Бидний  өдөр тутмын  амьдралд  болж байдаг  үйл явдлуудын  40 орчим хувь  нь эерэг, өөрөөр хэлбэл нааштай зөв үйл явдлууд байдаг гэж сэтгэл судлаачид үздэг.

Иймээс  бид  өөрсдийгөө аз жаргалтай амьдарч байна гэж мэдрэхийг хүсвэл, муу зүйлийн  тухай бодолгүй, зөвхөн сайн сайхан зүйл дээр анхаарлаа  төвлөрүүлж  амьдрах  шаардлагатай  юм  байна гэдгийг дээрхи тоо бидэнд сануулж байна. 

За  ингээд  ямар хэрэггүй түгшүүр  болон  санаа  зовоох  зүйлүүд бидэнд саад болж амьдралыг маань хордуулдаг болохыг харцгаая. 

1. ... Амжихгүй байна.  Хугацаанд  нь ажлаа хийж дуусгах, дэлгүүр рүү гүйх,  хүүхдээ  салхилуулах, ойр дотныхоо  хүмүүс  рүү утасдах гэх мэт хийх ажлын  жагсаалт дуусахгүй ... Гэхдээ бидний өмнөө тавьсан эдгээр ажлуудыг  хугацаанд нь чанартай хийж дуусгахад зөвхөн яарсан сэтгэл, санаа  зоволт  тус  болохгүй нь  мэдээж.  Иймд ажлаа төлөвлөж сурвал сэтгэл зовох явдал багасна.

2. Өрсөлдөөн.  Өнөөгийн  нийгэмд  өрсөлдөөн  их ээ. Өөрт таалагдсан ажлын  байраа  хадгалан  үлдээх,  сайн  албан  тушаалд  дэвших, өөрөө болон  үр  хүүхдүүддээ  гайгүй  боловсрол  эзэмшүүлэх,  чанартай барааг олж сонгох гээд өрсөлдөөнгүй зүйл үгүй. Цаг үетэйгээ алхаа нийлүүлье гэвэл  цаг  хугацаатай  ч өрсөлдөхөөс яахав.  Нийгэмд эзлэх зөв байр суурийн төлөө өрсөлдөхдөө хувийн онцлогоо мартаж үл болно.

3. Нэгэн зэрэг хэд хэдэн ажлыг хийж чадахгүй байна! Өнөөдрийн амьдралд  биднээс  хамгийн багадаа гурван ажлыг нэгэн дор гүйцэтгэж чадах  чадварыг  шаарддаг  явдал  газар  авчээ.  Гэхдээ  хүний оюун ухаан нэг л зүйл дээр төвлөрөх чадвартай гэдгийг мартаж үл болно. Ямарваа ажлыг зүгээр нэг дадлаар үйлдэх нь өвөрмөцөөр сэтгэх чадварыг бууруулахаас гадна чанаргүй үр дагаварыг ихээр дагуулдаг.

4. Материаллаг үнэт зүйл болон мөнгө. Хүний амьдрал ямарваа нэг зүйлээр  дутагдаж  байж  л  сонирхолтой,  зорилготой  байдаг гэж ярьцгаадаг.  Хэдийгээр бүх зүйл байлаа ч “аль нэгэн юм маань дуусчихна, байхгүй болох нь ... ” гэсэн  бодол үргэлж  л хэн нэгний санааг зовоож  байдаг.  Материаллаг  зүйлийн  хойноос их хөөцөлдөх нь “бүхнээс баян байж  чадахгүй нь” гэсэн гутралд хүргэж сэтгэл санаагаар унагадаг юм байна. Тэгэхлээр өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна гэдэг чухал.

5. Хөгшрөлт.  Залуу нас гайхалтай ч, хөгширнө гэдэг хорвоогийн жам хойно. Бид ч 25 хүрээд л анхны үрчлээндээ санаа зовж эхэлдэг. Гэхдээ амжилттай  ажиллаж, аз  жаргалтай  амьдарч  буй хүн үргэлж залуу харагддаг гэдэг.

6. Мэдээлэл. Орчин үеийн хүний ухамсарт “мэдээлэл авна гэдэг бол ертөнцийг танина”  гэсэн ойлголт бат бөх орших болжээ. Иймээс бид ямар нэг юмыг сонсолгүй, уншилгүй, ойлголгүй хоцорчихлоо гэж байнга санаа зовдог.

7. Амьдралын хэм хэмжээ . “Бусадтай  адил амьдарч чадахгүй  байна уу даа,  буруу амьдраагүй байгаа?! “ гэх мэтчилэн  хэн маань ч санаа зовдог шүү дээ. Бид өөрсдийн амьдралыг хэн  нэгэнтэй  үргэлж харьцуулдаг.  Харин  энд л бид  хувь хүнийхээ  онцлогийг гээдэг байх. Магадгүй, зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдрах амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийг өөрсдөөсөө “хулгайлаад” байгаа юм биш үү.

8. Хайр дурлал.  Хүн  хайрын  тухайд элдвийг бодож байнга сэтгэлээ чилээж  байдаг. Хайртай  хүн байхгүй  гээд ганцаардаж,  хайраа олчихсон нэг нь  түүнийгээ алдахаас айж, эсвэл хаягдчихсан тохиолдолд хойноос нь уй гашуудах  гээд  хайр дурлалыг тойрсон олон асуудлууд байдаг. Гэхдээ энэ шидтэй  мэдрэмж бидний хүсэл бодлоос огт хамаарахгүй бөгөөд заримдаа  уг мэдрэмж  байгаа ч юм шиг, үгүй ч мэт байдаг нь янз бүрийн сэтгэл  зовоолтыг бий болгодог. Гэхдээ эдгээр санаа зовоосон байдал нь  хайр дурлалыг тойрсон олон асуудлуудыг шийдэхэд тус болдоггүй юм байна.

9. Золгүй явдлууд. Өдөр бүр бид телевизийн дэлгэцээр автын болон агаарын  ослууд,  байгалийн эрсдлүүд, гэмт халдлагууд гээд олон сөрөг мэдээллүүдийг харж сэтгэл санаагаа зовоодог. Гэхдээ хэрэв чухал томилолтоор  хаа  нэг тийшээ нисэх, амралтаараа явах тохиолдол  гарахад явахаас өөр яах билээ дээ. Энд сэтгэл зовлоо гээд асуудлыг шийдэхэд тус болох нь юу бол!?

10. Цаг агаар. Цаг уурын нөхцлүүд нь цаг уурын мэргэжилтнүүд, хайгуулчид, нисгэгчдийн төдийгүй хүн бүрийн сэтгэлийг зовоодог. Өдөрт дунджаар хүн хэдэн  удаа цаг агаарын мэдээг сонсож, уншиж эсвэл хардагийг тооцож үзвэл ихэнх хүмүүсийн хувьд энэ нь сэтгэл зовох бас л шалтаг болдог нь нууц биш.

Айж түгшихээс зайлсхийх аргууд

Юунаас  ч  юм  байнга  айж түгшиж, юунд ч юм үргэлж санаагаа зовоож явдаг  хүн  хоолонд  дургуй болж, нойргүйдэх, тамир тэнхээгүй болох, улмаар түүний мэдрэлийн системд асар их өөрчлөлт ордог. Үүнээс гадна тийм  хүн  амьсгалуурын  өвчлөлөөс  эхлээд  сахарын  өвчин,  ходоодны   шарх  гээд янз бүрийн өвчинтэй болдог. Иймээс ингэж санаа зовж, айж түгших байдлыг хайхрахгүй байж огт болохгүй ялангуяа удааширсан шинжтэй бол... 

1. Хэрэв та үргэлж санаа зовж, түгшиж явдаг бол түүнээс салах хамгийн хурдан, хүчтэй арга бол сэтгэл зүйчид хандах явдал юм. Тэрээр мэргэжлийн хүний хувьд танд энэ байдал үүссэн шалтгааныг зөв  тодорхойлж, түүнтэй тэмцэж, тухайн зовлонгоос хэрхэн салах тухай зөвөлгөөг өгөх болно.

2.Та өнгөрсөн  үйл  явдлууд  дээр анхаарлаа хандуулаад байх шаардлагагүй. Хэрэв  ямар  нэг үйл  явдал болоод өнгөрсөн бол түүнийг дахин дахнн бодоод сэтгэлээ зовоох хэрэггүй. Зүгээр л мартахыг хичээ. Мөн “маргааш яах бол”  ч гэж бодогдож болох  юм.  Тэгвэл  иймэрхүү  санаа  зовомтгой  хүмүүсийн  хувьд  болоод өнгөрсөн буюу болох зүйлийн  тухай санаа зовж, түгшиж  сууснаас  зөвхөн  өнөөдрөөр л амьдарч, бодож сурах нь зүйтэй.

3. Танд  таагүй  явдал  тохиолдоо юу?  Зарим тохиолдолд  болсон явдал таны хувьд ямар агуу болоод чухал болохыг сайтар бодож үзэх нь хэрэгтэй  ч байж  болно.  “Үнэхээр  үүний төлөө  л  би  сэтгэлээ  зовоох гэж үү? “ гэсэн асуулт ч гарч ирж болно.

4. Ямарваа нэг зүйлийг сөргөөр эрэгцүүлэн бодолгүй, түүнийг аль болох эерэг  болгож  өөрчлөхийг хичээх  нь зүйтэй юм. Зарим хүн болох  гэж  буй  үйл  явдлын  тухайд ялагдал, амжилтгүй байдал, өөрөөр  хэлбэл муу талаас нь урьдчилан боддог.  Ингэж бодох нь буруу,  аль  болох  сайн  үр дүнтэй,  амжилттай болох талаас нь төсөөлж бодох нь чухал. Харин ямар нэгэн зүйл чинь санаснаар болоогүй  бол  алдаандаа  дүн   шинжилгээ хийж, дахин хийхэд эерэг үр  дүн  гарахуйцаар өөрийн туршлагыг бий болгох хэрэгтэй.

5. Дахин ямар нэгэн зүйлийг хийхийг хүсвэл сэтгэл судлаачийн зөвөлгөөг  сонсох  нь  зүйтэй.  “Үгүй” гэсэн  үгнээс  зайлсхийх хэрэгтэй. “Маргааш  би энэ  уралдаанд түрүүлнэ” гэж ярихаас биш, “хожигдохгүй  байхыг хичээнэ” гэж ярьж болохгүй.

6. Өөрийнхөө  бодол  санааг аль болох ашигтай бодлоор солихыг хичээх хэрэгтэй.  Бүтээлч  ажил,  өөрийн  дур  сонирхол, гэр бүл гэх мэт асуудлуудаар өөрийгөө байнга завгүй байлгах нь чухал. Бие бялдарын идэвхитэй байдал элдэв муу бодлыг мартуулдаг бөгөөд заримдаа бүр үгүй болгодог талтай.

7. Ихэвчлэн  хүмүүс сэтгэл санаагаар унах, айж түгших, ер нь гуньж гутрахдаа тайвширах гэж  архи, тамхи, мансууруулах бодисууд, тайвшруулах  болон  нойрсуулах  хэрэгсэл  гээд буруу зүйлийг хэрэглэж байдлыг улам муутгахаас гадна эрүүл мэндээ хохироодог. Элдэв муу зуршилд авталгүй өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулж сурах хэрэгтэй.

8. Байнгын  сэтгэл санаа зовдог байдлаас салах бас нэг сайн арга бол бат бөх нойр юм. Таныг амарч байхад таны бие болон сэтгэл сэргээгдэж байдаг. Бие организмд маань эрүүл мэндэд, тэр тусмаа сэтгэлд  эерэгээр нөлөөлдөг биохимийн  хэвийн процессууд явагддаг.

9. Байнга санаа зовж сэтгэлийн тэнхээ барагдах нь В витамины дутагдалд хүргэдэг. Иймээс стрессийг эсэргүүцэхийн тулд энэ витамины агууламжтай витамины комплесуудыг ууж болно.

10. Өөрийн сэтгэлийг олоход  нилээд үр ашигтай  ажил бол бясалгал  юм.  Сэтгэл зоволтоос салахын тулд танд 10-15 минут л байхад хангалттай.  Аль  болох  өөртөө тайван  газрыг сонгож толгойноосоо бүх  хэрэггүй  бодлыг  авч хаян гүн амьсгаа авч биеэ сул тавих хэрэгтэй.

11. Өөрийгөө  цэгцлэх  гайхамшигтай  хэрэгсэл  бол спортоор хичээллэх явдал юм. Өөртөө таалагдах спортын төрлийг олж хичээллэж үзэх хэрэгтэй. Спортод зарцуулсан  цаг хугацаа нь бие бялдарын  эрүүл,  сэтгэлийн  тэнцвэрт байдлыг бий болгодог гэдэг.

 

 “Аргументы и факты“ (2012 оны №49) сониноос сэтгэл судлаач Алексей Воеводины нийтлэлийг орчуулав.   Э.Эрдэнэцэцэг       /ШУТИС. МИС/