Л.Оюун-Эрдэнэ талбай дээр гарч ирсэн нь "Ерөнхий сайд жагсагчдаас нуугдаагүй, зугтаагүй" эхний явдал болов
2022/04/11
Монголчууд 30 гаруй жил жагсаж байна. Яахав, өмнө нь Октябрийн баяр, Майн 1, наадам гээд 70 жил парад алхаад сурчихсан байсан л даа. Гэхдээ сүүлийн 30 гаруй жилд нь өөрсдийнхөө зөнгөөр, хүн ёсны эрхээ нэхэж жагсдаг болсон. Юм хоёр талтай. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших жагсаалуудыг ангилах юм бол их сонин зүйл ажиглагдана.
Сүүл рүүгээ жагсаалаар дамждаг улс төр рүү ордог арга бий болсон. Зөвхөн жагсаж тэмцэж амьдардаг бүлэг хүн ч байна. Тиймээс жагсаалын үнэ цэнэ, наад утга, цаад агуулга, бүр цаадах эзэн хэн бэ гэдгийг бид мэдээд байдаг болчихсон.
Харин өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс эсэргүүцлийн жагсаалын сураг бүдэг бадаг дуулдаж эхэлсэн. Ердөө тэр даруйд, удалгүй залуус Сүхбаатарын талбайд гарч ирсэн. Долоо хоногийн сүүлийн хоёр өдөр бүтэн жагссан залуус одоо ч бүрэн тараагүй байна.
Энэ жагсаал дан залуусынх байв. Тэднийг олны танилууд, урлаг соёлын нөхдүүд олноороо дэмжсэн харагдлаа. Залуусын “Монголдоо сайхан амьдарья” хэмээсэн лоозонгууд ч өнөөгийн Монголын өдөр бүр хөндөгдөж байдаг саад бэрхшээл байна лээ. Буруу биш. Маш зөв. Цаг нь болсон.
Энэ жагсаалын хэлбэр нь ч их зөв явж байх шиг байна. Эсэргүүцлээ, жагслаа гэхээрээ л эвддэг, эмх замбараагүй явдал үүсгэдэг байдал дуусгавар болсон шиг байна.
Өөрөөр хэлбэл, шинэ үе ирсэн байна. Тэднээс суралцах соёл манай улс төр сонирхогчид, жагсагчдад байгаа юм байна. Ийм зүйлүүд ойлгогдож байна.
Залуусын жагсаал, шаардлагын дагуу Засгийн газар энэ сарын 8-ны үдэш ээлжит бусаар хуралдав. Тэгээд хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тэр нь залуусын шаардлагын хариу гэнэ. Өдөр нь гарч ирж уулзсан Ерөнхий сайд орой нь өөрөө гарч ирж Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулав.
Тэрээр, нэгдүгээрт “Засгийн газраас олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулна. Энэ хууль батлагдсанаар олон улсын зах зээлд огцом өсч буй шатахуун, мах, гурилын үнийн өсөлт, хомсдолоос сэргийлж, мөнгөний болон сангийн бодлого уялдах эрх зүйн орчин бүрдэнэ”, хоёрдугаарт “Засгийн газрын хуралдаанд ЦЕГ, ТЕГ-ын удирдлагууд оролцож, жагсаал цуглааны үеэр саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан талаар мэдээлэл өгсөн”, гуравдугаарт, “Авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгасан хуулийн төслийг УИХ-д өргөн барина.
Мөн Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар Засгийн газраас шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллана. ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгоно”, дөрөвдүгээрт, “Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж, төрийн албан хаагчид Улаанбаатар хотод жийп ашиглахгүй байх”, тавдугаарт “МЗХ-ны байр, газрын ашиглалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах”, зургадугаарт “Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, олон улсын төлбөр тооцоо, сонгуулийн хар машин, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй. Засгийн газар дангаар шийдэх боломжгүй асуудлыг УИХ-тай хамтран шийдвэрлэнэ” гэв.
Ийм байдлаар жагссан залуусын 15 шаардлагын 11-ийг нь шийдсэн гэж Ерөнхий сайд хэлжээ.
За, өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдөр ийм үйл явдал өрнөв.
Эндээс нэг зүйлийг ажиглав. Залуусын жагсаал, жагсаж буй залуусын талаар дээр хэлсэн дээ. Нөгөө талаас Ерөнхий сайд жагсагчдад шинэ хандлага гаргачих шиг боллоо.
Ерөнхий сайдын тухайд өөрөө жагсаж явсан нөхөр л дөө. 2018 оны өвөл тухайн үеийн УИХ-ын даргыг огцруулахаар Сүхбаатарын талбайд томоохон хэмжээний жагсаал хийж байсан.
Тэгэхэд ч, түүнээс өмнөх 20 гаруй жилд Сүхбаатарын талбайд болсон бүх жагсаалын үеэр Ерөнхий сайд хэзээ ч гарч ирж байгаагүй юм. Зөвхөн Монголд ч биш, олон улсад тийм байдаг л даа. Гарч ирэхгүй. Нуугдана. Тэр ч байтугай зугтана.
Харин Л.Оюун-Эрдэнэ талбай дээр гарч ирсэн нь “Ерөнхий сайд жагсагчдаас нуугдаагүй, зугтаагүй” эхний явдал боллоо.
Б.ТУЛГАТ
хүннү · 2022/04/11
Залуу ЕС, залуучууддаа итэгсний тод жишээ. Үе үеийн ерөнхий сайд, ерөнхийлөгч нар түүхэндээ ингэж байсангүй. Залуучууд ч гэсэн “огцор” гэж “улс төржсөнгүй”, “ажлаа хий” л гэсэн. Харин ч түүгээ үзэгдсэн “ах” нарыгаа “холд” гэсэн сурагтай. Тэд нь ч “эсгий хийх газар нохой хэрэггүй”-гээ мэдээд арилж өгсөн гэсэн. Энэ бол аль аль нь сайхан жишиг тогтоож өглөө. Одоо “ажлаа хий”, ганц Оюун-Эрдэнэ биш яам, агентлаг, төрийн бүх албан хаагчидад хамгийн их хамаатай асуудал.