Улс төрийн баараггүй тоймчид Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг гурван сарын настай гэж байсан юм. Бүтэн нэг улирал гэсэн үг л дээ. Тэр “онол”-оор Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сард онхолдох ёстой байв.

Гэтэл хагас жил гаруй Ерөнхий сайдаар ажиллаж, хэд хоногийн өмнө 200 хоногоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Үнэнийг хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдоход түүнээс хэн ч, юу ч хүлээгээгүй. Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх л захиасынхаа хариуг итгэж хүлээгээд суудлуудаа өвлүүлсэн байх. Тэр ч ойлгомжтой. ЗГХЭГ-ын даргын албан тушаалаас Ерөнхий сайдын сэнтий рүү үсрээд, тэндээ долоон сар сууж байгаа Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед их сонин тоглолт үзүүлэх боллоо. Цагтаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, өөр олон нам, улс төрийн хүчин, улстөрчдийн пиар дээр ажиллаж ирсэн А.Амундраг Ерөнхий сайд болонгуутаа МАН-д элсүүлж, одоо “Үнэн” сониныхоо эрхлэгч болгосон. А.Амундрагийн хувьд “Бодь” буюу “Голомт”-ын Д.Баясгалангийн хүн. Тавантолгойн төмөр замын төслийг удирдаж байгаад одоо МАН, Ерөнхий сайдын дэргэд очоод байгаа юм.

Хамгийн сүүлд “Блүүмберг”-ийн Э.Долгионыг зөвлөхөөрөө авчээ. Э.Долгион бол “сахал” Д.Эрдэнэбилэгийн хүн бөгөөд түүний хэвлэлийн ажлыг гардан хариуцаж ирсэн гэдгийг Монгол даяараа мэднэ. Тэр ч байтугай Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө авч байгаа гэсэн мэдээлэл түглээ. Эх сурвалжуудын мэдээллээр үнэн болох нь батлагдав. Ерөнхийлөгч асан хүн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах гэж буй анхны тохиолдол байж мэдэх юм.

Гэхдээ Х.Баттулга гэдэг хувь хүн, эсвэл Ерөнхийлөгч асан хүн түүний зөвлөх болох үгүй нь сонин биш. Харин эдүгээ хоёр талцаж, үл ойлголцож, эвдрэлцэж ханаагүй байгаа АН-ын нэг талыг нь удирдаж байсан Х.Баттулга МАН-ын даргын албыг хашдаг Ерөнхий сайдын албан тушаалд зөвлөх болсон нь хачирхалтай. Энэ нь улс төрийн хүрээнд маргаантай сэдэв болсон. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр яг юу гэж яриад ийм шийдэлд хүрсэн нь ялангуяа улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаж байна. Юутай ч энэ Л.Оюун-Эрдэнийн тоглолт бөгөөд Х.Баттулгын ямар нэг эрх ашиг ч бас шингэсэн нь тодорхой. Хамгийн гол нь, энэ бүхэн унаж дууссан АН-д ямар нөлөө үзүүлэх бол гэдэг хариулт хүлээж байгаа юм.Ер нь Л.Оюун-Эрдэнийн улс төрийн тоглолтууд нь лав сүүлийн 30-аад жилд Монголын улстөрчдөөс гарч байгаагүй “шийдэл”-үүд байгаад байна. Өөрөөр хэлбэл, тэр зөвхөн МАН-ын даргын уламжлалт дэгээр ажиллахгүй байна. Монголд бол шинэ дүрмээр тоглож байна.

У.Хүрэлсүхийн итгэлт дүүгийн хувиар Ерөнхий сайд, МАН-ын даргын суудлыг авч байсан Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүд нэмэгдэх тусам Монголын улс төр, нийгэм, эдийн засагт тодорхой өөрчлөлтийг хийгээд байгаа нь анзаарагдаж эхлэв. Хаврын чуулган “Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулна” гэсэн дуулиантай хаагдаж байв. Тэгээд зуны амралт залгасан. Одоо амралт албан ёсоор дууслаа. Улс төр, нийгмийн амьдрал буцалж эхлэв. Харин нөгөөх “Засгийг огцруулах” акц алга болчихож. Яагаад гэсэн чинь огцруулах нөхдүүд маань зун амраад явж явж иржээ.

Энэ хооронд Л.Оюун-Эрдэнэ хэдийнэ ажиллачихсан, одоо тэр үгийг хэлэх хүнгүй болгочихсон гэж байна. Тэрээр энэ зун хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, хотыг дэмжихээр болсон. Намынхаа өмнөх удирдлагуудыг цуглуулж, бүх улс төрийн хүчний лидерүүдтэй уулзалт зохион байгуулжээ. Өчигдөр, уржигдрын төрийн хэрэгт төдийлөн нөлөөтэй бус ч улс төрийн “аймаар савлагаатай томилгоо”-нууд ч үүнтэй хамаатай болж байна.

Жилийн өмнө дөө, “Одоо байгаа улстөрчдийн дунд системийн онол мэддэг цорын ганц хүн нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг би баталгаатай хэлж чадна” гэж судлаач Д.Ганхуяг бичиж байв. Л.Оюун-Эрдэнэ системийг хэрхэн ашиглаад, юунд зориод байгааг бид анзаараагүй. Тэгвэл, аль ЗГХЭГ-ын дарга байхаасаа, бүр түүнээс өмнө хийсэн улс төрийн үйлдлүүд нь өнөөдрийн шийдвэрүүдтэй нь тулаад байна. Чухамдаа энэ л нөгөөх систем гээч бөгөөд Л.Оюун-Эрдэнэ үүнийг зорилгоо хэрэгжүүлэх хэрэгсэл болгож авсан байгаа юм. Тэгээд энэ “чөтгөр”-ийн системээ бүтээж байна.

Р.ХИШИГ