"Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн эсрэг вакцин тарихын оронд сүрьеэгийнхийг хийсэн байна"
2023/01/06
Эрүүлийн мэндийн сайд С.Чинзориг Сүхбаатар аймагт андуурч хийсэн вакцины талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр орой 20:00 цагийн үед яаман дээр ирж ажлаа хүлээж аваад ажиллаж байна. Та бүхэнтэй уулзаж цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгье гэж бодлоо.
Эрүүл мэндийн сайдаар томилогдоод анхныхаа мэдээг таатай биш байдлаар хүргэж байгаадаа уучлал хүсэж байна. Нэгдүгээр сарын 5-н буюу өчигдрийн 13:00 цагийн байдлаар ЭМЯ-нд Сүхбаатар аймагт нохойд хазуулсан нэр бүхий есөн иргэнд галзуугийн эсрэг вакцин хийх гэж байгаад андуурсан уу, ажилдаа хариуцлагагүй хандсан уу сүрьеэгийн вакцин хийсэн байна. Улмаар иргэдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлэхүйц явдал болсонд харамсаж, ард түмнээсээ уучлал хүсэж байна.
Энэ явдал 2022 оны арванхоёрдугаар сарын 5-наас эхтэй юм байна гэсэн мэдээлэл цуглуулсан. Тухайн арванхоёрдугаар сарын 5-26-ны хооронд Сүхбаатар аймгийн нэр бүхий есөн иргэн нохойд хазуулсан үйл явдал болсон юм байна. Нохойд хазуулсан иргэнд галзуугийн эсрэг вакцин хийдэг эрүүл мэндийн зааварчилгаатай. Ингэхдээ гурван удаа вакцин хийдэг. Үүний дагуу холбогдох иргэдэд галзуугийн эсрэг вакцин хийх байсан ч сүрьеэгийн вакцин хийж, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна.
Нохойд хазуулсан иргэнд галзуугийн шинж тэмдэг илрэх үгүй нь хугацаатай. Энэ нь 90 хоног байдаг. Эхний иргэн нохойд хазуулснаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн. Бусад иргэний хувьд сар хүрэхгүй хугацаатай байна. Хүүхдэд бага наснаас нь сүрьеэгийн вакцин нэг удаа хийдэг. Хийхдээ 0.1 мл гэсэн хэмжээгээр тарьдаг.
Нохойд хазуулсан гурван иргэнд сүрьеэгийн вакцины гурван удаагийн тун хийсэн байна. Нэг иргэнд сүрьеэгийн вакцин хийх хэмжээг 30 дахин, дөрвөн хүнд хоёр удаа хийсэн нь тогтоогдсон. Энэ дөрвөн иргэнд иргэн хүнд хийгдэх ёстой сүрьеэгийн вакцины хэмжээг 20 дахин өсгөж хийсэн байгаа юм. Хоёр хүнд сүрьеэгийн нэг удаагийн вакцин хийсэн.
Эдгээр хүмүүс нэг нохойд хазуулаагүй. Цаг хугацааны хувьд ч өөр. Долоон нохойд хазуулсан. Тэгэхээр сүрьеэгийн вакциныг андуурч хийсэн гэж үзэхэд эрсдэлтэй" гэдгийг хэллээ.
"Ноцтой алдаа гаргасан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх хүсэлт хүргүүлсэн"
Харин уг асуудлаар ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар "ЭМЯ-наас мэргэжлийн баг Сүхбаатар аймагт ажиллахаар өнөө өглөө гарсан. Тухайн баг хоёр чиг үүрэгтэй ажиллана. Нохойд хазуулсны улмаас галзуугийн эсрэг вакцин хийлгэх ёстой байсан ч сүрьеэгийн вакцин хийлгэсэн иргэдийн сөрөг нөлөөг тогтоох, ямар вакциныг ямар газраас хүлээж авсан талаарх тэмдэглэл үүссэн үү гэдгийг мөн тогтоох хэрэгтэй байна.
Аливаа төрлийн тариаг хийхдээ ийм төрлийн тариаг хийх гэж байна, хугацаа нь тэдэнд дуусна гэж харуулдаг дүрэмтэй. Энэ дүрэм зөрчигдсөн үү гэдгийг тогтооно. Ийм байдал үүссэн нь албан тушаалдаа хариуцлагагүй хандсантай холбоотой юу гэдгийг шалгаж, дүгнэлт гаргана. Шаардлагатай бол тухайн есөн иргэнд оношилгоо, шинжилгээний яаралтай тусламж үзүүлнэ.
Сүхбаатар аймгийн Засаг даргатай утсаар холбогдож холбогдох хүмүүст хариуцлага тооцох чиглэл өгсөн. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг сайдтай зөвшилцөж, Засаг дарга томилдог. Сүхбаатар аймгийн хувьд Нэгдсэн эмнэлэг гэсэн статустай эмнэлэгтэй. Нэгдсэн эмнэлгийн даргыг аймгийн Засаг дарга томилдог. Тийм учраас тухайн аймгийн Засаг даргын томилдог хоёр удирдах албан тушаалтан иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах мэргэжлийн алдаа гаргасан учир ажлаас нь яаралтай чөлөөлөх бичиг хүргүүлж байгаа.
Мэргэжлийн ноцтой алдаа гаргасан албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэх талаарх албан бичгийг Эрүүгийн цагдаагийн газарт уламжилсан" гэлээ.
Сүрьеэгийн вакцин тариулсан учраас сүрьеэ өвчнөөр өвчлөх магадлал маш өндөр
Харин эмчилгээний тухайд "Сүхбаатар аймагт ЭМЯ-ны баг ажиллаж байна. Нохойд хазуулсны улмаас галзуугийн шинж тэмдэг илэрч буй эсэх асуудал, 10-30 дахин нэмэгдүүлсэн тунгаар сүрьеэгийн вакцин хийсэн учраас иргэдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулах магадлал өндөр. Шаардлагатай бол тухайн иргэдийг Улаанбаатарт авчирч эмчилнэ.
Ийм хоёр төрлийн вакциныг андуурч хооронд нь хийсэн анхны тохиолдол учраас тухайн иргэдийг сүрьеэ өвчнөөр өвчлүүлэхгүйгээр Монголд бүрэн эмчлэх боломж байгаа юу үгүй гэдгийг хэлж чадахгүй байна гэсэн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Гэхдээ ХСҮТ-д энэ төрлийн вакцины хүчийг сааруулах, сүрьеэгээр өвчлүүлэхгүй байх талаар авах эм, тарианы нөөц хангалттай байгаа гэдгийг ХСҮТ-ийн удирдлага өгч байна.
Монголдоо эмчилж чадахгүй бол зардлыг нь Засгийн газрын нөөцөөс шийдүүлж, гадаад оронд эмчлүүлэхээс өөр аргагүй.
Нохойд хазуулсны улмаас галзуугийн эсрэг вакцин хийх байтал сүрьеэгийн вакцин хийсэн учраас сүрьеэ өвчнөөр өвчлөх магадлал маш өндөр байна. Нөгөө талдаа нохойд хазуулсны эсрэг галзуугийн вакцин хийгдээгүй учраас энэ төрлийн өвчлөл гараад ирэх вий гэсэн магадлал байгаа. Хамгийн богинодоо 2 сар, дээд талдаа 2.5 сарын хугацаанд хариу гарна.
Есөн иргэн, иргэдийн ар гэр ард түмнээсээ сайдын хувьд гүнээ уучлал хүсэж байна" гэв.