Цагаан сар болох нь ээ.

Ойртох тусам л од мэт сэргэлэн болж сэрвэлзэх нь нандин чиг агуулгатай яа.

 

“Хоёр сарын шинийн нэгэн болоод ирэв ээ хө

Хонин эсгий гаднаа дэвсээд хорвоо дэлхийдээ мөргөв өө хө

Хоормог идээгээр тавгаа дүүргээд амтанд нь болж сууна аа хө

Ховорхон төрсөн Янжиндуламдаа санасныгаа хэлнэ дээ хө...”

 

гэж хүн бүр дуулаад, дуулдаггүй нь ч бас дотроо дуулан хөл газар хүрэхгүй хөөр баяр болдог нь арга ч үгүй юм уу даа. Энэ чинь Монгол түмний уламжлалт баяр шүү дээ. Эргээд харахад хүүхэд насны минь цагаан сар сэтгэлд уяатай байх юм даа...

Ижий минь хэд хоногийн өмнөөс л хогоо сэгсэрч, гэр орноо цэвэрлээд эхэлнэ. Тэгмэгц “цагаан сар” болох нь гэсэн зөн төрнө, баяр ч төрнө дөө. Хуучин дээлээр хэв тохируулан надад дээл эсгэнэ, дүү нарт ч дээл эсгэнэ. Шинэ дээл, шинэ савхин гутал өмсөнө гэхээр сэтгэл нэг л догдлоод, сая сурсан шинэ дуугаа Цэцүүх голын эрэг дээрээс чанга гэгчийн цангинуулмаар бодогдоно. Битүүний өдөр оройн нар орохоос өмнө тавгийн идээгээ зассан байх ёстой. Тэгээд л битүүлэгнийхээ махыг чанаж эхэлнэ дээ. Битүүний үдшээр малчин айлыг чанх дээрээс нь харах юм бол хорол тооноор нь битүүлэгний мах уур савссан биндэр цагаан шүхэр шиг ээ дээ мөн сонихон байх биз ээ. Тэр жилийн цагаан сар санаанаас ердөө чиг гардаггүй юм. Ээж маань бид хэдэд дээл урлаад сүүлчийн учгийг нь шинийн нэгэнд гүйцээхээр эвхэж дээш нь тавиад бүхэл махаа эргүүлэн, гал нэмэхээр бослоо. Тэгтэл гадаа хоёр гурван морьтон ирж байгаа нь сонсогдон, нохой боргов. Би ч гүйн гарч нохойгоо уялаа. Тэд манай ус нутгийн ах нар бөгөөд чухамдаа огт яарсан шинж алга. Бүхэл махан гарган “бурхны мах” гэж эхэлж дээжлээд өөхнөөс нь галдаа өргөлөө. Цай чанан, бууз жигнэж, тавгийн идээгээ заслаа. Ийнхүү манай битүүний баяр эхэлж буй нь тэр ээ. Ах нар манайд шагай шүүрч тоглох юм боллоо. “Тулгаа миний дүү гүйгээд Даян гуайндаа орчихоод ир. Цэцэгдарь эгчийгээ дуудчих. Шагай тоглоё гэнэ ээ гэж хэл” гэдэг сэн. Цэцэгдарь эгчийг ороод ирмэгц ширмэл тойруулга тойрон суусан залуусын нүд гэрэлтэж, дуу нь чангараад явчихлаа. Ээж гэтэл хоймрын авдарнаасаа хоёр усаар. гаргасан нэрмэл гаргаад ирсэн нь мөнөөхөн дуу шуугианыг улам л хөгжөөчихсөн юм шиг санагддаг юм. Тэр жилийн цагаан сараар манай нутгийн залуус ингэж шагай шүүрэхдээ өрсөлдөж байсан шигээ шаавай төрсөн Цэцэгдарь эгчийг “шүүрэх” гэж нууцгайхан чиг бас өрсөлдөж байсныг жулдрайхан хөвгүүн би яаж мэдэх билээ дээ. “Цагаан сарын шинийн нэгний өглөө нар битүү байхад босох ёстой. Яагаад гэвэл Лхам бурхан ногоон хапзан морьтойгоо хүмүүсээ бүртгэхээр үүр шөнийн заагаар морилон ирдэг. Тэр үед нь хэрэв унтаж байвал бүртгэж авдаггүй, “үхсэнд” тооцоод явчихдаг юм билээ” хэмээн ээж ярина. Ээжийн энэ ярианд би үнэмшээд, нойр ч хүрэхгүй сэрвэлзэж хононо. Үүрээр Лхам бурхан намайг орхиод явчихлаа хэмээн учиргүй айн цочиж сэрээд дахин нойр хүрсэнгүй. Шөнөжингөө шагай шүүрэн тоглосон ч гэлээ эрт босож, шинэ дээлээ өмсөн, золголт болохыг хүлээлээ. Даян гуайнд хот айлаараа золгохоор болж, айл бүр тавгийн идээ, бурханд өргөх зул, халуун сав цайтайгаа цугларцгаав. Ингээд л бүтэн халуун сэтгэлийн бүрэн гэгээн мэндийн үг хөвөрч, зарим нэг нь “үнсэх сэн” гэж бодоод ч чаддаггүй булбарай хацрын үнэ огцом доошоо унан, “үнэгүй” болж навс хямдарна даа. Цагаан сараар надад нэг хэцүү зүйл байлаа. Ижийтэйгээ золгоно гэдэг л юу юунаас илүү хэцүү. Тэр үед их л зоригтой очоод ээжийнхээ амрыг эрэх гэсэн чинь хоолой зангираад, мөнөөх амар мэндийн үг хоолой дээр таг гацан, хоёр нудний нулимс бөмбөрлөө. Ээж маань намайг хараад бас мэлмэрүүлж гарав. Хэсэг хугацаа өнгөрч сэтгэл нь арай жаахан онгойсныхоо дараа “Энэ хөөрхий ажил мэдэхгүй амьтан аавгүй яана даа” гэж билээ. Учир нь аав маань дунд Цэцүүхийн Хар чулуут, Харуул цохионы эхэнд ан хийж яваад нас барсан жил байсан юм. Аав үгүй хүүхэд ахуйн тэр цагаан сарууд шиг хүнд хэцүү өдрүүд байгаагүй шиг санагддаг юм. Тэгээд л “бэлгийн уут” бэлтгэж аваад үеийн найз Эрдэнэбаттайгаа хотныхоо айлуудаар ааруул чихэр авахаар гарч өгнө дөө. Анидаагийндаа орлоо. “За хүүхдүүд нааш ир, золгоё”. Золгуулт хийснийхээ дараа бид хоёр зогсоод л байдаг байлаа. Бэлгээ горьдож байгаа нь тэр. Анидаа тэгэхэд их л удаад байх шиг. “Бушуухан чихрээ авах юм сан. Тэгтэл Анидаа ч дэрэн доороос түлхүүрээ аван авдар луу гаа эргэлээ. Энэ арслантай авдар гэдэг эрдэнэсийн сан л гэсэн  үг. Энд байхгүй юм гэж үгүй. Олон жилийн өмнө энэ авдрын арслан цоо шинээрээ, “омголон” байсан юм. Одоо ч биднээс болж Анидаагаар “ноолуулсаар” байгаад номхорч дээ. Анидаа домбон ёотон, сармай дээлт гэдэг чихэр бид хоёрт өгөхийн өмнө “За хүүхдүүдийн авъяасыг үзнэ” гэлээ. Эрдэнэбат маань үнэхээр хөөрхөн дуулчихна. Бид хоёр бэпгээ авахын тулд уриалгахан гэж жигтэйхэн. Эрдэнэбат үзэгчдийн өмнө байгаа юм шиг номхон зогсож байгаад цангинасан чанга хоолойгоор хадааж гарна. Анидаа ч бид хоёрыг үнсэн, чихрээ өгнө дөө. Тэр үед авьяаслаг найзынхаа хүчээр л бэлэг авч байгаа юм шиг санагддаг сан. Аавгүй ч гэсэн авъяаслаг андтайгаа хөтлөлцөн гүйсэн хүүхэд насны цагаан сар сэтгэлд юутай тодхон бэ. Тэр жилийн аав эзгүй цагаан сар аа гэж...

 

ЭРГЭН ДУРСАХУЙ

 

Он цагийн нимгэн цэнхэр хөшгийг нэвт гэрэлтүүлэн гэнэн жаахан насаа эргэн санахад нэг л тийм үгээр хэлэхийн аргагүй баяр хөөр санагддаг юм. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд дэл сүүл нь цантсан морьд манай гэрийн гадаа үүрсэлдээд, гэрийн тооноор уур савсан байх нь гэнэн жаахан насанд минь их л содон “ уран зураг" болон үлдэж дээ. Айлчлан ирсэн хүн бүхний өвөрт эрхлэн үнсүүлэхэд төрж байсан гэнэн цагаахан баяр хөөр өнөөг хүртэл намайг тэжээн тэтгэж, гуниг харамсал тохиоход алзалгүй даваад гарах сэтгэлийн их тэнхээний үндэс нь болж гэрэлтсээр л байдаг юм. Амар мэндийн үг хэлэлцэж, хол ойрыг холбон ярилцаж суугаа ахан дүүсдээ аав минь их л бахархалтайгаар “Аавын данхар шар хүү эрдэмтэй хүн болно оо” гэж хэлж байсныг Анидаа маань хожим надад ярьж байлаа. Альхан нэгний учрын оньсыг тайлж мэдэхгүй алдрай жаахан хүүгээ “ Эрдэмтэй болох”-ыг зөгнөн ерөөж байж дээ. Миний “эрдэмтэй” ч юу байх вэ, харин хичээл номдоо шамдаж, хоёр үг холбож яваа минь аавын минь ерөөл, ээжийн минь энэрэл хайр юм аа. Аавын минь дүү Рагчаа адиа (Базаррагчаа) надад төвд үсэг зааж өгсөн юм. Нэг айлын хоёр хүү амьдралын хоёр өөр замналтай байсан юм. Аав минь анчин, Рагчаа адиа минь ном судар судлагч. Тэр үед аав минь “Планета-3” мотоцикль унадаг байв. Цагаан сар хуучрах үед надад ээжийн хийж өгсөн үзүүрсгэн дээл, туулай малгай, өмсүүлэн мотоциклийнхоо банкин дээр суулгаж аваад Дундын голыг өгсөж уруудан айлуудаар орж золголт хийнэ дээ. Аавд минь нутгийнхан хачин сайн “Арилд гөрөөч ирлээ" гээд л авдарынхаа буланд байгаа цагаан архийг задална шүү дээ. Аавыгаа дагаж явсаар өвөртөө багтахгүй бэлэгтэй болоод харина. Аав минь өөрөө ч бас “Амьтны нялхыг хайрлаж яв. Нялх амьтныг баярлуулсан сэтгэл амьдралын замыг гэрэлтүүлдэг юм” гэж хэлдэг байж билээ. Аав минь жинхэнэ анчин хүн байсан. Жинхэнэ анчин хүнд бичигдээгүй алтан дүрэм байдаг болохыг ааваасаа би ухаарсан юм. Харсан болгоноо харвадаггүй, харвасан бол харин амьтан зовоохгүй онодог хавтай мэргэн анчин л явсан даа, миний аав Баян хангайнхаа хишгийг нутаг голынхоо хүмүүстэй харамгүй хуваалцдаг байсан даа.

Ай сайхан аав минь. Аавтайгаа байсан хүүхэд насны минь цагаан сар минь

Гэнэн жаахан насаа дурсахуй надад бөөн баяр хөөр л байдаг юм.

 

 

"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Баттулга