Үндэсний үйлдвэрлэл үнэтэй ч үр дүн ихтэй байх болов уу?
2014/06/07
Манай улсын ихэнх бараа бүтээгдэхүүн импортын бараа байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн хувьд тийм ч таатай бус байгаа юм. Ам.долларын ханш өслөө гэхэд өнөөх импортын бараа бүтээгдэхүүний үнэ ханш орж ирэхдээ л хэд хэд нугалсан үнэтэй байх болоод байгаа бөгөөд иргэдийн худалдан авах чадамж буурч байна. Угтаа бол бид импортын барааны тоо бууруулж зарим зүйлсийг өөрсдөө хийж бүтээх боломж бололцоотой билээ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл дутуу байгаа.
Үйлдвэртэй болсоноор дотооддоо бараа бүтээгдэхүүнээ боловсруулах боломжтой болох ба дотоодынхоо хэрэгцээг хангаж хэмнэлт бий болно. Эдийн засгийн хувьд ашигтай байх бөгөөд сайн ажилласанаар бараа бүтээгдэхүүнээ экспортлож дэлхийн зах зээлд томоохон өрсөлдөгч болох боломжтой билээ.
Гэхдээ зарим хүмүүсийн яриагаар дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг нь эдийн засаг ашигтай бус хэмээнэ. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зардал их орох тул худалдаан гаргахад бүр ч илүү үнэтэй байгаа гэнэ. Тодруулбал: хилийн цаана үйлдвэрлээд хэдэн хоног, сараар тээвэрлэж авчирсан бараа, бүтээгдэхүүнд үүнийх нь зардал, лангууны түрээс, худалдагчийн цалин гээд олон өртөг шингэж байгаа хэр нь дотоодод үйлдвэрлэсэн бараанаас хямд байгаад байдаг?
Тэгэхээр дотоодын том, дунд, жижиг үйлдвэрлэгчдийн маань бараа, бүтээдэхүүний өртөг, зардал түүнээс ч өндөр байгаа хэрэг. Монгол Улс чөлөөт зах зээлийн тогтолцоонд орсноос хойш л өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэл гэж хангалттай их ярьсан ч нэр нь л жижгээс том руу шилжсэнээс нэг их зүйл өөрчлөгдөөгүй. Гэхдээ үйлдвэрлэл бий болох нь нэг талаараа ашигтай билээ. Өнөөдөр ажилгүй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа.
Тиймээс үйлдвэрлэл бий болсоноор ажлын байр бий болох ба тэдгээр ажилгүй иргэдийн тоо буурах хандлагатай байгаа юм. Үүнээс гадна Европын холбоо Монголын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 3.8 сая еврогийн санхүүжилт бүхий таван жилийн хугацаатай төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд ирэх есдүгээр сараас Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн бодлогын санаачлагыг хэрэгжүүлэх гэж байгаагаа мэдээллээ. Энэ хүрээнд эхний шатанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийг нэмэгдүүлж, хөдөө орон нутагт төвлөрч ажиллах бол хоёр дахь шатанд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд хамтарч ажиллах юм байна.
Мөн Хөдөлмөрийн яамтай хамтран лизингийн үйлчилгээнд олон улсын туршлага нэвтрүүлж, ил тод байдлыг хангаж ажиллана гэж мэдээллээ. Харин санхүүжилт авах хүсэлтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн материалыг зургадугаар сарын 23-ныг хүртэл хүлээн авах аж. Нэг төсөлд олгох санхүүжилт нь ойролцоогоор 260-290 мянган еврогийн хооронд хэлбэлзэнэ гэж тус банк мэдээлсэн. Түүнчлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Татварын ерөнхий газар, МҮХАҮТ, Монголын банкны холбоо зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн зөвлөх багийг томилж ажиллуулах юм байна.
Энэ мэтчилэн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллах нь улсын эдийн засаг болоод хөгжилд ихээхэн ач холбогдол үзүүлнэ. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэлийн юмс үнэтэй ч үр дүн нь их байх болно. Дотоодынхоо хэрэгцээ хангахын зэрэгцээ эдийн засагт хэмнэлт бий болох ба чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн байх юм. Хятадын муудсан, хуучирсан хортой бараа бүтээгдэхүүн олноор нь имдортлохоос татгалзаж эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжин эрүүл хүн, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх боломж бидэнд бий. Хамгийн гол нь хөдөлмөрлөх хэрэгтэй. Урдаас бэлэн бараа авхаар хүлээж суух өөрсдөө хийх хоёр хоорондоо маш том ялгаатай.