Хавтаст хэрэг: Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор ХУУРАМЧ дүгнэлт гаргасан дарга “ял наймаалцав”
2020/04/28
Зургийн тайлбар: ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга асан дэд хурандаа, яллагдагч Д.Адилбаяр
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдсэн зургаан шүүгчийг хахууль авсан, тэдэнд хахууль өгсөн, зуучилсан байж болзошгүй хэргийг шүүхээр шийдвэрлэхээр хоёр дахьөдрөө хуралдаж байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор ял авсан хүн нь ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга асан дэд хурандаа, ялтан Д.Адилбаяр юм. Тэрбээр хуурамч дүгнэлт гаргаж, бусдаас 35 сая төгрөг авсан байдаг. Энэ хэргийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар цагдаа, ШШҮХ-гийн шинжээч, шүүгч нар энэ хэрэгт буруутгагдан өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа. Тодруулбал, Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Шаравын Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байсан билээ. Тэгвэл шинжилгээний хариу будлиантуулсан хэрэгт ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг гэм буруугүй болохыг тогтоож харин тэдний даргаар ажиллаж байсан ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Д.Адилбаяр гэж хэн бэ?
Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, кримналистикийн шинжээч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Шүүхийн шинжилгээний газрын дарга ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн.
Д.Адилбаяр ямар хэрэг үйлдэв?
Д.Адилбаяр нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Ш.Мөнгөншагайгийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу Эрүүгийн 172200022 дугаартай хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуягийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №13 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолоор томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бичиг баримтын шинжилгээний лабораторын ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Солонго, шинжээч, цагдаагийн ахмад С.Сэлэнгэ, Ж.Тамир нарт “шинжээчийн дүгнэлт гаргахдаа бүх гарын үсгийг Мөнгөншагайн гарын үсэг биш байна гээд гаргачих” гэж ятган, дээрх шинжээч нарын гаргасан 3384 дугаартай дүгнэлтийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна Б.Цолмонд өгч, улмаар Б.Цолмонгоор дамжуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 35 сая төгрөгийн хахууль авсан байна. Тэрбээр энэ мөнгөө төрсөн дүү Д.Адилгүйн гэрт очиж “мөнгийг хадгалж байгаарай, дансандаа хийчихээрэй” гэж хэлээд өгсөн
Д.Адилбаяр ял нйамаалцахын тулд гэм буруугаа зөвшөөрөв.
Д.Адилбаяр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр оролцож байхдаа: “...Гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн, яллах дүгнэлтэд дурдагдсан нөлөөлсөн гэдэг нь ажил үүргийнхээ хувьд хяналт тавьж байсан, өөрөөр мэдүүлэг өгөхгүй. Зүйл ангийн хувьд маргаж байгаа зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, төрийн албан хаагч байхдаа энэ хэрэгт холбогдсон, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, шинжээчийн дүгнэлтийг хуулбарлан өөрийнхөөрөө гаргаж өгсөн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэж мэдүүлсэн байна.
Д.Адилбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрэг бүртгэлтийн 172200022 дугаартай хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуягийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дахин шинжилгээ хийлгэх тухай №13 тогтоолын дагуу дахин шинжилгээг шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ, Э.Солонго нарын бүрэлдэхүүнтэйгээр хийлгэхээр Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсээс хувиарласан байсан. ...Энэ шинжилгээ ирээд, шинжилгээ хийгдэж байх явцад миний ээжийн авга ахын хүүхдийнх нь хүүхэд болох Б.Цолмон холбогдсон, тухайн үедээ ирж уулзсан, утсаар ярьсан эсэхийг бол одоо хэлж мэдэхгүй байна. Б.Цолмон надад хэлэхдээ танайд Мөнгөншагай гэж иргэн болон хятадуудтай холбоотой гарын үсгийн шинжилгээ ирсэн үү гэж асуусан. Би санахгүй байна, үзэж хараад хэлье гэж хэлсэн. Уг асуусан шинжилгээг нь үзэхэд манайд байсан. Би Б.Цолмонд чиний асуусан шинжилгээ хийгдэж байгаа юм байна гэхэд ямар шатандаа явж байна, хэзээ гарах вэ гэж асуусан. Би түүнд нилээн их материалтай юм байна лээ, жоохон удах байх аа гэж хэлсэн. Яг энэ асуудлаар Б.Цолмонтой би 3-4 удаа уулзсан, ажил дээр нэг удаа Б.Цолмон өрөөнд орж ирж уулзсан, ажлын гадаа Цолмонгийн машинд уулзсан, Маршалын гүүрний тэнд нэг удаа уулзаж байсан. Ингээд шинжээчийн дүгнэлт гарсны дараа Б.Цолмонгийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлтийн эхний болон “Дүгнэлт”-ийн хэсгийнх нь зургийг авч флашинд буулгаж өөрийнхөө ажлын гадаа гаргаж өгсөн санагдаж байна. Дүгнэлт гарснаас хойш нилээн удсаны дараа, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Маршалын гүүрэн дээр уулзахдаа Б.Цолмон надад бор өнгийн цаасан ууттай мөнгө өгсөн, хэдэн төгрөг юм бэ гэхэд 35 сая төгрөг байгаа гэхээр нь ямар их мөнгө вэ, болж байгаа юм уу гэхэд зүгээр ах санаа зоволтгүй ээ л гэж хэлсэн байх. Энэ мөнгийг би гэртээ нэг хонуулаад маргааш өдөр нь өөрийн төрсөн дүү Д.Адилгүйн 5 дугаар сургуулийн баруун урд талд байх .. дүгээр байрны .. давхарт очиж 30,000,000 төгрөг аваачиж өгсөн. Өгөхдөө миний дүү өөрийнхөө дансанд хийгээрэй, заримыг нь евро болгочихвол дээр биздээ гэж хэлсэн, үлдсэн 5,000,000 төгрөгийг Төрийн банкнаас зээлсэн байсан 2 сая гаран төгрөгний зээлээ төлсөн, үлдсэн мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Б.Цолмон бид хоёрын дунд өглөг, авлага байхгүй. ...Мөнгөншагайн гарын үсэг биш юм биш үү, Авидхүү худал дүгнэлт гаргачихсан юм биш үү, тэр талаас нь сайн хараарай л гэж хэлсэн. Энэ талаар Солонго, Тамир хоёртой уулзсан, яагаад ингэж шинжээч нарт хэлсэн бэ гэхээр нэгдүгээрт өмнөх хоёр шинжилгээ нь зөрүүтэй гарчихсан, хоёрдугаарт би өөрөө харахад Мөнгөншагайн гарын үсэгтэй тохирохгүй байсан, гуравдугаарт Б.Цолмон Мөнгөншагайн гарын үсэгтэй тохирохгүй талаас нь хараад өгөөч, ер нь бол Мөнгөншагай өөрөө зураагүй юм байна лээ гээд байсан учраас Би Солонго, Тамир нараас гуйсан юм. ...Цолмон надад хэлэхдээ “ахаа, Мөнгөншагай наад шинжилгээ хийж байгаа гарын үсгүүд дээр чинь өөрөө зураагүй юм шиг байна лээ ш дээ” гэж хэлэхээр нь “ахын дүү наад зурагдсан гарын үсгүүд дээр чинь зурсан зураагүйг шинжилгээ хийж байж тогтоодог юм ш дээ, шинжилгээ хийгдэж дуусаагүй, нилээн их обьекттой юм байна лээ гэж хэлсэн. Б.Цолмон надтай Маршалын гүүрэн дээр уулзаад “наад мөнгөө авчих, 35,000,000 төгрөг байгаа” гэж хэлэхээр нь тухайн үед мөнгөний хэрэгтэй байсан учраас авчихсан...” хэмээн тус тус мэдүүлж байжээ.
Тиймээс ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонд эрүүгийн хуулийн 22.4.4, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хуулийн
22.4 дүгээр зүйл.Хахууль авах 4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа.
ГИХГ-ын экс дарга Б.Цолмон болон ШШҮХ-гийн газрын дэд дарга асан дэд хурандаа Д.Адилбаяр нарын гэм бурууг хэлэлцэх шүүх хурал 2020.03.02-ны өдрийн 16:00 цагт эхэлсэн юм. Улмаар тэднийг хахууль авсан гэм буруутайд тооцсон. Улмаар хуульд заасны дагуу хорих биш торгох ял оногдуулж, хахуулийн мөнгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албанд томилогдох эрхмийг ДӨРВӨН жилээр хасаж, 18 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18 000 0000 төгрөгийн торгуулийн ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт шүүгдэгч Б.Цолмонг нийтийн албанд томилогдох эрхийг ХОЁР жилийн хугацаагаар хасаж, 13 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13 500 000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсэн.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Адилбаяраас 35 000 000 /гучин таван сая төгрөг/, шүүгдэгч Б.Цолмонгоос 5 000 000 /таван сая төгрөг/ тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүх Д.Адилбаяр, Б.Цолмон нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсэн эсэх, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулахаар гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлсэн нь энэ ажээ. Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлсэн нь энэ юм.
А.Баярмаа
Зочин · 2020/04/29
Авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хориглосон зохицуулалтыг эрүүгийн хуульд шинээр оруулах.