МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ РИО ТИНТО, ТУРКОЙС ХИЛЛ КОМПАНИЙН УДИРДЛАГУУДААС ИРҮҮЛСЭН ЗАХИДЛЫН ТАЛААРХ САНАЛ, БОДОЛ

Рио Тинто Оюу толгой төслийн маргаантай асуудлаар өөртөө бас ч гэж дүгнэлт хийж, Монгол Улсын Их хурал, Засгийн газарт зарим нааштай алхам хийсэн байна. Захидлын 3, 4, 5-р зүйлүүдийн талаар нарийвчилсан тооцоо судалгаа хийж, бодитой үндэслэл бүхий дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай юм. 

Оюу толгой төслийн маргаан дагуулж буй хамгийн амин чухал асуудал бол төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгч үнэн худал нь үлмэдэгдэх 15.0 тэрбум ам.доллар (цаашид ч ямар нэгэн хэлбэр, арга замаар зогсолтгүй нэмэгдэх магадлалтай) мөн. Энэ талаар Рио Тинто Засгийн газарт 7.36 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Оюу толгой төсөлд оруулсан гэсэн саналыг  тавьжээ гэж ойлгогдож байна.

 

Хөрөнгө оруулалтын тооцооны бүдүүвчийг хамгийн энгийн байдлаар товч авч үзвэл: 

а. 2021 оны эцсийн байдлаарх нийт Хөрөнгө оруулалт $15.0 тэрбум; 

б. Дубайн гэрээгээр Рио Тинтогийн дансанд 2015 онд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө $5.34 тэрбум;

в. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын нэрийн өмнөөс Рио Тинто, Туркойс Хилл компани хүү өндөртэй, хүнд нөхцөлтэй, богино хугацаатай зээл Оюу толгой төсөлд оруулсан гэх хөрөнгө оруулалт $2.3 тэрбум;

г. Одоо Рио Тинто Засгийн газартай Оюу толгой төслийн нийт хөрөнгө оруулалтыг $7.36 тэрбум($15-$5.34-$2.3)-аар тохиролцохнээ гэж харагдаж байна. 

Энэ зөв үү?, Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, ард түмний санаа сэтгэлд нийцэж байна уу? гэдэгт ул үндэстэй зөв хариу өгч, шийдвэр гаргахад Засгийн газрын эрхэм үүрэг болж байх шигээ!!!. Үүнээс гадна Хөрөнгө оруулалтын болон  Хувь нийлүүлэгчдийн гэрээний Монголын талд нэн хор  хохиролтой, Хөрөнгө оруулагч болон Оюу толгой төсөл хэрэгжүүлэгч Рио Тинтогийн эрх ашиг давамгайлсан, тэдэнд их олз ашиг, өгөөжтэй заалтуудыг яах эсэх нь тодорхойгүй хоцрохгүй байх гэж бодож байна. 

Цаашид Оюу толгойн бүлэг ордуудыг ямар замаар хэрхэн ашиглах нь маш их бүрхэг бүдэг байгааг зайлшгүй нягтлах ёстой санагдана. Уг нь Хөрөнгө оруулагч болон Оюу толгой төсөл хэрэгжүүлэгч Рио Тинто анх ХөОГ, ХНГ-г Засгийн газартай байгуулж, тохирохдоо Оюу толгой ордыг эхний ээлжинд 65 жил, үргэлжлүүлээд 100 шахам жил хамтарч ашиглана гэснийг ч яах гэж байгаа нь мөн тодорхойгүй. Тэдний өнөөгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг ажиглаваас ордын зэс, алтны өндөр агуулгатай хэсгийг сорьчлон ашиглаж буй, ашиглахаар зэхэж байгаа юм шиг ойлгогддог.

 

Монгол Улсын Гавьяат эдийн засагч, 

Геологи, уул уурхайн эдийн засагч Т.Балжинням