Ирж яваа цагийн өнгө гэрэл хөдөө нутагт цогцлоод, их ажлын ундарга жаахан татарсан үеэр төлийн дуу цангинасан малчны хотонд саатлаа. Жаврын үзүүр уярч цаг наашилжээ. Миний зорьсон нутгийн гуу, жалганд цас байсныг гэрчлэн норсон газар л үзэгдэх ажээ. Тэрхүү гуу, жалгыг дагаж ногоон туяа суусан харагдана. Ус эрдэнээр тэтгэгдсэн газар байгалийн шим хэдүйнэ цухуйж. Хавар эртийн ургамал гэгддэг яргуй хаа сайгүй ургажээ. Машины цонх нээхүй хаврын урин салхи хацар илбэн, шинэ ногооны анхилам үнэр хамар цоргин байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвийг Зүүнхараа гэнэ. Зүүнхараагаас өмнөд зүгт таван км зайд Хэрх суурин байрлах бөгөөд эдгээрийг Хараа гол тусгаарладаг.  Зүүнхараагаас зүүн өмнөд зүгт 44 км зайд Түнхэл суурин оршино. Тус сумын нутгаар Монголын төмөр зам дайран өнгөрнө. Дэд бүтэц сайн хөгжсөн энэ  сумынхныг хот, хөдөөгийнхөн гэж зааглаж болмоор санагддаг юм. Зүүнхараадаа суурин сууж, ажиллаж, хөдөлмөрлөх нэгэн байхад хэдэн малаа адгуулж амьдрах хүн ч цөөнгүй бий, энэ нутагт. Мал аж ахуй, газар тариаланг хослуулж чадсан сум гэж Зүүнхарааг бас тодотгож болох юм. Зарим хүний ярихыг сонсох нь ээ нүүдлийн мал аж ахуй, газар тариалан хоёр нэг бүс нутагт хөгжих үндэсгүй гэнэ. Тэгвэл Зүүнхараад малчин түмэн нь, тариаланч олонтойгоо саахалт буучихсан байх нь бий. Энэ нутагт л лавтай хэний ч юм гаргасан дээрх хууль үйлчилдэггүйгээрээ эрхгүй анхаарал татна. Энэ бүхэн хүмүүсийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нь тодорхой. Түүнээс биш Зүүнхараагийн мал нь тариа, ногоогоо иддэггүй гэсэн үг биш юм. Товчхондоо бол малчид нь малаа сайн харж, ногоочид нь тариа, ногооныхоо талбайг сайн манадаг гэсэн үг. Туслах аж ахуй ч Зүүнхараад буй. Гахай, тахиа, галуутай айл сумын төв, хөдөөгүй байх ажээ. Монголын хамгийн том сум  гэдэг утгаар нь энэ газрыг сонгон шилжин ирэгсдийн тоо татардаггүй байна. Уугуул, суугуул иргэд нь энэ нутгийн хөгжлийн гарцыг олж харсан нь лавтай биз ээ.

А.Хүрэлбаатарынх Зүүнхараагаас холгүйхэн хаваржиж байна. Бог мал нь төллөөд дуусчихсан, бод нь бас дөхчихсөн байгаа сурагтай. Тэднийх таван хошуу мал адгуулж, амьдардаг юм байна. Биднийг очиход бага үд хэвийсэн байлаа. Хонь аль хэдийнэ бэлчээртээ гарч, төл мал ч өвсөн дээр “найрлаж” байв. Ихрийн өрөөсөн, эсвэл жилбэ муутай эхийнхээ сүүнд цадаагүй хурга, ишгээ угжиж байгаа харагдана. Нялх тугалтай үнээ цөөн биш учраас эднийх үхрийн сүүгээр ишиг, хургаа угжих ажээ. Энэ ажилдаа дадсан Төгсөө охин, Төрөө хүү хоёр ишиг, хурга угжих ажлыг шалмаг гэгч нь амжуулж харагдана. Тэдний ах Баясаа, Мийгаа нар ч мөн хонио хариулж, бод малаа адгуулж байв. А.Хүрэлбаатарынх ам бүл зургуулаа. Нэг охин, гурван хүүтэй. Дөрвөн хүүхдийнх нь гурав нь сурагч учраас хагас, бүтэн сайн өдөр хөдөө гэртээ ирж аавдаа тусалдаг байна. Эхнэр Б.Солонго нь Зүүнхараад хүүхдүүдээ харж, мөн л амралтын өдрөөр мал дээрээ ирдэг ажээ.

Тэдний гадаа таван хошуу малын шинэ төл цөм байлаа. Саяхан унагалсан гүү, унагатайгаа, нялх ботготой ингэ гээд малчин айл болгоны гаднаас олж харахааргүй “ховор” төл мал байсан нь завшаантай юм. Унагаа харамлан унгалдах гүү, ботгоо харамлан гунганах ингэ сүртэй харагдана. “Энэ ер нь яах гээд байна” гэсэн янзтай сэрэмжтэй гэгч нь харах нүд нь хүртэл сүрдмээр байв. 

Хөдөө төрсөн, өссөн хүний хувьд бууцны үнэр танил бөгөөд соньхон байлаа. Өөрсдийгөө “унаган хотынх” гэж нэрлэгсдийн хувьд энэ үнэр ямар байхыг хэлж мэдэхгүй ч малчин удмын хүнд бол хамгийн дотно үнэр билээ. Энэ л бууцан дээр өсч, торнисон хүн Монголд олон.

Тэнгэр хангай ч энэ өдөр сайхан байв. Өглөөгүүр бороо хаялж, чийгний үнэр ханхийсэн ч төд удалгүй нар ээж эхлэв. Үе үехэн салхи сэвэлзэх ч өнжмөл өвсийг налуулахаас цаашилсангүй. Өдөржингөө шаргал тал дээгүүр үүлний сүүдэр, нартай “холилдон” нүүлээ. Налайн байсан орчныг төлдөө яарсан малын дуу цочоов. Гарч харвал баруун хамрыг даваад хонин сүрэг тоос татуулан гэрийн зүг цувжээ. Эхийнхээ дууг сонссон хурга, ишиг нэгэн зэрэг майлалдана. Төлийн дуу цангинана гэдэг л ёстой энэ байх даа. Төд удалгүй хонь хургаа олсноор энэ дуу намжив. Цувж буй малын сүүлчийг мушгин ямаа ишгэндээ ирж байна. Ишгэндээ яарах сэтгэлээс нь яргуйд тэмүүлэх хүсэл бас хуваалцсан бололтой.

Хөдөөд хаврын их ажлын ундарга татарчээ. Мал нь төллөөд дуусах дөхөж. Одоо л нэг амьсгаа авах цаг хаяанд нь ирж. Гэсэн ч энэ үеийн бас нэг их ажил нь ямаа самнах билээ. Зүүнхараагийн малчин өрхийн зарим нь аль хэдийнэ ямаагаа самнаад ноолуураа борлуулсан гэнэ. Хүн бүл муутай зарим өрх ямаагаа самнаж эхлээгүй байгаа юм билээ. Энэ нутгийнхан зарим газрынхнаас ялгарах нь гэр, байшинг хослуулан амьдарна. Ихэнхдээ Монголын малчин өрх монгол гэрт амьдардаг. Тэгвэл Зүүнхараагийн малчид малын саравчныхаа хажууд гэр бус, байшин барьсан байх нь цөөнгүй тааралдана. “Байшинтай юм байна, малчин айл биш байх” гэсэн сэтгэлгээ энэ нутагт үйлчлэхгүй. Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаандаа тус бүрт нь байшин барьсан айл ч байдаг гэнэ лээ. Магад ч үгүй энэ нь сүүлгүй чононоос сэрэмжилсэн хэрэг биз ээ. Эл нутагт сүүлтэй, сүүлгүй чоно элбэг гэсэн. Энэ нь малчдын санааг чилээдэг зүйлсийн нэг нь яах аргагүй мөн. Малаа бэлчээрээс нь алдах явдал мэр сэр гарсаар байдаг ажээ.

Мандал сумын нутагт "Ширхэнцэг", "Их мандал" хэмээх сүрлэг сайхан уулс бий. Эл нутгийн нэрийн хуудас гэж эдгээр хайрханыг хэлж болох юм. “Ширхэнцэг”  хайрханыг Монголын ард түмэн төв талбай дээрх Д.Сүхбаатарын хөшөөнөөс олж харсан нь лавтай. Жанжин Д.Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг Алтанбулаг, Хиагтыг чөлөөлөх замдаа Ширхэнцэгийн орчимд буудаллажээ. Сүхбаатар жанжин ухаа хонгор морьтойгоо эл уулан дээр гарч үг хэлсэн учраас тэрхүү зураглалыг хөшөө болгон буулгасан гэх. Энэ яг батлагдсан зүйл биш ч гэлээ хөшөөний чулуун суурь "Ширхэнцэг" хайрханы оройтой тун төстэй нь анзаарагддаг. Зүүнхараагийнхан хэвтэж буй арслан шиг харагдах "Ширхэнцэг" хайрхандаа сүсэглэн, түүнийг тайж, тахисаар иржээ.

Нар баруун уул руу дөхсөн байна. Энгэр ээвэр газар шаргалтан үзэгдэнэ. Бас нэлээдгүй газар уулсын сүүдэр тусчээ. Монголын хөдөөгийн нэгэн өдөр дуусах дөхсөн байлаа. Мал хотлох болоогүй, нар туссан ээвэр газар хонин сүрэг налайн тогтжээ. Өдөр ботгоо орхин идээшлэхээр явсан хоёр ингэ цувран ирж яваа харагдана. Удахгүй үнээ тугаландаа яарсаар ирнэ. Нялх тугалтай нэг нь гэнэт ухаан орсон мэт гэрийн гадаа чанга гэгч нь мөөрнө. Тийм ээ. Малчдын амьдрал хөдөөгийн уул, талдаа ийм амгаланаар үргэлжилж байгаа. Тэдний нэгээхэн хэсэг Зүүнхараад ийн цогцолжээ. Төлийн дуу цангинасан шаргал талын дундах малчин айлд аяны дөрөө мултлаад эгсэн минь энэ билээ. Машинтай хурд мэдэн “уралдах” нохой тоосон дунд булагдан хоцроход тэртээ хол хотны зах руу малд явсан хүн ирж үзэгдлээ.

 

Ж.Тагтаа