалтнууд 2.7 тэрбум гаруй төгрөгийн зээлийг аж ахуйн нэгж, иргэдэд олгоход ямар нэг байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэх хэрэг АТГ-т шалгагдаж буй талаар бид өмнөх дугаарууддаа нийтэлсэн.

Түүнчлэн дээрх улс төрийн томоохон албан тушаалтнууд аль байгууллага, хувь хүнд дээрх зээлийг хэрхэн хуваарилуулсан, тэдний дунд тухайн үед зарлагдсан  тендерт материалаа бүрдүүлж өгөөгүй ч зээл авч, авсныхаа дараа холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгсөн аж ахуйн нэгж байгааг ч мөн дэлгэсэн. 

Тэгвэл энэ удаад ХЭДС-гаас дээрх төрийн өндөр албан тушаалтнууд нөлөөлсний дүнд зээл олдсон байж болзошгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн зээлийн эргэн төлөлт ямар байдалтай байгааг хүргэе.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай холбоотой байж болзошгүй “ЛЭЦ” ХХК гэхэд 158 сая төгрөгийн зээл авсан атлаа дөрвөн сая төгрөгийг буцаан байршуулаад байна. Тус компани нь ХУД-т байрлах, арьсан эдлэл, бэлэг дурсгалын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг компани юм.
w А.Сүхбат гишүүний хамаарал бүхий гэх “Алтан сүм” ХХК нь 150 сая төгрөгийн зээлийг ногоон гэрлээр шийдүүлсэн атлаа өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан байршуулаагүй байна. “Алтан сүм” ХХК нь Төв аймгийн нутаг дэвсгэрт мал нядалгаа, лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн дээрх зээлийг авсан байдаг. 

Тийм ч учраас  ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ тэргүүтэй холбогдох хуулийн байгууллагаас шалгаж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа билээ. 

  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нөлөөлсөн байж болзошгүй гэж эх сурвалжийн мэдээлж буй Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эко ааруул” ХХК  нь зээлсэн 110 сая төгрөгөөсөө эргэн төлөлт огт хийгээгүй байна. 
  • УИХ-ын гишүүн, одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь Увс аймаг дахь  “Чандмань эрдэнийн нөхөд” нөхөрлөлд чацаргана тариалалтын зориулалтаар 150 сая төгрөг олгуулсан байж болзошгүй байгаа бөгөөд уг компани зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг хийгээгүй өдийг хүрчээ. 
  • УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт харьяалалтай “Жигүүр богд” ХХК-д чацарганы шүүс, цэвэр усны үйлдвэрийн зориулалтаар 100 сая төгрөг зээлсэн ч гурван сая төгрөгийг буцаан олгожээ. 
  • УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хамааралтай байж болзошгүй “Хатуу төмөр” ХХК нь ХЭДС-гаас 150 сая төгрөг зээлсэн ч нэг ч төгрөг буцаан байршуулаагүй байна. Тус компани нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг аж.   
  • ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваагийн хамаарал бүхий байж болзошгүй “ААНЦООМ” ХХК нь ноос ноолуур, махны гарц сайжруулах, хуц ухна нийлүүлэх төсөлд зарцуулна хэмээн авсан 200 сая төгрөгөөс таван сая төгрөгийг төлжээ.  
  • ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгын албан тушаал эрх, мэдлээрээ тусалсан байж болзошгүй гэгдэж буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь “Догсом трейд” ХХК нь 196.200.000 төгрөгийн зээлээс 600 мянган төгрөгийг эргэн төлжээ. 
  • Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын иргэн Б.Цэцэгмаад хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр олгуулсан байж болзошгүй 50 сая төгрөгийн 2.4 сая нь эргэн төлөгджээ.
  • 1989 онд төрсөн Э.Мөнхтуул гэх иргэн тус сангаас 200 сая төгрөгийн зээл авсан бөгөөд үүнээсээ 2.5 сая төгрөгийг буцаан төлсөн байна. Түүнийг энэхүү  зээлийг авахад н.Мөнхзаяа гэх албан тушаалтан дэмжлэг үзүүлсэн байх магадлалтай хэмээн шалгагдаж буй. 
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хамаарал бүхий “Сэрмүүн өнгө” ХХК нь 50 сая төгрөг зээлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрөхөд ердөө 200 мянган төгрөгийг тус санд буцаан төлсөн баримт байна. Ийм атлаа энэ онд уг компани “Монголросцветмет” ТӨҮГ, Монголын иргэний агаарын тээвэр, Төрийн банк, Улаанбаатар дулааны сүлжээ, “Эрдэнэс таван толгой” ХК зэрэг томоохон компаниудын бичиг хэргийн бараа материал нийлүүлэх тендерт оролцсон мэдээлэл байна. 

Түүнчлэн “Эгшиглэн магнай” ХХК нь нэг сая, иргэн Б.Болорцэцэг нь 2.305.000 төгрөгийг буцаан байршуулаад байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн нийт 140 сая төгрөгийн зээл авахад нь тусалсан байж болзошгүй гурван хүн ХЭДС-д 3.505.000  төгрөг л буцаан төлжээ. 

  • УИХ-ын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь тус сангаас Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь “Ээж Оюу Сайхан” нэртэй компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл байгаа. Тэгвэл тус компани нэг төгрөг ч буцаан байршуулаагүй өдгөө хүрчээ. 
  • УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод харьяалалтай гэх ”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх магадлалтай гэгдэж буй. Тэгвэл тус сан нь мөн л нэг ч төгрөгийг буцаан төлөлт хийгээгүй байна. 
  • УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэдгийг эх сурвалж онцолж байгаа. Т.Жаргалсайхан нь харин 100 сая төгрөгийн зээлээсээ таван саяыг нь буцаан байршуулжээ. 
  • УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг нь “Монгол Сор Хөгжил Олон Улсын Академи” ТББ-ийг монгол зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийлгэхээр 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашигласан байх магадлалтай гэгдэж байгаа. Гэвч нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй байна.  
  • УИХ-ын гишүүн Цэдэнбалын Цогзолмааг Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг гэх харьяалалтай иргэн Б.Тамирт 150 сая төгрөгийг мал аж ахуйн ферм ажиллуулна хэмээн зээлэхэд нь нөлөөлсөн байж болзошгүй хэмээн эх сурвалж хуулийн байгууллагад мэдэгдээд буй. УИХ-ын гишүүний туслалцааг авч, их хэмжээний мөнгө зээлсэн байж болзошгүй Б.Тамир нь өнөөг хүртэл нэг ч төгрөг буцааж байршуулаагүй байна. 

Үүнээс гадна Н.Номтойбаярыг НХХ-ийн сайд байх үед “АЗАТ” ХХК 100 сая, М.Сарнайцэцэг ХХК 110 сая, “Хужирт таван эрдэнэ” ХХК 150 сая, “Алтай Фүжи” ХХК 157 сая, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ХХК 200 сая, “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ 200 сая, “Гэгээн гарц” ТББ 80 сая төгрөгийн зээл авч байжээ. 
Дээр дурдагдсан бүх зээл нь ХЭДС-гаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлд олгодог зээлийн хэмжээнээс хэд дахин давсан, зээл олголтын журмыг илтэд зөрчсөн үйлдэл юм.
Тийм ч учраас  ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ тэргүүтэй холбогдох хуулийн байгууллагаас шалгаж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа билээ. 
Эцэст нь дахин сануулахад, Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталж, түүний 5.3 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд таван сая хүртэл төгрөг байх” хэмээн заасан байгаа юм. Гэтэл ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар уг заалтыг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд 40-200 сая төгрөгийн зээл олгосон болох нь хангалттай нотлогдож буйг эх сурвалжууд баталж байгаа юм. Түүнчлэн нэр нь дурдагдаад буй төрийн өндөр албан тушаалтнуудыг энэ хэрэгт ямар хамааралтайг шалган тогтоох ажиллагааг эхлүүлж байгааг албаны эх сурвалж онцолж байлаа. 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин