АН-ЫН “АХМАД” БОЛОХ ТУЛААН
2020/11/03
С. Гандөл
АН-ын удирдлагууд алдаатай шийдвэрээ залруулбал 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн цорын ганц бие даагчаар тодорсон Н.Алтанхуяг гишүүн намын гишүүнчлэлээ сэргээх тухайгаа мэдэгдэв. Цаг хугацааны хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АН-ын гишүүнчлэлээ сэргээснээс яг долоо хоногийн дараа гэсэн үг.
Монголын улс төрийн удаахь хүчний эрэмбэтэй, тэр хэрээрээ МАН-ын дараа орох хэмжээний гишүүд, дэмжигчтэй, Засгийн эрхийг дангаараа болон хамтарч барьж ирсэн тус намын хоёр ч лидер нь ээлж дараалан гишүүнчлэлээ сэргээж, сэргээх тухайгаа дурдсан нь мэдээж содон үзэгдэл.
Зургаан жилийн хугацаанд З.Энхболд, С.Эрдэнэ гэсэн нэг фракцын угшилтай, үзэл бодол, эрх ашгийн нэгдэл болсон хоёр ч даргын “сүүдэр”-т явсан Ардчилсан нам, Ерөнхийлөгчийн сонгуулийг эс тооцвол УИХ, нийслэлийн сонгуульд дараалан ялагдал хүлээсэн нь улс төрд урьдчилан таамаглаагүй үр дүн байсан юм.
Зүгээр ч нэг ялагдал бус үнэмлэхүй хэмээх нэршлийг сонгуулийн хоёр ч циклийн үр дүнгээр зүүсэн тус намд зайлшгүй шинэчлэл хэрэгтэйг хэн бүхэнд харуулж, ойлгуулж, шаардах болсон энэ цаг үед Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар буцаж “шингэх”-ээр зүтгэж, зүтгэх болсны цаад шалтгаан, улс төрийн дараагийн нүүдэл юу байх бол гэдэг нь анхаарал татах сэдэв.
Учир нь, тэд бол ардчиллын үйл хэрэгт анхнаас нь оролцож, албан тушаалын бялуунаас хангалттай хүртэж ирсэн эрхмүүд. Хоёулаа АН-ын даргаар ажиллаж байсан туршлагатай. Ардчилсан намаас хоёр ч удаа Ерөнхий сайд болж, Төрийн тэргүүнээр улиран сонгогдсон нь Ц.Элбэгдоржийн бий болгосон орон зай, фигур. АН-ын түүхэнд хамгийн удаан Намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж, дараалсан ялалтыг авчирч асан нь Н.Алтанхуягийн бүтээсэн рекорд, бас гавьяа. Тус намын түүхэнд шүү дээ.
...Өнөөдрийн үнэн гэвэл Н.Алтанхуягт АН-ын дарга болох амбийц байгаа бол өдрөөс өдөрт хумигдаж буй улс төрийн орон зайгаа хадгалах замаар нам дахь нөлөөллөө тогтоож, одоогийн барьцаа улам лавшруулах сонирхол Ц.Элбэгдоржид бий..
Н.Алтанхуяг МУИС-ийн багш байхдаа л Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын социал демократ намыг үүсгэн байгуулж явсан бол Ц.Элбэгдорж “Улаан-Од” сонины сурвалжлагч байх үедээ МоАХ-ны зохицуулах зөвлөлд багтан, “Ардчиллын анхны 13”-ын нэгээр тодорч Монголд хувьсгалын салхийг сэвэлзүүлэх тэргүүн фронтод явж байлаа. Хожмын түүх нь ч тэднийг үгүйсгэж боломгүй үнэнээр холбодог. Тэр нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Намын даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж нэг л өдөр тамгаа Н.Алтанхуягт шилжүүлж байв. Удаахь онд нь Ц.Элбэгдорж Намын даргын тамгаа шилжүүлсний учиг тайлагдаж, тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд “ногоон гэрэл”-ээр нэр дэвшсэн, АН-аас Төрийн тэргүүн “тодорсон”.
Ингэж л Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг гэсэн хоёр хүний эрх ашгийн нэгдэл, эргэх холбоо намдаа ч, нийгэмд ч бүрэлдэж эхэлсэн юмдаг. Гэвч 2014 оны эхэн үеэс улбаатай хоёр улстөрчийн зөрчил жил гаруйн хугацаанд үргэлжилж явсаар эцэстээ Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаар намжсан юм. Намжсан гэхээсээ Ц.Элбэгдорж ялалт байгуулсан нь энэ. Ерөнхий сайдаас бууж, удалгүй АН-ын даргын суудлаа өгч, “дан дээл”-тэй хоцорсон Н.Алтанхуягийн орон зай тэгж л намаас нь бүдгэрч, шахагдаж эхэлсэн. Нөгөө талд орыг нь залгамжилсан Ч.Сайханбилэг нэгэн цагийн нөхрөө орхиод Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн хаяанд очоод суучихсан нь ч түүнд барьсан гэнэтийн бэлэг байсан юм.
Удтал чимээгүй явсан тэрбээр УИХ-ын ээлжит сонгууль болохоос хоёр сарын өмнө мэдэгдэл хийж, Монголын улс төрд “Шударга бусын хонгил” байдаг, толгойлогч нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэсэн нь тухайн үедээ л шуугиан тарьж байв. Хариуд нь Ц.Элбэгдорж “Шударга бусын хонгил гэдэг бол таван жил үргэлжилж байгаа кино” хэмээн ёжилж байлаа. Уг асуудал тойрсон улс төр одоо ч өрнөдөг, өрнөж л байна. Угаас улс төрд мөнхийн найз, дайсан байдаггүй. Зөвхөн мөнхийн эрх ашиг л гэж байдаг юм хойно.
Гагцхүү Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн Төрийн гурван өндөр сэнтийг АН бараг дангаараа бүрдүүлж байх үед байсхийгээд сэдэрч, түүнээсээ буусных нь дараа бүр ужгирсан Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын эрх ашгийн зөрчил, үзэл бодлын зөрүү нь намынхаа малгайнд багтаж, шингэх орон зайг үлдээсэн үү? гэдэг нь сонирхолтой сэдэв, цаг хугацааны л асуудал. Нэгэн цагт бүхий л эрх мэдлийг гартаа төвлөрүүлж явсан тэд энэ удаад нэг завин дээр суугаад намаа шинэчлэх ажилд хамтарч ажиллаж чадах эсэх нь өнөөдөртөө эргэлзээ төрүүлэм гэсэн үг. Чин үнэндээ Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг гэсэн хоёр хүн хоорондын асуудал нь АН-д эрүүл үзэгдэл гэгддэг дотоод зөрчлөөс нь тэс ондоо, тэр хэрээрээ өндрөө авчихсан зүйл юм.
Н.Алтанхуягийг АН-ын даргаар ажиллаж байхдаа Намын байраа зарсан гэдэг шүүмжлэл дагадаг бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалд буруутгадаг. Аль аль нь үүнийг үгүйсгэдэг ч нийгэмд, намд нь ч бий болсон бодит хардлага. Ялгаатай нь, Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг “Шударга бусын хонгил”-ын толгойлогчоор цоллох хүртлээ “харшил”-тай явдаг шиг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч өмнөх Төрийн тэргүүнд тийм ч таатай ханддаггүй, хол хөндий нэгэн.
Прокурорын байгууллагад ажиллах үеэрээ Тавантолгойн ордтой холбоотой 178 хуудас бүхий Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн хүн нь Х.Баттулга. Нөгөөтэйгүүр, С.Эрдэнийг Намын даргын тамгаа өгснөөс хойш АН Ерөнхийлөгч Х.Баттулгын “халаас”-нд орсон нь үнэн л юм бол өмнөх удирдлагын алдааг залруулж, Н.Алтанхуяг эргэн ирэх нь тодорхой. Тэр үед гишүүнчлэлээ сэргээгээд удаагүй байгаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийх тэмцэл нь илүү бодитой, ханатай болж ирэх магадлал нь өндөр.
2016 оны УИХ-ын сонгуульд төрөлх нутагтаа нэр дэвшээд унасан хор шар нь Н.Алтанхуягийг АН-ын даргын сунгаанд өрсөлдөх үүдийг нээж байлаа. Гэвч намынхаа нэгдүгээр хүнээр дахин ирэх түүний сонирхол ялагдлаар өндөрлөж, З.Энхболдын халааг С.Эрдэнэ авсан нь 2017 он. Тэглээ гээд түүний нөлөө хараахан хумигдаагүйг Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр очсоноос харагдаж, ойлгогддог. Улмаар 2020 оны сонгуульд АН-аас бус бие даан нэр дэвшсэн тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлнэ лээ, хэвлэлийн бага хурлаараа дамжуулж. “Улс орныг дампууруулж, Монголын ирээдүйг балласан хүмүүсийн нэг гарцаа байхгүй Ц.Элбэгдорж. Би хэн нэгэн хүнтэй зөрөлддөг хүн биш. Би үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг хүн. Нэг юмыг баталгаатай хэлэхэд “Шударга бусын хонгил” нурсан уу гэвэл үгүй. Толгойг нь л сольсон. Их бие, хөл гараар нь зөндөө юм бий” гэж. Түүнийхээр толгой нь мэдээж Ц.Элбэгдорж байж таарна.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухайд Төрийн тэргүүнээс бууснаас хойш хэсэгтээ улс төрөөс завсарлага авсан тэрбээр гадаадад хурал, зөвлөгөөнд оролцож байгаад эх орондоо ирж, улмаар гишүүнчлэлээ сэргээсэн нэгэн. Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдгээ ч илэрхийлсэн. Гэхдээ УИХ-ын гишүүний сэнтий, Ерөнхийлөгчөөс ирэх дэмжлэг нь энэ удаад Н.Алтанхуягт илүү боломжийг олгож мэдэх.
АН-ын дарга асан С.Эрдэнэ сонгуулийн ялагдлын үндсэн нэг шалтгааныг “Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж чадаагүй” гэж тодотгосон удаатай. Өөрөөр хэлбэл, нэр дэвшүүлсэн автор нь АН учраас Ерөнхийлөгч Х.Баттулгаас үзүүлэх нөлөө их гэдгийг намын экс дарга нь битүүхэндээ хэлчихсэн хэрэг. Тэгэхээр ирэх сард болох АН-ын Их хурлын уур амьсгалын дүр зураг, түүнээс гарах шийдвэр Ерөнхийлөгч Х.Баттулгын дэглэх сценариас тодорхой хэмжээнд уншигдана. Ямар ч байсан Төрийн тэргүүн болсноосоо хойш намынхаа бодлогод зөвхөн хөшигний араас оролцоотой явж ирсэн Ц.Элбэгдорж АН-даа албан ёсоор эргэн ирлээ. Араас нь Н.Алтанхуяг ч ирэхээ зарлалаа.
Өнөөдрийн үнэн гэвэл Н.Алтанхуягт АН-ын дарга болох амбийц байгаа бол өдрөөс өдөрт хумигдаж буй улс төрийн орон зайгаа хадгалах замаар нам дахь нөлөөллөө тогтоож, одоогийн барьцаа улам лавшруулах сонирхол Ц.Элбэгдоржид бий. Харин энэ хоёр хүний толхилцооноос Ерөнхийлөгч Х.Баттулга хожих уу?, хохирох уу? гэдэг нь АН-ын удирдлагад хэнийг томилохоос бүрэн хамаарах бололтой. Хамгийн гол нь, намд нэг л дарга байдагтай агаар нэг хөлгийн залуур дээр АХМАД л зогсдог. Юу үнэн гэвэл энэ л үнэн.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
мангар засаглал · 2020/11/06
Элбээ шорон доо. жарга.. монгол түмэнг балласан аргаа ял болгон эдлэ...... түмэн олон чамаар дутахгүй мангар засаглал нурах ёс бий ..урвагчийг хурдан шийдэж гянданд илгээ... эх орноо балласан хүнд гишгэх газар байх уу, үгүй
Зочин · 2020/11/06
AH anhnaasaa l yozgui humuustei nam baisan. Ard tumnii itgel deer l udii boltol torj togtoj baisan yum. Odoo unen turh ni ilersen yavtsgui ee.
Иргэн · 2020/11/04
Алтанхуяг зөв хэрэгтэй хүн Элбэгдорж одоо хэрэгүй
Иргэн · 2020/11/04
Алтанхуяг нь илүү хорчин илүү шуналтай тэгээд бодохоор одоо эднээс намын дарга хайгаад хэрэггүй.Харин Элбэг нь илүү гарц хайж олж өгөх шинжтэй. Иймд залуучууд элбэгээс авах юмаа аваад шинэ хуулийн орон зайд өөрсдөө явцгаах биз ээ.
Зочин · 2020/11/04
Алтанхуяг л Ан намын дарга болсон нь дээр энэ хүн намаа авч явах чадвартай зоригтой шударга ажлаа мэддэг хүн ш дэ энэ хүнийг нам доторх бүлэглэл нь унагаасан гэдгийг бүгд мэднэ
matilda · 2020/11/03
зочин · 2020/11/03
Ц.Элбэгдорж: Шинэ гэр барих хэрэггүй, лидерүүд намдаа ир/ гэсэн ярилцлага өгчээ зочин: Энэ хүн эрүүл саруул хүн мөн үү?Тэр ярилцлагыг нь сайн унш. Хэрэв 10-н жилийн өмнөөс зөв бодлого хэрэгжүүлсэн бол гэнээ Тэр үед энэ балай л Монголын Төрд байсан шүү дээ Тэр үед энэ л Бүх бузар ажилаа өөрөө л хийсэн шүү дээ Ичээч Та Элбэгдорж гуай 2009 онд Ерөнхийлөгч болж байсанаа мартсануу? Төрийн Том албыг хашиж байхдаа хүн биш Мал байсан юмуу? Одоо л ухаан сууж Хүн болж ухаан суусан юмуу? Элбэгдоржоо????
Яг үнэндээ · 2020/11/03
Яг үнэндээ 2 хулгайч. Адилхан даа, Гэхдээ Алтанхуяг нь хулгайч зангаараа арай илүү.
зочин · 2020/11/03
Алтанхуяг нь арай дээр юм даа
зочин · 2020/11/03
Монголчууд Бид оюун ухаан эрүүл саруул л бол элбэгдорж залиланг шүтэх ёстой юмуу. Тэр Ардчилалыг аварах биш Ард Түмнийг талалцуулж зодолдуулаад Хятад цусаа үзүүлж үр хүүхдээ аваад Төрөөс залилаж идсэн мөнгө хөрөнгөндөө шунаж Монголоос зайлна харж байгаарай Та бүгд. Алтанхуяг хэ хэ аргаа бараад л Ард түмэн минь намайг бодоорой гээд гуйж суунаа хөөрхий ,,,ийм новшууд Ардчилал ярьж ухаантай дүр үзүүлэж амиа аргацааж байнаа
зочин · 2020/11/03
Зассс Элбэгээ чинь аль хэдийн шоронгийн өрөөнд захиалгаа өгчихсөн биз дээ. АН-д Алтанхуяг шиг лидер одоохондоо болон ойрын хэдэн жилдээ л төрөхгүй, ямар тэнэг юм бичдэг гар вэ. Энэ хоёр хүнийг харьцуулаад байхдаа яахав дээ