Манлай удирдагч маршал Чойбалсан

“ЭРХЭМЛЭЖ ЯВААРАЙ ХЭМЭЭН МАШИД ИТГЭН ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛЫГ ТА НАРТ ҮЛДЭЭВ”  хэмээн бидэнд гэрээсэлсэн Монголын ард түмний манлай удирдагч  Хорлоогийн Чойбалсан одоогоос далан жилийн тэртээ 1952 оны 1 сарын 26-нд Кремлийн тусгай эмнэлгийн  мэс заслын тасагт 57 насандаа гэнэт таалал төгсөв.

Энэ явдал манай билгийн тооллоор луу жилийн цагаан сарын өмнөх битүүний өдөр таарсан тул Намын Төв Хорооноос аймаг сумдад гэнэтийн гашуудлын мэдээг зарлан “цагаан сарыг тэмдэглэхийг тас хориглосон даалгавар” орон даяар яаралтай хүргүүлж байжээ.

“Юун цагаан сар, Маршалгүйгээр бид чинь одоо яах болж байна аа” хэмээн хүмүүс бөөн бөөнөөрөө эхэр татан уйлалдаж байсан гэж аав маань амьд сэрүүндээ ярьдаг байлаа. Үүнээс хойш Монголын цагаан сарыг бүх нийтээрээ тэмдэглэх явдлыг таслан зогсоож зөвхөн малчдын хүрээний баяр болгосон түүхтэй. Тэрээр Москвагаас эмчилгээнд ирэхийг сануулан, удаа дараа дуудагдсаны эцэст, дахин эргэж ирэхгүйгээ  мэдэж байсан мэт хамаг бичиг цаасаа нэгд нэггүй цэгцлэн сейфнийхээ түлхүүрийг Ю.Цэдэнбал даргад үлдээсэн гэдэг.

 

Хагалгаа хийлгэхийнхээ өмнөхөн намайг уулзахад: “Зөвлөлтийн чадалтай эмч нар хагалгаа хийх юм чинь мэс засал амжилттай болно байх аа. Хагалгааны дараа чамайг дуудаж уулзъя” гэж байсан хүн хагалгааны дараа хэдхэн цагийн дотор л бурхан болсон  доо. Амьсгал хураахад нь би дэргэд нь байсан, үнэхээр харамсалтай байсан гэж түүний туслахаар ажиллаж байсан  Монгол улсын баатар П.Шагдарсүрэн гуай ярихыг бид ТВ-ээр олон удаа харсан.

“1949 оны сүүлчээр Сталины 70 насны ой болж бүхий л коммунист ертөнц хөөр хөөрцөгтэй тэмдэглэсэн. Шинээр буй болсон бүх коммунист орнуудын удирдагчид болоод бусад коммунист намуудын дарга нар их удирдагчид биеэр баяр хүргэхээр Москвад цугларчээ. Харин ганцхан Чойбалсан л байсангүй. Тэрээр орондоо Цэдэнбалыг явуулсан. Эндээс Чойбалсангийн Сталинд хандах хандлага өөрчлөгдсөн гэж ярьдаг. Өвөр Монголыг өөрт нь өгнө гэж Сталин хуурсанд гомдсон ч гэж ярьдаг.  Чойбалсанг нас барангуут Монгол руу шарилыг илгээхийн өмнө Москвад салах ёс гүйцэтгэхэд Сталин ирээгүй юм байна. Иймээс Чойбалсанг Москвад аваачиж хорлосон гэх сэжиг буй болжээ” гэж Баабарын номонд бичсэн нь буй. 

 

 

 

Маршал Чойбалсан гэж хэн байв? гэдгийг одоогийн залуусаас асуувал дийлэнх нь  огтхон ч эргэлзээгүйгээр “Тэр бол лам нар, буриадуудаас авахуулаад Монголын шилдэг 30.000 сэхээтнүүдийг цааш нь харуулсан цуст алуурчин байсан” гэж хариулна гэдэгт би эргэлзэхгүй байна.

 

 

Тэгвэл Монголын түүхэнд Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж “Анхны долоо” хэмээн нэрийддэг Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав гээд мянга мянган эх орончид юуны төлөө яагаад халуун амиа золиосолсон юм бол гэж лавлавал тун цөөхөн нь үнэн учрыг нь тайлбарлаж чадах болов уу гэж  бас бодогдох юм. 

1934 оны 11 сард Сталин ерөнхий сайд П.Гэндэнг Москвад хүлээн авч уулзахдаа "Танай улсын дотор улс байгаа байдалтай байна. Нэг засгийн газар нь Гэндэнгийн засгийн газар, нөгөө нь лам нарынх. Гэхдээ лам нарын засгийн газар нь хүчтэй байна. Тэдэнтэй шаргуу тэмцэх хэрэгтэй. Гэндэнгийн засгийн газар лам нарынхаас хүчтэй байхын тулд тэднийг өөрийн хатуу гарт авах хэрэгтэй" гэх зэргээр шуудхан аллага үйлдэхийг тулгаж байж. Үнэхээр 100 мянган ламтай, 10 мянга хүрэхгүй армитай улсыг ингэж хэлэх нь аргагүй. Үүнтэй нь санал нийлээгүй Гэндэнг  албан тушаалаас нь гэнэт буулгасны дараа гэр бүлийнхэнтэй нь хамт  Крымд амрааж сувилах нэрээр хорьж байгаад "Баяжигтун" хэмээх лоозон гаргасан “баруунтан” хэмээн цоллож,  1937 оны 11 сарын 26 буюу бидний тусгаар улсаа тунхагласны баярын өдөр буудан хороосон билээ.  Ерөнхий сайд агсан А.Амарыг оролцуулаад Сталины үгнээс зөрсөн дээрх нөхдөөс авахуулаад хэнбугайг ч болов ийм л хувь заяа хүлээж байсан ширүүн он жилүүд байлаа.

 

1937 онд ЗХУ-д ганцхан жилийн дотор  1 сая 500 мянган хүнийг  баривчилж, 700 мянгыг нь шууд буудан алж байсан үе. Ардын дайснуудыг илчлэх, илрүүлэх, шүүх, тушаал гүйцэтгэх  үйл ажиллагаанд тухайн үеийн ханшаар Зөвлөлт төр 75 сая рубль төсөвлөж, түүний заримыг нь манай улсын төсөвт суулгаж өгч байсан ч гэдэг юм билээ. Сталины их тулгалтыг хүлээн авч, багагүй хүний амь насыг золиослон байж, тусгаар тогтнолоо авч үлдсэн маршал Х.Чойбалсангийн гавьяаг өнөөдөр чухам юутай ч зүйрлэхийн аргагүй.

Х.Чойбалсангийн жинхэнэ нэрийг нь Дугар гэдэг бөгөөд 1895 оны 2 сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймагт малчин эмэгтэй Хорлоогийн гурав дахь хүү болон төржээ. Түүний төрсөн эцэг Жамц нь Дагуур Монголоос цагаачилж ирсэн барга хүн байж. Гэвч нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас түүнийг байнга элдэв үгээр дайрч доромжилж, хавчиж гадуурхдаг байсан учир Хорлоотойгоо гэр бүл болж чадалгүй эргээд нутаг буцжээ. Харин Хорлоогоо төрсний дараа буцаж ирэнгээ, хүүдээ Дугар гэдэг нэр өгч, хэсэг хугацаанд хамтдаа байгаад буцаж эх нутаг руугаа яваад, эргэж ирэлгүй тэндээ өөд болсон гэлцдэг.  Үүнийг түүхч эрдэмтэн Бат-Очир гуай хожим  нотолсон байдаг.

 

Дугар багадаа нилээн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байж. Хорлоогийн ах дүүсийн хоёр ч айл дамжин үрчлэгдсэн боловч тэдэндээ гологдон төрсөн эх дээрээ буцаж ирэнгээ Санбэйсийн хүрээнд шавилан сууж сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан  удалгүй багын найз нарынхаа хамт оргон Их Хүрээнд ирж, хар бор ажил хийж амь зууж байгаад Эрхүү хот руу үе тэнгийн хүүхдүүдийн хамт  суралцахаар явжээ. Тэрээр хоёр удаа гэрлэсэн бөгөөд өөрөөс нь олон эгч Бортолгой гэгчтэй 1921-1935 оны хооронд амьдарч байж. Дараа нь 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцлах үедээ Бортолгой нь   “Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй, бол бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон болно. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулж өгөөд салсан гэдэг юм билээ.

 

“Гүндэгмаа гуай Маршалыг насан эцэстэл нь асарч бөөцийлсөн, түүний түшигтэй сайн хань байсан” гэж тухайн үед Холбооны Яамны орлогч байсан манай нутгийн партизан Цэдэндамбаа гуйн эхнэр Мөнхбаяр гэдэг хүн дурсдаг байлаа. Чойбалсангийнх Нэргүй, Сувдаа хэмээх өргөмөл хүү, охин хоёртой байсан ба хожим дүрийг нь “Дайсны цэргүүд сонсоцгоо” кинонд амилуулсан, аавтайгаа усан дусал шиг адилхан Нэргүйг төрсөн хүү нь байсан гэж ярьдаг.  

Их аллагын ид үеэр Маршал нилээд согтсон үедээ Алтан-Өлгийд очиж, Д.Сүхбаатар, хичээнгүй сайд Б.Цэрэндорж нарын шарилын өмнө өвдөг сөхрөн аврал эрэн гэм нүглээ цайруулахыг гуйж үгэлж орь дуу тавин уйлдаг байсан талаар Юндэн гэгч туслах нь  ойр дотныхоо хүнд ярьсан байдаг.  

 

 

Маршал Чойбалсан 1921 оны 8 сард МХЗЭ-ийг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдож байсан. 1924-1928 онуудад бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга, мөн “Феодалын хөрөнгө хураах төв комиссыг” толгойлж байсан боловч, 1930-аад оноос намын нөхөд нь түүнийг “архи ууж агсам согтуу тавьдаг,  авгай хүүхэн эргүүлдэг” хэмээн шүүмжилж нэг хэсэг ажилгүй хүртэл болгож байж.

 

 

 

Харин 1934 онд тэрээр Москва руу дуудагдаж очин жил шахам болохдоо чухам хаана юу хийж байсан нь тун учир битүүлэг үлдсэн байдаг. Зарим судлаачид архины эмчилгээнд явсан гэж таамаглах авч, олонхи нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг  шинэ үүрэгт ажиллагаанд бэлдсэн гэж үздэг. Учир нь түүний нэр дээр 1935 онд  Москвагаас 20 машин бэлгэнд ирж, удалгүй Сталины шууд оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогч болж байж.  Сталин, түүний гар хөл бологчид, өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнийг хайсаар ийнхүү таарч тохирох хүнээ олсон нь одоо хэнд ч тодорхой. Удалгүй Чойбалсанг 1936 онд Дотоод яамны сайдаар  томилсон нь  Сталины шууд зааварчилгаагаар Монголын 30 гаруй мянган гэм зэмгүй иргэдийг хэлмэгдүүлэх эх суурийг тавьжээ.

 

Х.Чойбалсангийн толгойлсон Оросын “ГУЛАГ"-ийн монгол хувилбар “Онцгой бүрэн эрхт комисс" нь До яамнаас ирсэн нэрсийн жагсаалтыг үндэслэн зөвхөн нэг өдрийн хурлаар 1300 шахам хүнд ял оноож байсан баримт байдаг.  Тухайн үеийн талаар яруу найрагч Д.Банзрагч:

Гучаад оны шуурга хаяа хатавчаар исгэчнэ

Гунигийн бараан сүүдэр хар цайнд тунарна

Гол харлуулсан бодолд цагаан гэр минь барайна

Гай зовлон нөмөргөсөн улаан Сталины сүүдэр

Лай ланчиг ихтэй Монгол цусыг минь хөргөнө

Хөрст газар хөрвөж байхад ч ийм гарз гараагүй

Хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайраагүй  хэмээн бичсэн нь юутай үнэн. Энэ их харгислал хэрцгийлэлд  өртөөгүй айл өрх тэр үед Монголд үндсэндээ үлдээгүй. Үүнээс гадна 700 гаруй сүм хийд, тэнд хадгалагдаж байсан зуун зуун жилийн түүх шашдир, Майдар бурхнаас авахуулаад соёлын өвийг юу ч үгүй устгасан билээ. 1939 онд дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын дайны өмнө “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” гэсэн айдсыг олны дунд дэвэргэн,  хэлмэгдүүлэлтийг  орон даяар явуулах нэг том шалтаг болсон гэдэг.  

 

1941 оны зун Герман ЗХУ-руу гэнэт халдан довтолсон дайны эхний өдрөөс л монголчууд   «Бүхнийг фронтод» гэсэн уриан дор ажиллаж Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн  нийт хүн амынхаа дунд өрнүүлж байжээ. Малчин ардууд хагас сая шахам шилдэг сайн морьдоо фронтод зориулан хямд үнээр худалдаж, 30 гаруй мянган хурдан сайн морьдоо сэтгэл харамгүй бэлэглэсэн юм. Монголын төлөөлөгчид галын фронтод удаа дараа хүрэлцэн очиж, 700 гаруй вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг гардуулсны дээр «Хувьсгалт Монгол» танкийн бригад, «Монгол ард нисэх онгоцны эскадрилийг байгуулж улаан армид хүлээлгэн өгч байсныг бид мэднэ.

“Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг. 1945 оны 2-р сард Ялтад болсон их гүрний удирдагчдын уулзалтын үеэр Сталины шахалтаар  “Гадаад монголын статус кво”-г хэвээр үлдээхээр АНУ-ын ерөнхийлөгч Рузвельт, Их Британы төрийн тэргүүн Черчилл нар зөвшөөрсөн нь Монголчууд бидний хувьд юутай ч зүйрлэшгүй маш том үйл явдал болсон юм.  Үүний дараа 1945 оны наадмын өмнөхөн  Чойбалсанг Москвад уригдаж ирэхэд нь тусгаар улсын Засгийн газрын тэргүүний хэмжээнд анх удаа хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсааж, Сталин өөрөө тосч авч байжээ. Гэвч үүний дараахан “Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө бүгдээрээ санал өгвөл бид зөвшөөрч болох юм” гэж Хятад улс мэдэгдэл хийснээр  манай ард иргэд  100% оролцон саналаа өгч, тэр үеийн Хятадын төрийн тэргүүн асан Чан Кай Ши манай тусгаар тогтнолыг дуртай дургүй хүлээн зөвшөөрсөн гэдэг.   

 

Харин тэр үед тусгаар тогтнолоо зарлаад байсан  “Бүгд Найрамдах Өвөр Монгол Ард Улсын” түр засгийн  газрын Мүгдэнбуу тэргүүтэй төлөөлөгчдийг Маршал  Чойбалсан  Улаанбаатарт  урин ирүүлсэн ба тэд Нүхтийн  аманд 20  гаруй хонох үеэрээ ирсэн  хүсэл  зорилгоо илэрхийлж, Монголд нэгдэх тусламж  гуйсан бичгээ гардуулжээ. 

 

 

Гэвч Өвөр Монголыг өөртөө гэсэн чин эрмэлзэлтэй Маршалын маань хүслийг Сталин дэмжсэнгүй, нөгөөдүүлийгээ 1945 оны аравдугаар сард машинаар Сулинхээрийн  чиглэлээр  маш нууцаар хил  гаргаж  өгсөн  гэдэг юм билээ. Төлөөлөгчдийг Өвөр  Монголдоо буцаад ирэхэд нь хятадууд цэрэглэн орж ирээд өнөөх түр засгийн  газрыг нь аль хэдийнэ тараагаад санаачлагчдыг нь барьж аваад “учрыг нь олчихсон”  байсан гэдэг.   

 

 

 

Маршал Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий л амаргүй хувь тавиланг амссан ч, Монголынхоо тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байсан баримтууд олон буй. Сталины мэндэлсний 70 жилийн ойн их ёслолын арга хэмжээнд зүүн Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж түүнд үнэнчээ харуулах үед маршал Чойбалсан урилгаас нь татгалзсан мөн Тагна Тувагийн тэргүүн байсан Токаг өөрсдийнхөө араас дагаар орохыг ятгасан үг хэлэхэд нь тэрээр ихэд уурсан унатал нь алгадсан гэдэг яриа  буй.

 

Монголын нийгэмд ноцтой сөрөг үр дагавар авчирсан бурангуй олон үйл явдалтай тэрээр шууд холбоотой боловч, эцсийн эцэст Монгол улсын тусгаар тогтнолын төлөө буян нүглийг дэнслэх  амаргүй хувь заяа яах ч аргагүй Маршал Х.Чойбалсанд ногдсон юм. Чухамхүү өнгөрсөн түүхийн өршөөлгүй хатуухан сургамж гэж энэ буюу.

“ЭРХЭМЛЭЖ ЯВААРАЙ ХЭМЭЭН МАШИД ИТГЭН ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛЫГ ТА НАРТ ҮЛДЭЭВ”  гэсэн түүний сүүлчийн захиасыг төрийн түшээдээсээ өгсүүлээд түмэн олон минь үүрд санаж  “Асар их үнээр олдсон аз жаргалаа хамгаалж явах” үе л ирээд байна даа.

 

 

 

Ш.Пүрэвсүрэн

 

2022-01-31